Элэгний хатуурал
Элэгний хатуурал буюу цирроз нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг хэлнэ. Ихэнх тохиолдолд архины хэт хэрэглээ олон жил үргэлжилсэн болон үрэвслийн нөлөөгөөр элэгний хатуурал буюу цирроз үүсдэг.
Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй боловч эрт оношилж чадвал амь насанд аюул учруулахаас нь сэргийлж чадна. Харин хүндэрсэн элэгний хатуурал нь амь насанд хүрэх аюултай.
Шалтгаан
Дараах шалтгаануудаас элэгний хатуурал үүссэн байх боломжтой.
- Алкоголь их хэмжээгээр удаан хугацаанд хэрэглэх
- Элэгний В, С вирусийн халдвар авах
- Элэг өөхлөлт
Мөн бусад шалтгаанаас элэгний хатуурал үүссэн байж болно. Үүнд:
- Биед агуулагдах төмрийн хэмжээ ихсэх
- Уйланхай маягийн фиброз
- Элгэнд зэс хуримтлагдах
- Биеийн дархлааны системээс үүссэн элэгний өвчин
- Зарим хүчтэй эм тариа их хэрэглэснээс үүсэн байх магадлалтай.
Шинж тэмдэг
Элэгний хатуурал нь ихэвчлэн элэг маш их хэмжээгээр гэмтэж сорвижих болтол шинж тэмдэг илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл дараах шинж тэмдэг ажиглагдана. Үүнд:
- Ядарч сульдах
- Хүрэх төдийд хөхрөх
- Амархан цус гарах
- Арьс загатнах
- Арьс болон нүдний цагаан шарлах
- Гарын алга улаан болох
- Хоолны дуршилгүй болох
- Толгой эргэх
- Хөл хавагнах
- Жин хасах
- Хэл ам дальдрах
- Хөл гарын судас томрох
- Эрэгтэй хүний хөх томрох
- Төмсөг хатаж, жижигрэх
Оношилгоо
Элэгний хатуурлын эхний үе шатуудад шинж тэмдэг илэрдэггүй тул хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгээр элэгний хатууралтай болсноо мэддэг.
- Цусны шинжилгээ, биохими (элэгний үйл ажиллагаа)
- Биопси буюу элэгний эдийн шинжилгээ
- Хэт авиан шинжилгээ
- Вирусийн маркер
- Вирусийн идэвхжилт
Эмчилгээ
Элэг нь хэр хэмжээний гэмтэлтэй байгаагаас шалтгаалан эмчилгээ нь өөр өөр байна. Эмчилгээний гол зорилго нь сорвижих явцыг удаашруулах эсвэл урьдчилан сэргийлэх болон бусад шинж тэмдгүүдийг зогсоох, хүндрэл үүсэхээс сэргийлэхэд оршино.
Эхэн үедээ оношлогдсон элэгний хатуурлын үед өвчин үүсэхэд хүргэсэн хүчин зүйлээс татгалзсанаар элгийг нэмж гэмтэхээс сэргийлэх боломжтой.
- Архины гаралтай элэгний хатуурал бол архинаас гарах
- Элэгний вирусээс үүдсэн бол эмэн эмчилгээ хийх
- Бусад шалтгаанаар үүссэн бол сорвижилт нэмэгдэхийг зогсоох, шалтгаануудыг нь таслан зогсоох эмчилгээ хийнэ.
Харин элэгний хатуурлын дараах хүндрэлүүдийн үед,
- Элгэн доторх венийн судсанд жижиг гуурс байрлуулж цусны даралтыг багасгаснаар хаван буурна.
- Ходоодны дуран буюу эндоскопоор томорсон судсыг олж илрүүлэн ихэвчлэн эмэн эмчилгээ хийнэ. Хэрэв хагарах магадлалтай бол мэс ажилбар хийж цус алдалтаас сэргийлнэ.
- Халдвар авах магадлалтай бол ханиад томууны вакцин хийлгэж болно.
- Элэгний хорт хавдар тусах магадлал өндөр бол эмчийн хяналтанд тогтмол байж, 6 сард 1 удаа шинжилгээнд хамрагдах ёстой
- Цусан дахь хорыг цэвэршүүлэх зорилгоор эмэн эмчилгээ хийж болно
Хэрэв элэгний цирроз хүндэрч элэгний үйл ажиллагаа зогсоход хүрсэн бол элэг шилжүүлэн суулгах нь цор ганц эмчилгээ болдог. Шарлалт явагдсан, их хэмжээгээр хавагнасан, цус алдсан, цусан дахь хорыг цэвэршүүлэх чадваргүй болсон, бөөрний үйл ажиллагаа муудсан, элэгний хорт хавдраар өвчилсөн бол элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж үзнэ.
Урьдчилан сэргийлэлт
Амьдралын хэв маягаа өөрчилснөөр элэгний хатуурлаас үүдэх хүндрэлүүдээс сэргийлж болох бөгөөд шинээр суулгасан элгийг дахин гэмтэхээс хамгаална.
- Алкоголь уухгүй байх
- Хоолны дэглэмээ өөрчлөх – Давсыг бага хэмжээгээр хэрэглэж занших хэрэгтэй.
- Элгийг гэмтээдэг эмийг бага хэрэглэх
- Тамхинаас гарах
- Эмчийн заавраар л биш бол төмрийн бэлдмэл хэрэглэхгүй байх
- Амны ариун цэврийг сахих зэрэгт анхаарах нь зүйтэй.
Хүндрэл
Цусны даралт ихсэх – Элэгний хатуурал нь элгээр дамжих цусан хангамжийг бууруулдаг тул элгэнд цус шахдаг судас боогдож цусны даралт ихсэх аюултай.
Хөл болон хэвлий хэсгээр хавагнах – Цусны даралт ихсэх нь хөл болон хэвлийн хэсгүүдэд шингэн хуралдахад хүргэж хавагнуулна.
Цус алдах – Элгэнд цус шахдаг судас боогдсоноос жижиг судсаар их хэмжээний цус гүйж эхэлнэ. Үүнээс үүдэн судас хагарах аюултай. Олон тооны жижиг судсууд хагарснаар амь насанд аюултай байдал үүсдэг байна.
Халдварууд – Хэрэв элэгний циррозоор өвчилсөн бол биеийн дархлаа суларч халдваруудтай тэмцэх чадвар буурсан байдаг.
Тэжээлийн дутагдалд орох – Элэгний цирроз нь шим тэжээлийг бий болгох чадварыг бууруулдаг тул жин хасаж, сульдах байдал үзэгдэнэ.
Тархийг хордуулах – Хатуурсан элэг нь эрүүл элэг шиг цусыг цэвэршүүлж чаддаггүй. Тиймээс цэвэршээгүй хортой цус тархинд очиж анхаарал төвлөрөхгүй байх, сэтгэцийн эрүүл бус байдалд хүргэх аюултай. Толгой эргэх, ядрах, хариу үйлдэл үзүүлэхээ болих, сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Шарлалт – Цусан дахь билирубиныг цэвэршүүлэх үүрэгтэй элэг нь үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс шарлалт үүсдэг. Арьс болон нүдний цагаан шарлаж, шээс бараан өнгөтэй болох шинж тэмдгүүд ажиглагдана.
Ясны өвчин – Элэгний хатуурал нь ясыг хүчгүй болгож ойр ойрхон хугарч, цуурахад хүргэнэ.
Элэгний хорт хавдар – Элэгний хорт хавдар туссан хүмүүсийн ихээхэн хувь нь элэгний хатууралтай байдаг.
Улаан хоолойн цус алдалт – Элгэн доторх венийн судсаар урсах цусны урсгалд саад үүссэнээс болж улаан хоолойн венийн судас өргөсч, зарим тохиолдолд цүлхэн үүсдэг. Энэ нь аажимдаа хүндэрч судас хагарч цус алдалт үүсгэх ба үхэлд хүргэж болзошгүй.