Хатиг
Хатиг нь гол төлөв стафилококк бактерийн халдвараар үүсгэгддэг үсний хүүдийн идээт үрэвсэл юм. Ихэвчлэн үсний уутанцар болон тосны булчирхай халдварлагдсанаас үүсдэг ба халдвар тархсанаар ойролцоох эдэд идээ хуримтлагдана. Хатиг нь биеийн аль ч хэсэгт гарч болох ч ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гарт ажиглагддаг. Хатиг гарах үед өвдөлттэй, идээ агуулсан, улаан өнгийн арьсны бэрсүү үүснэ. Амбулаторийн үзлэгт хамрагдсан өвчтөнүүдээс үзэхэд хатиг нь ихэвчлэн намар, өвөл хүний дархлаа тогтолцоо суларсан үед гарах хандлагатай байдаг аж.
Шинж тэмдэг
Хатиг гарсан байрлал болон бий болсон цагаас хамааран илрэх шинж тэмдгүүд харилцан адилгүй байна.
- Жижиг улаан хавдар (гүвдрүү) үүсэх
- Тэр хэсэг өвдөлт ихтэй болох
- Гүвдрүү, түүний ойролцоох эд хавагнаж, идээ бээр хуримтлагдах
- Хатигны төвд идээний цагаан, шаргал толгой үзэгдэх
- Гэмтсэн хэсэгт хүрэхэд халуун байх ба лугших төлөвтэй байна
- Бие сульдах
- Халуурах
Шалтгаан
Хатиг үүсгэх гол бактери болох стафилококк нь арьсны гадаргуу дээр байдаг боловч дархлаа тогтолцоо сулрах, арьсны механик гэмтэл авах зэрэг нь тэдгээрийн өсөлтийг өдөөдөг байна. Түүнчлэн хатиг нь бактерийн бус дааврын шалтгаантай байх боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй хүмүүст хатиг гарах нь олонтаа ажиглагдана.
Дараах эрсдэлт хүчин зүйлс нь арьсны хамгаалах чадварыг бууруулах ба стафилококк бактерийн үржих таатай нөхцөлийг бүрдүүлнэ:
- Хэт их хөлрөх. Хөлсний найрлагад агуулагдах давс нь арьсанд маш түрэмгий нөлөөлөл үзүүлдэг тул хатиг бий болох нэг хүчин зүйл болно
- Арьсны механик гэмтэл. Үүнд шалбархай, арьсны эмгэгээс үүдсэн арьсны гэмтэл, хагарал зэрэг багтана. Ийм тохиолдолд стафилококк нь үсний уутанцар болоод тосны булчирхай руу ямар нэгэн саад бэрхшээлгүй нэвтрэх боломжийг олгодог, түүнчлэн энэ үед нэг биш хэд хэдэн хатиг зэрэг гарах эрсдэлтэй. Хоорондоо нийлсэн хатигны бөөгнөрлийг карбукнул гэнэ
- Арьсны шүүрэл. Энэ нь дунд чихний үрэвсэл, ринит зэрэг өвчний улмаас арьс тогтмол эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй харьцах үед бий болно
- Чанаргүй арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
- Ариун цэвэр хангахгүй байх. Үүний үр дүнд арьсны гадаргуу дээр их хэмжээний эмгэг төрүүлэгч микрофлор хуримтлагдаж, механизм гэмтэлд өртөмтгий болох (хувцсанд үрэгдэх) зэрэг нь хатиг гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг
- Химийн бодис, тоос шороо, бусад арьсыг цочроох бодисуудтай байнга харьцах. Тэдгээр нь арьсны байгалийн эсэргүүцэх чадварыг бууруулдаг
Зөвлөгөө
Та өвдөлтийг намдаах зорилгоор халуун усанд дэвтээсэн цэвэр даавуугаар тухайн хэсэг газарт 30 минутын туршид өдөрт 4 удаа жин тавих замаар эдгэрэх үйл явцыг дэмжих боломжтой. Халдвартай хэсэгт хүрсэн тохиолдолд гараа заавал угааж, ариутгах хэрэгтэй эс бөгөөс халдвар цааш тархах эрсдэлтэй. Түүнчлэн халдвар цааш тархахаас сэргийлж дур мэдэн өөрөө оролдож, шахахаас зайлсхийхийг зөвлөдөг. Ихэвчлэн хатиг эмчилгээгүйгээр эдгэрнэ. Ерөнхийдөө хагарч идээгээ гадагшлуулах, эсвэл аажмаар багассаар алга болдог. Гэвч хэдэн өдрийн туршид эдгэрч эхлэхгүй эсвэл илүү томорч өвдөлттэй болбол эмчид хандах шаардлагатай.
Эмчилгээ
2 долоо хоногоос удаан үргэлжилж идээ гадагшлахгүй үрэвсэл ихтэй байгаа тохиолдолд мэргэжлийн мэс заслын эмчид хандах хэрэгтэй. Эмч хатигны төв хэсэгт ариун зүүгээр жижиг зүслэг хийж идээг гадагшлуулна. Мөн халдвараас сэргийлж антибиотик уухаар зөвлөнө. Том хэмжээний хатиг бол хэсгийн мэдээ алдуулалт дор мэс заслын хутгаар зүслэг хийж хагална. Хэрэв хатиг давтагдвал шээс болон цусны шинжилгээ хийж үндсэн эмгэгийг илрүүлэх юм.
Урьдчилан сэргийлэх
- Эрдсийн шинжилгээнд хамрагдаж биед дутагдаж буй витамин, эрдэс бодисыг тогтоож эмчийн заавраар хэрэглэх
- Тэнцвэртэй, эрүүл хооллох
- Сайн унтаж амрах
- Ариун цэвэр сахих
- Хөлсний ялгаралтыг багасгах (хэт их хөлөрсний дараагаар шүршүүрт орох, стресстэй орчин нөхцөлөөс зайлсхийх. Хэрэв эдгээр энгийн аргууд тус болохгүй бол мэргэжлийн эмчид хандаж хэт их хөлөрч буй шалтгааныг тодорхойлж тухайлсан арга хэмжээ авах)
- Арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгохдоо найрлага, үйлдвэрлэгдсэн хугацаа зэргийг сайтар нягталж байх
- Арьсны гадаргууд түрэмгий нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй орчинд ажилладаг бол хамгаалалтын хувцас, хэрэгсэл ашиглаж хэвших