Гахайн хавдар
Шүлс ялгаруулагч гурван хос булчирхайн нэг болох чихний ойролцоох булчирхай нь вирусийн халдварын улмаас үрэвсэж томрохыг гахайн хавдар өвчин гэдэг. Өвөл, хаврын улиралд илүү дэлгэрдэг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд өвдөнө. Цөөн тохиолдолд гахайн хавдраар өвчлөөгүй насанд хүрсэн хүн өвддөг. Өвдсөний дараа насан туршийн дархлаа тогтдог тул дахин өвчлөхгүй.
Энэ өвчнөөр хүний өрөөсөн чих буюу хоёр чихний ойролцоох гүрээний булчирхай хавддаг.
Шалтгаан
Гахайн хавдрын вирус нь агаар дуслын замаар буюу халдвартай хүн найтаах, ханиалгах үед бусдад дамждаг. Мөн халдвартай хүнтэй аяга тавгаа солих, өвчтэй хүний нус цэр шүлс хүрч бохирлогдсон эд зүйлийг хэрэглэх зэргээр халдварладаг байна.
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш нууц хугацаа нь 10-21 хоног үргэлжлэх бөгөөд цонх үе дууссаны дараа доорх зовиур илэрнэ.
- Нүүрний доод хэсгээр хавдах (нэг талдаа эсвэл хоёр талд хавдах)
- Халуурах
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Ядарч сульдах
- Хоолны дуршил буурах
- Зажилж, залгихад өвдөлт мэдрэгдэх.
Хүндрэл
Гахайн хавдар өвчний вирус нь цусаар дамжиж бусад эрхтнүүдийг үрэвсүүлдэг. Эцсийн хүндрэл нь үргүйдэлд хүргэх аюултай. Тиймээс бүрэн эмчлэх нь чухал юм. Тухайлбал,
- Бага насандаа гахайн хавдраар өвчилж байсан хөвгүүд насанд хүрэх үед төмсөгний нэг тал эсвэл хоёр тал нь үрэвсэж хавдан улмаар үргүй болгох магадлалтай.
- Нойр булчирхайн үрэвсэл үүсгэнэ.
- Бага насандаа гахайн хавдраар өвчилсөн охин хүүхэд насанд хүрмэгц хөх болон өндгөвч үрэвсэж үргүй болох магадлалтай.
- Менингит – Цусаар дамжин төв мэдрэлийн эрхтэн тогтолцоонд вирус халдварлан менингит болж хүндэрдэг
- Сонсголгүй болох – Ховор тохиолдолд нэг чихний эсвэл хоёр чихний сонсох чадвар алдагдана.
- Зулбах – Жирэмсэн үед гахайн хавдраар өвчилбөл зулбах эрсдэлтэй.
Зөвлөгөө
Гахайн хавдар туссан бол дараах арга хэмжээ авна.
- Халуун бууртал орондоо хэвтэж амрах
- Бусдад халдварлахаас сэргийлэх. Гахайн хавдар туссан хүний аяга тавгаар хооллохгүй байх, эрүүл хүнтэй ойртохгүй байх (өвчтэй хүнийг 11-21 хоног тусгаарлах)
- Өвчин намдаах эмийг эмчийн заавраар хэрэглэж болно.
- Үрэвсэж хавдсан шүлсний булчирхай дээр бүлээн эсвэл хүйтэн жин тавих
- Амыг фурациллин, тамидин 0,7% уусмалаар зайлах
- Хэрэв төмсөг хавдсан бол хүйтэн жин тавих
- Зажилж иддэг хоол аль болох идэхгүй байх. Шим тэжээллэг зутан шөл уух.
- Гашуун зүйл идэхгүй байх. Жимсний шүүс, нимбэг, жүрж зэрэг шүлс ихээр ялгаруулдаг хүнс хэрэглэхгүй байх
- Шингэн зүйл их хэмжээгээр уух. Өдөрт 6-8 аяга шингэн зүйл уух
- Хориглох хоол: өөх тос ихтэй, хуурсан шарсан хурц хоол, шоколад, өнгөтэй ундаа, халуун ногоо г.м
- Өрөөг тогтмол, агааржуулж, чийгшүүлэх
Урьдчилан сэргийлэлт
Гахайн хавдрын эсрэг товлолт вакцин хийлгэж байсан болон урьд нь гахайн хавдраар өвчилж байсан хүмүүст өвчний эсрэг дархлаа тогтдог.
Гахайн хавдар, улаан бурхан, улаанууд өвчний эсрэг хавсарсан вакциныг хүүхдэд 2 үе шаттайгаар нэгдсэн журмаар хийдэг бөгөөд эхний вакциныг 9 сартайд, дараагийн вакциныг 2 настайд нь хийдэг.
Харин жирэмсэн эсвэл ойрын нэг сарын хугацаанд жирэмсэн болохоор төлөвлөж байгаа, антибиотикийн харшилтай, дархлааны өвчтэй хүмүүст вакцин хийхийг хориглодог.
Вакцин хийлгэхээс гадна хувийн ариун цэврээ сахиж, халдвар дамжих замуудаас өөрийгөө болон бага насны хүүхдээ хамгаалах хэрэгтэй юм.