Уушгины артерийн бүлэнт бөглөрөл
Уушгины артерийн бүлэнт бөглөрөл нь цусны урсгалаар дамжиж ирсэн бүлэн уушгины артерийн судасны аль нэг салааг бөглөн уушгийг гэмтээдэг өвчин юм. Ихэнх тохиолдолд бүлэн нь хөлийн венийн судасны, цөөн тохиолдолд биеийн бусад хэсгийн судсан дахь бүлэнгийн бөөгнөрлөөс тасарч цусны урсгал ордог. Бүлэн нь голдуу жижиг хэмжээтэй байх бөгөөд энэ нь үхэлд хүргэхгүй ч уушгийг гэмтээж, уушгинд очих цусны урсгалыг саатуулснаар биеэр тархах хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг. Хэрэв бүлэнгийн хэмжээ том байвал амь насанд хүрэх аюултай.
Шалтгаан
Уушгины артерийн судсыг хөлийн гүнийн венийн судсан дахь бүлэнгийн бөөгнөрлөөс тасарсан бүлэн (95%) эсвэл бөөгнөрсөн бусад төрлийн эд очиж бөглөдөг. Энэ бөглөрлөөс үүдэн уушгины аль нэг хэсэгт цусан хангамжийн дутагдал үүсдэг ба үүнийг уушгины шигдээс гэнэ.
Уушгины артери бөглөрөх нь бүлэнгээс гадна цөөн тохиолдолд доорх шалтгаантай байдаг. Үүнд:
- Хэмт яс гэмтэхэд ясны чөмөгний хэсэг цусны урсгалд орсон байж болно.
- Хавдрын тасарсан жижиг хэсэг
- Агаарын жижиг бөмбөлөг
- Коллаген эсвэл бусад эд
Нөлөөлөх хүчин зүйлс
- Зарим хүмүүсийн цус төрөлхийн маш хурдан бүлэгнэх чадвартай байдаг.
- Хөлийн венийн судасны өргөсөл, тромбоз нь өндөр эрсдэл дагуулдаг.
- Удамшил. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь хөлийн венийн судасны тромбоз, уушгины артерийн бүлэнт бөглөрлөөр өвчилж байсан.
- Зүрх судасны эмгэгтэй байх. Ялангуяа зүрхний дутагдал нь бүлэн үүсгэдэг.
- Хавдар. Нойр булчирхай, өндгөвч, уушгины хавдар нь өндөр эрсдэл дагуулдаг. Мөн бусад хавдрын үсэрхийлэл. Хөхний хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг эмүүд цусанд бүлэн бий болгож байдаг.
- Хими эмчилгээ хийлгэх
- Мэс засал эмчилгээ. Томоохон хагалгаанууд нь бүлэн үүсэх шалтгаан болдог учраас мэс заслын дараа бүлэнгээс сэргийлэх эмчилгээ заавал хийдэг.
- Удаан хугацаагаар идэвхгүй байх. Хэвтрийн өвчин тусах, өдрийн дийлэнх цагийг сууж эсвэл машин барьж өнгөрөөх
- Жирэмслэлт ба төрөлт
- Жирэмснээс хамгаалах эстроген агуулсан эмийн бэлдмэлүүд хэрэглэх
- Жингийн хэт илүүдэлтэй байх
- Тамхи татах
- 70 ба түүнээс дээш настай байх
Шинж тэмдэг
Уг өвчний шинж тэмдэг нь уушги зүрхний өвчтэй байсан эсэх, бүлэнгийн хэмжээ, уушгийг хэр хэмжээтэй гэмтээсэн эсэхээс хамааран харилцан адилгүй илэрнэ.
Нийтлэг илрэх шинжүүд
- Гэнэт амьсгал давхцах – Гэнэтхэн л амьсгал давхцаж эхэлдэг бөгөөд маш ихээр хүчилж амьсгалах хэрэгтэй болдог.
- Цээжээр өвдөх – Зүрхний шигдээс болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гүнзгий амьсгал авах, ханиалгах, хоол идэх, бөхийх тонгойх зэрэгт өвдөлт улам нэмэгдэж зовиурладаг. Амарч тайвширсан хэдий ч өвдөлт намддаггүй.
- Ханиалгах – Цустай ханиах эсвэл цусан судалтай хөөсөрхөг цэр гардаг.
Илэрч болох бусад шинжүүд
- Хөлийн булчин дээр овойх, хөлийн булчин өвдөх (аль нэг хөл эсвэл хоёулаа)
- Арьсны өнгө өөрчлөгдөх, хүйтэн болох
- Халуурах
- Маш их хөлрөх
- Зүрхний хэм алдагдах, түргэсэх
- Толгой эргэж дайвалзах зэрэг болно.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв танд доорх зовиуруудаас илэрвэл яаралтай эмчид хандаарай.
- Гэнэт амьсгал давхцах, амьсгалахад маш хэцүү байх
- Цээжээр хүчтэй өвдөх
- Цустай ханиалгах, цустай цэр гарах
- Арьсны өнгө өөрчлөгдөх, хөхөлбий эсвэл цайвар болох
Хүндрэл
Энэ өвчин нь амь насанд хүрч болох аюултай. Нийт тохиолдлын 1/3 нь оношлогдолгүй, эмчилгээ авалгүйгээр нас бардаг. Уушгины судас бөглөрснөөр уушгины артерийн даралтыг нэмэгдүүлэн зүрхний баруун ховдлыг томруулдаг байна. Өөрөөр хэлбэл уушгин доторх судас бөглөрөхөд зүрх тэдгээр судасруу цус шахахын тулд маш их хүч гаргах хэрэгтэй болно. Ингээд бөглөрсөн судас болон зүрхний баруун ховдлын дотоод даралт нэмэгдэж зүрхний үйл ажиллагаа мууддаг. Цөөн тохиолдолд маш жижиг бүлэнгээр бөглөрсөн байх ба энэ нь уушгины артерийн архаг даралт ихсэлт үүсгэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Хөлийн гүний венийн судсанд бүлэн хурахаас хамгаалж чадвал уушгины артерийн бүлэнт бөглөрлөөс сэргийлэх боломжтой юм.
- Цус шингэлэх эм: Эрсдэл бүхий хүмүүст мэс заслын эмчилгээний өмнө болон дараа антикоагулант эмийн хэрэглэдэг.
- Даралттай оймс
- Хөлийг өндөрлөх : Боломжтой бол бүх л шөнийн турш хөлөө 10-15см өндөрлөж унтах. Энэ нь маш үр дүнтэй арга юм.
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх.
- Хийн шахуургын даралттай оймс: Урт болон богино хэмжээтэй хий шахах зориулалттай оймс өмсөн хэдэн минут тутамд агаараар хийлж, гаргах маягаар хөлийн венийн судсанд иллэг хийн цусны урсгалыг сайжруулдаг.
- Шингэн зүйл сайн уух: Ус тогтмол уух нь шингэний дутагдалд орохгүй байх хамгийн сайн арга. Хангалттай хэмжээний шингэн уух нь судсанд бүлэн бий болохоос сэргийлдэг.
- Архи согтууруулах ундааны зүйлсийн хэрэглээг багасгах, болж өгвөл хэрэглэхгүй байх : Алкоголь нь биеийн шингэний түвшинг бууруулах нөлөөтэй.
- Байнга суухаас зайлсхийх: Удаан хугацаагаар суухгүй байх. Цаг тутамд босч багахан ч гэсэн алхах, сууж байгаа сандлаа 3 удаа тойрч алхах.
- Хагас цаг тутамд өвдгөө нугалж хөдөлгөж байх.
Оношилгоо
- Цусны шинжилгээ – Хүчилтөрөгч болон CO2-н хэмжээг үнэлнэ.
- Цээжний рентген зураг – Уушги болон зүрхийг харуулах боловч уушгины артерийн бүлэнт бөглөрөлтийг оношилж чадахгүй.
- Судасны хэт авиан шинжилгээ – Хөлийн венийн судсыг хэт авиагаар шинжилж, судсанд бүлэнгийн бөөгнөрөл үүссэн эсэхийг шалгана.
- Соронзон резонанст томографи
- Компьютер томографи
- Зүрхний бичлэг