Тархины цус харвалт
Тархины цусан хангамж их хэмжээгээр багасах эсвэл зогсох, түүнээс үүдэн тархинд очих хүчилтөрөгч болон шим тэжээлийн хэмжээ огцом буурахад цус харвалт үүснэ. Харвалт болсноос хэдхэн минутын дотор тархины эсүүд үхжиж эхэлдэг. Тархины цус харвалт нь маш аюултай тул харвалт өгсөн даруйд түргэн тусламж дуудах шаардлагатай.
Шалтгаан
Артерийн судасны бөглөрөх (ишеми), судас хагарах, судаснаас цус гоожих зэргээс тархинд цус харвалт үүсч болно.
- Ишемийн харвалт: Нийт цус харвасан хүмүүсийн 85% нь ишемийн харвалт өгсөн байдаг. Тархин дахь артерийн судас нарийсч эсвэл бөглөрөн тархины цусан хангамж дутагдахад ишемийн харвалт үүснэ.
- Тромбозын харвалт: Тархийг цусаар хангадаг артерийн судаснуудад бөглөрөл үүсэхийг тромбозын харвалт гэнэ. Бөглөрөл нь тослог эдээс бүрдсэн байдаг.
- Эмболын харвалт: Цусанд нөж үүсч цусны урсгалаар тархины нарийн артерийн судсуудад очиж тээглэн харвалт өгөхийг хэлдэг.
- Цус алдан харвалт өгөх: Тархин дахь судас цоорч цус алдсанаас харвалт өгдөг бөгөөд цус алдах гол шалтгаан нь судасны хана нимгэрэх, цусны даралт өндөр байх зэргээс үүдэлтэй байж болно.
Дараах тохиолдолд харвах магадлал өндөр байна.
- Илүүдэл жинтэй болон хэт таргалалттай байх
- Хөдөлгөөний дутагдалтай байх
- Архины зохисгүй хэрэглээ
- Кокаины агууламжтай эм тариа ихээр хэрэглэдэг байх
- Тамхи татдаг байх
- Цусны даралт байнга 120/80-аас өндөр байх
- Холестрины хэмжээ их байх
- Чихрийн шижинтэй байх
- Нойргүйдэх өвчтэй байх
- Зүрхний дутагдал, зүрхний хэмийн тогтворгүй байдал, зүрхний хавхлагын гажиг гэх зэргийн зүрхний өвчтэй байх
- Ишеми болон зүрхний шигдээс болж байсан бол
- 55-с дээш настай эрэгтэй хүн бол энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.
Шинж тэмдэг
Тархины цус харвалт явагдаж байгаа хүнд дараах шинж тэмдэг ажиглагдана.
- Ярих болон хүний ярьж байгааг ойлгоход бэрхшээлтэй байх – Толгой эргэж юу болж байгааг сайн ойлгохгүй байх, ярихад гацаж түгдрэх зэрэг ажиглагдана.
- Нүүр, гар, хөл бадайрч мэдээ алдах – Биеийн баруун эсвэл зүүн тал мэдээ алдаж, бадайрч болно. Хоёр гараа зэрэг өргөхөд нэг гар хүчгүй болон унаж байвал харвалт өгч байгаагийн шинж тэмдэг гэж үздэг. Эсвэл инээмсэглэхэд уруулын нэг тал унжина.
- Харахад бэрхшээлтэй болох – Нэг нүд эсвэл хоёр нүд хоёулаа жирэлзэх, харанхуйлах эсвэл давхар харах шинж тэмдэг ажиглагдана.
- Толгой өвдөх – Гэнэт хүчтэй толгой өвдөж, бөөлжиж, толгой эргэж, ухаан алдана.
- Алхаж чадахгүй байх – Гэнэт толгой эргэж хөлөө олж чадахгүй байж болно.
Хэзээ эмчид хандах вэ?
Дээрх шинж тэмдгүүд ажиглагдсан даруйд түргэн тусламж дуудах хэрэгтэй. Шинж тэмдгүүд ажиглагдахаа больсон ч түргэн дуудах нь хамгийн зөв алхам юм.
Хэрэв таны хажууд хэн нэгэнд цус харвалт ажиглагдвал яах вэ?
- Нүүр – Тухайн хүнийг инээмсэглүүл. Уруулын нэг тал нь унжиж байгаа эсэхийг шалгаарай.
- Гар – Хоёр гарыг нь зэрэг өргүүлж нэг гар нь өргөгдөхгүй, эсвэл өргөсөн боловч удалгүй хүчгүй болон унаж байгаа эсэхийг шалгаарай.
- Яриа – Энгийн асуулт асууж зөв хариулж байгаа эсэхийг, ярих үедээ хэлээ хазах, удаан хариулах, хэлж байгаа үг нь ойлгогдохгүй байгаа эсэхийг шалгаж үзээрэй.
Цус харвалт удах тусам тархийг үхжүүлэх аюултай учир цаг алдалгүй түргэн тусламж дуудаарай.
Хүндрэл
Тархины аль хэсэгт харвалт өгснөөс шалтгаан гарч болох хүндрэлүүд өөр өөр байна. Үүнд:
Булчингийн хөдөлгөөн хязгаарлагдах – Биеийн нэг хэсэг мэдээ алдах эсвэл зарим хэсгийн булчин сулрах зэрэг ажиглагдана. Физик эмчилгээ болон дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвийн байдлаа сэргээх хэрэгтэй.
Ярьж, залгихад хүндрэлтэй байх – Ам, хоолойн булчин суларч ярих үед ойлгогдохгүй байх, хоол идэж залгихад төвөгтэй байх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болно. Мөн хүний яриаг ойлгох нь удааширч, ярих бичихэд хүндрэлтэй болох.
Ой санамж алдагдах, сэтгэн бодох чадвар муудах – Тархинд цус харвасан хүмүүсийн ой санамж алдагдаж зарим зүйлийг огт санахгүй байх, зарим зүйлийг мартаж санах зэрэг ажиглагддаг. Мөн сэтгэн бодох, нөхцөл байдалд эрүүлээр дүн шинжилгээ хийхэд төвөгтэй байна.
Сэтгэл хөдлөлийн асуудлууд – Сэтгэл санаагаар унадаг болно.
Өвдөлт – Тархины цус харвалт нөлөөлсөн хэсгүүдэд бадайрч, өвдөлт өгч болно. Мөн температурын өөрчлөлтөөс хамаарч өвдөлт мэдрэх тохиолдол байдаг.
Урьдчилан сэргийлэлт
Эрүүл амьдралын хэв маягтай байх нь харвалт өгөхөөс сэргийлнэ. Үүний тулд:
- Цусны даралтыг тогтворжуулах
- Өөх тостой хоол хүнс бага хэрэглэх
- Тамхинаас гарах
- Чихрийн шижинтэй бол хяналтад байх
- Биеийн жинг зохистой түвшинд барих
- Ногоо, жимс тогтмол идэх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Алкоголийн зохистой хэрэглээ
- Нойргүйдэх өвчтэй бол нойргүйдлийг эмчлэх
- Хүчтэй эм тариа бага хэрэглэх зэрэг орно.
Зөвлөгөө
Цус харвалтын дараах өөрийн зүгээс авах арга хэмжээ
Цус харвалт нь сэтгэл зүй болон бие махбодын хувьд том өөрчлөлт үзүүлдэг. Сэтгэл санаагаар унаж, ганцаардмал сэтгэгдэл төрөх боловч өөрийн хичээл зүтгэл, оролдлогоор та энэ гутралаас ангижирч болно. Үүний тулд:
- Өөрийгөө хүлээн зөвшөөр – Эдгэрэхэд цаг хугацаа шаардлагатай тул сэтгэл зүйн бэлтгэл хийх хэрэгтэй.
- Хэцүү байсан ч гадагш гарч алх – Алхаж чадаж байгаа бол таяг тулаад ч хамаагүй гэрээсээ гарч салхилаарай.
- Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх – Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, хөгжилтэй байхыг хичээгээрэй.
Харилцааны хүндрэлүүдийг даван туулах нь
Цус харвалтын дараа бусадтай харилцахад төвөгтэй санагдах тул дараах байдлаар дасгал хийж хэвийн харилцаагаа сэргээгээрэй.
- Хүнтэй ярилцах – чадахгүй байсан ч удаан хугацаагаар хүнтэй ярилцаж дасгал хийгээрэй.
- Тайван байх – Харилцагч хүнээ хүлээлгэж байна гэж яаралгүй тайван, үгээ бодож байгаад ярилцах хэрэгтэй.
- Дохио зангаа хэрэглэх – Харвалтын дараа зарим үгсийг мартах нь элбэг тул дохио зангаа ашиглан хүнд ойлгуулах гэсэн санаагаа дамжуулж болно.
- Өдөр бүр дасгал хийх – Орой унтахаасаа өмнө, эсвэл завтай үедээ 5-10 минутын турш үг өгүүлбэр бичиж дасгал хийх нь эерэг нөлөө үзүүлнэ.
Эмчилгээ
Эмэн эмчилгээ: Цусанд нөж үүсгэхгүй байх зорилгоор цус шингэлэх эм уулгана.
Яаралтай мэс ажилбарууд: Тархинд гуурс залгаж бөөгнөрлийг арилгах шингэн шахах, механик аргаар бөөгнөрлийг олж гаргаж авах, хэрэв гүрээний судсанд бөөгнөрөл үүссэн бол хагалгааны аргаар бөөгнөрлийг авах, судсанд тэлэгч суулгах зэрэг мэс ажилбаруудыг хийж болно.