Хамуу
Хамууны хачгаар үүсгэгддэг, хос хосоор байрлах гүвдрүүт тууралт хэлбэрээр илрэх арьсны халдварт өвчнийг хамуу гэнэ. Хамууны хачиг нь 0.3 мм хэмжээтэй, 8 хөлтэй, нэг сарын настай маш жижиг шавж юм. Харин хүний биеэс гадуур 2-3 хоног л амьдардаг. Хүний арьсанд нүхэн зам гаргаж тэндээ өндөглөдөг бөгөөд маш хурдан үржих чадвартай. Халдварласан хэсгийн арьс шөнө, оройн цагаар маш хүчтэй загатнадаг.
Шалтгаан
Хүүхдийн цэцэрлэг, шоронд хамуу ихээр халдварладаг. Мөн халдвартай хүн хүнтэй ор хөнжлийн даавуугаа хамт хэрэглэх, хувцсаа солих, байнга биед нь хүрэх зэрэгт халдвар дамждаг учраас гэр бүлийн нэг гишүүн хамуутсан бол бүгд эмчилгээ хийлгэх шаардлага гарна. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчид, дархлааны систем муудсан хүмүүс хамуу тусдаг. Ховор тохиолдолд амьтнаас хүнд халдана.
Шинж тэмдэг
- Маш их загатнах
- Шөнөдөө илүү хүчтэй загатнах
Мөн нугалардаг хэсгүүдээр гүвдрүүт тууралт үүсдэг. Биеийн аль ч хэсэгт хамуугийн загатнах шинж тэмдэг ажиглагдаж болох ба ихэвчлэн насанд хүрэгчид болон өсвөр насны хүүхдүүд энэ өвчнийг тусдаг.
Гүвдрүү үүсч болох газрууд:
- Хурууны завсар
- Суганы дотор талд
- Бэлхүүсээр
- Бугуйн дотор талд
- Тохойн дотор талын арьсан дээр
- Хөлийн уланд
- Хөхний эргэн тойронд
- Эр бэлэг эрхтний эргэн тойронд
- Өгзгөн дээр
- Өвдөг дээр
- Мөрөн дээр
Нярай болон бага насны хүүхдийн:
- Хуйх
- Нүүр
- Хүзүү
- Гарын алга
- Хөлийн ул зэргээр гүвдрүү гарч болно.
Хэрэв өмнө нь хамуугийн халдвар авч байсан бол дахин халдвар авснаас хэд хоногийн дараа шинж тэмдгүүд ажиглагдана. Харин анх удаа хамуугийн халдвар авсан бол 6 долоо хоногийн дараагаас шинж тэмдгүүд илэрнэ.
Хүндрэл
Арьсаа хүчтэй маажих нь арьсанд халдвар тархах, идээт тууралт үүсгэх талтай.
Хамууны хачиг нь янз бүрийн өвчний тээвэрлэгч байж болзошгүй тул халдвартай хүнээс өөр өвчний эмгэг төрүүлэгч дамжуулах эрсдэлтэй.
Өөрөө арилах боломжгүй учраас заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эс бөгөөс хэдэн сар, жилээр үргэлжилдэг.
Урьдчилан сэргийлэлт
Дахин хамууны хачгаар халдварлахгүйн тулд хувийн эд зүйлсээ ариутгаарай.
- Ор хөнжлийн даавуу болон хувцсаа халуун усанд угааж, индүүдэх
- Хэрэв угаах боломжгүй хувийн эд зүйл байгаа бол вакуум уутанд хийж 2 долоо хоног онгойлгохгүй байхад хамуу устдаг.
Зөвлөгөө
Эмчилгээний дараа загатнасан хэвээр байгаа бол дараах арга хэмжээг аваарай.
- Хүйтэн усанд даавуун алчуур норгож үрэвссэн хэсгүүдэд жин тавих
- Өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй тос түрхэх
Оношилгоо
Хамууг тодорхойлохын тулд эмч арьсан доор хачигны өндөг байгаа эсэхийг шинжилж, микроскопоор үзлэг хийнэ.
Эмчилгээ
Мэргэжлийн эмчийн зааврын дагуу тосон түрхлэгийг хүзүүнээс хөлийн ул хүртэл бүх хэсэгт түрхэнэ. 8 цагийн турш эмийг арчилгүй бие дээр байлгах ёстой.
Хамууны эмчилгээг гэр бүлийн бүх гишүүдэд болон ор хөнжлийн давуу, хувцсаа сольж өмсдөг ойр дотнын бусад хүнд ч хийх шаардлагатай.
Эмчилгээний тосон түрхлэг нь хамууг бүрэн устгах боловч хэдэн долоо хоногийн хугацаанд загатнасан хэвээр байх болно.