Зүрхний титэм судасны өвчин
Зүрхийг цусаар хангаж байх үүрэгтэй артерийн судсыг титэм судас гэнэ. Зүрхний титэм судас хатуурч, нарийсч, улмаар зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдахыг зүрхний титэм судасны өвчин гэнэ.
Артерийн судсанд холестролын агууламжтай зүйл буюу өөх тосны тунадас хурж, үрэвсэл үүсгэснээр титэм судасны өвчин болно. Энэ холестролын агууламжтай эд нь бөөгнөрч титэм судас нарийсахад хүргэх бөгөөд, улмаар цусны эргэлтийг удаашруулж цээжээр өвдөх, амьсгал давхцах гэх зэрэг бусад шинж тэмдгийг бий болгох аюултай. Хэрэв титэм судас бүр мөсөн хаагдвал зүрхний шигдээс болно.
Титэм судасны нарийсал нь олон арван жилийн турш явагддаг учир бөглөрөл үүсч, зүрхний шигдээс болохоос нааш бараг мэдэгддэггүй. Гэвч өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт оруулснаар урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Шинж тэмдэг
Хэрэв зүрхний титэм судас нарийсвал, хүчил төрөгчийг хангалттай агуулсан цус зүрхэнд очиж чадахгүйд хүрдэг. Энэ үед дасгал хийхэд амьсгаадах, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд нарийсал даамжирснаар дараах шинж тэмдгүүд ажиглагдах болно. Үүнд:
- Цээжээр өвдөх – Цээж дарагдаж, хүнд юм дарж байгаа мэт сэтгэгдэл төрөх. Дасгал хөдөлгөөн хийснээр, эсвэл сэтгэл хөдлөл ихтэй үед энэ шинж тэмдэг ойр ойрхон ажиглагддаг. Өвдөлт эхэлснээс хэдэн минутын дараа зүгээр болох бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хүзүү, гар, нуруу хэсгээр хатгуулж өвдөх тохиолдол байдаг.
- Амьсгал давхцах – Хэрэв биеийн хэрэгцээнд шаардлагатай хэмжээний цусыг шахаж чадахгүй бол амьсгал давхацна.
- Зүрхний шигдээс – Титэм судасны цусан урсгал бүрэн хаагдахад зүрхний шигдээс болдог. Амьсгал давхцаж, гар, нуруугаар өвдөж, ихээр хөлрөх, цээжээр дарж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Эмэгтэйчүүдэд эрчүүдийг бодвол зүрхний шигдээсийн шинж тэмдэг бага илрэх бөгөөд заримдаа шинж тэмдэг огт илэрдэггүй.
Хүндрэл
- Зүрхний шигдээс
- Зүрхний дутагдал
- Зүрхний хэм алдагдах
Эмчилгээ
Зүрхний титэм судасны нарийсалд ихэвчлэн амьдралын хэв маягаа өөрчилж, эм уух байдлаар эмчилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг.
Эмэн эмчилгээ
- Холестролыг тэнцвэржүүлэх эм ууж цусан дахь холестролын хэмжээг багасгана
- Цусыг шингэрүүлэхийн тулд аспирин ууж артерийн судсанд бөглөрөл үүсэхээс сэргийлнэ
- Зүрхний хэмийг тэнцвэржүүлж, даралт бууруулах эм уух
- Нитроглицеринийг эм эсвэл цацлага хэлбэрээр хэрэглэж цээж дарж өвдөх өвдөлтийг багасгах эдгээр эмэн эмчилгээнүүдийг мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хянатанд доор хийхийг анхаарах!
Мэс засал эмчилгээ
- Титэм судасны хөндий доторх диаметр 75-аас дээш хувийн нарийсалтай үед судсан дотуурх мэс заслын аргаар нарийссан судсанд стенд тавих, нээлттэй мэс заслын аргаар гол судаснаас нарийссан судас давуулж залгаас хийх мэс засал хийдэг. 75-с доош хувийн нарийсалд эмийн эмчилгээг санал болгох зөвлөмжтэй.
- Артерийн судсыг тойруулах мэс засал – Нарийссан судсаар цусыг гүйлгэхгүйн тулд биеийн өөр хэсгээс авсан судсыг зүрхэнд суулгадаг. Ингэснээр цусны урсгал нарийссан судсаар урсахгүй, шинэ суулгасан судсаар урсана.
Урьдчилан сэргийлэх
Биеийн байдлаа хүндрүүлж гэнэтийн зүрхний шигдээсд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Үүний тулд:
- Тамхи татахгүй байх
- Эрүүл хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Жин хасах
- Стрессд орохгүй байх зэрэг арга хэмжээг авч болох юм. Мөн энэ өвчнөөр өвчлөөгүй ч эдгээр зүйлсийг тогтмол хийж сурвал урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.