Умайн гадуурх жирэмслэлт
Жирэмслэлт гэдэг нь өндгөвчөөс эм бэлгийн эс гадагшилж, үрийн сувгаар дамжин эр бэлгийн эстэй нийлж үр тогтохыг хэлдэг. Үр тогтсон эс умайд орж аль нэг хананд бэхлэгддэг. Харин үрэвсэл болон бусад шалтгааны улмаас үрийн хоолой нарийсаж бөглөрсний улмаас үр тогтсон эс хэвлийн өөр хэсэгт үр хөврөлөө үргэлжлүүлэхийг умайн гадуурх жирэмслэлт гэдэг. Умайн гадуурх жирэмслэлт нь их хэмжээний цус алдалт үүсгэх, амь насыг эрсдэлд оруулах аюултай тул яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
Умайн гадуурх жирэмслэлтийн нийт тохиолдлын 90%-д үр тогтсон эс үр дамжуулах хоолой дотор бэхлэгдсэнээс үүсдэг. Түүнчлэн 1000 жирэмслэлт тутмын 20 нь умайн гадуурх жирэмслэлт байдгийг судалгаагаар тогтоосон байна.
Шалтгаан
Дараах тохиолдолд умайн гадуур жирэмслэх магадлал өндөр. Үүнд:
- Өмнө нь умайн гадуур жирэмсэлж байсан бол;
- Умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй бол;
- Бэлгийн замын халдварт өвчин туссан, эмчлээгүй бол;
- Эмийн гаж нөлөөгөөр;
- Төрөлхийн умайн гуурсан хоолойн гажигтай бол;
- Тамхи татдаг бол;
- 35-аас дээш настай байх;
- Зарим жирэмслэлтээс хамгаалах эм уусан ч үйлчлээгүй бол;
- Өндгөвч, давсаг, мухар олгойн мэс засал, умайд хийсэн мэс ажилбарын нөлөөгөөр эд эсэд наалданги үүссэн бол;
Шинж тэмдэг
Жирэмсний эхэн үед онцлог шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс хэвийн жирэмслэлттэй адил сарын тэмдэг ирэхгүй болох, хөх хөндүүр болох толгой эргэх зэрэг өөрчлөлтүүд гарах юм бол эмчид хандан хэт авиан дурангаар үр хөврөлийн байрлалыг шалгуулах хэрэгтэй.
Үтрээнээс бүдэг ягаан өнгийн цус гарч, хэвлий аарцгаар өвдөх, хүндэрмээр санагдах, мөр өвдөх, цустай хүндрэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
Хэрэв умайн гуурсан хоолой урагдвал хэвлийд их хэмжээний цус алдалт явагдаж, ухаан алдах, толгой эргэх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрдэг.
Хүндрэл
Үр дамжуулах хоолойд тогтсон өндгөн эс томорч, багтахгүй болоод ирэхээр дотуур цус алдалт явагдаж, эхийн амь насанд аюул учирдаг. Иймээс жирэмсэн болсон даруйдаа эмчид үзүүлж оношлуулах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
Умайн гадуурх жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх баталгаатай арга гэж үгүй. Савны гадуурх жирэмслэлтээс сэргийлэх энгийн арга нь сарын тэмдэг ирэх хугацаандаа ирээгүй бол цаг алдалгүй эмчид үзүүлэх явдал юм. Ингэснээр эрт оношилж гэсэн эх болон үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр эмчлэх бүрэн боломжтой.
- Харин үрэвсэл, БЗХӨ тусахаас сэргийлж хамгаалалт хэрэглэх хэрэгтэй
- Мөн тамхи татдаг бол тамхинаас гарч цаашидүүсч болох хүндрэлээс сэргийлэх
- Жилд нэг удаа эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, үрэвсэл, наалдац байгаа эсэхийг оношлуулах
- Жирэмсэн болохоор төлөвлөсөн бол эрүүл мэндийн бусад үзүүлэлтээ сайжруулж, жирэмслэлтэнд бэлтгэх хэрэгтэй.
Оношилгоо
Умайн гадуурх жирэмслэлт гэж сэжиглэж байгаа бол эмч хэвлийд өвдөлт байгаа эсэхийг шалгана.
Мөн цусны шинжилгээ, хэт авиан дурангаар шинжилнэ.
Умайн гадуурх жирэмслэлт нь бэлгийн хавьталд орсноос 4-5 долоо хоногийн дараагаар мэдэгдэж эхлэх бөгөөд их хэмжээний цус алдаж байгаа тохиолдолд яаралтай мэс засал хийдэг.