Цусны даралт ихсэх
Зүрхний булчин агшин биеийн эд эрхтэн рүү цус шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэнэ. Цусны даралт нь зүрхний цохилт болон судасны нарийсалттай нягт холбоотой бөгөөд зүрхний цохилт их, судас нарийн байх тусам даралт өндөр байна. Даралт өндөр байх нь судсыг гэмтээж, зүрхний дутагдал, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсгэх аюул дагуулдаг.
Цусны даралт нь аль ч насны хүнд 140/90-с дээш байгаа тохиолдолд өвчин байж болзошгүй юм. Хэрэв цусны даралт ихтэй гэдгээ тогтоовол эмчид хандан тогтвортой хэмжээнд барих арга хэмжээ авах хэрэгтэй. (2 гарын артерийн даралтын зөрүү 15 мммуб (миллиметр мөнгөн усны багана)-с дээш байвал мөн эмчид заавал хандах хэрэгтэй.)
Шалтгаан
Анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр төрлийн даралт ихсэлт байдаг. Анхдагч даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүйгээр олон жилийн турш бага багаар нэмэгдэх хандлагатай байна. Хоёрдогч даралт ихсэлт нь дараах өвчнүүдийн улмаас үүсдэг.
- Бөөрний өвчин
- Бөөрний булчирхайн үйл ажиллагаанд өөрчлөлт орох
- Бамбай булчирхайн өвчин
- Элэгний хатуурал, элэгний хавдар
- Төрөлхийн судасны гажгууд
- Жирэмснээс хамгаалах эм, ханиадны эм, өвчин намдаах эм зэрэг эм уусан бол
- Кокаины агууламжтай эм уудаг бол
- Алкоголийн зохисгүй хэрэглээ зэрэг нь хоёрдогч төрлийн даралт ихсэлтийн шалтгаан болж болно.
Дараах нөхцөлүүд нь даралт ихсэх өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг.
- Нас – 45 болон түүнээс дээш настай эрэгтэй хүний даралт ихсэх нь элбэг байдаг. Эмэгтэй хүний даралт 65-с дээш настайд (цэвэршилт явагдаж буй эмэгтэйн даралт мөн ихсэх шинж ажиглагддаг) ихсэх хандлагатай байна.
- Аав, ээж, ах, эгчийн тань даралт ихэсдэг бол даралт ихсэх магадлал өндөр байна.
- Хөдөлгөөний дутагдал
- Тамхи татдаг бол
- Хэтэрхий их давс хэрэглэдэг бол
- Витамин Д багатай хүнс хэрэглэдэг бол
- Архи хэт их хэрэглэдэг бол
- Жирэмсэн бол
- Амархан стрессд ордог бол
- Чихрийн шижин эсвэл бөөрний өвчтэй бол даралт ихсэх өвчин тусах магадлал өндөр байна.
Шинж тэмдэг
Цусны даралт өндөртэй ихэнх хүмүүс даралт ихсэхэд анзааралгүй явах нь элбэг тохиолддог. Харин даралт ихсэж маш аюултай түвшинд хүрсэн тохиолдолд:
- Толгой өвдөх, дайвалзах
- Хамраас цус гарах
- Дотор муухай оргих
- Хүзүү толгой хөшиж өвдөх
- Зүрх дэлсэх, савлах
- Сэтгэл санаатогтворгүй болж үймэх
- Амьсгал давхцах
- Ховор тохиолдол хэл яриа ээдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хүндрэл
Өндөр даралттай байх нь судсыг болон биеийн бусад эрхтнүүдийг гэмтээх аюултай. Цусны даралт хэдий чинээ өндөр байна, төдий чинээний гэмтэл учирдаг.
- Зүрхний шигдээс
- Зүрхний зүүн ховдлын томрол
- Цус харвалт
- Судасны цүлхэн
- Зүрхний дутагдал
- Бөөрний судсыг гэмтээх
- Нүдний судас гэмтэж харвалт өгөх
- Уймрах зэрэг хүндрэлүүд үүсч болно.
Зөвлөгөө
Цусны даралтыг хэвийн хэмжээнд барихын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Үүнд:
- Давс багатай хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Тамхинаас гарах
- Алкоголь хэрэглэхгүй байх
- Стрессд орохгүй байх
- Жирэмсэн бол жирэмсний үед цусны даралтаа тогтмол хянаж тогтвортой болгох
- Хэрэв илүүдэл жинтэй бол жин хасах зэрэг орно.
Оношилгоо
Цусны даралтыг даралтын аппаратаар дээд даралт, доод даралтын тоонуудыг ажиглан оношилдог. Даралт ихсэлтийг багаас нь ихрүү нь дөрвөн бүлэгт ангилна.
(x/y => x=дээд даралт, y=доод даралт )
- Хэвийн цусны даралттай – 120/80 болон түүнээс яльгүй бага
- Даралт ихсэхийн өмнөх байдал – 120/80-139/89 байвал даралт ихсэхийн өмнөх байдал гэх бөгөөд цаашид өгсөх хандлагатай байдаг.
- 1-р шатны даралт ихсэлт – 140/90-159/99 хооронд байх
- 2-р шатны даралт ихсэлт – 160/100 болон түүнээс дээш байх
60-с дээш насны хүмүүст доод даралт нь хэвийн боловч дээд даралт нь өсөх хандлага ажиглагддаг. Цусны даралтыг баттай мэдэхийн тулд 2-3 удаа хэмжиж үзэх нь тохиромжтой. Мөн баруун зүүн талын даралт өөр өөр байдаг тул хоёр гараас хэмжилт хийх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд өөрийн даралтыг ойр ойрхон хэмжиж тэмдэглэж байвал даралт тогтворжиж байгаа эсэхийг мэдэхэд хялбар болдог.
Гэртээ цусны даралтаа үзэх
Цусны даралт бууруулах эм үйлчилж байгаа эсэхийг хянаж байхын тулд гэртээ даралтын аппараттай байх нь хялбар байдаг. Хэдийгээр 120/80-ыг хэвийн даралт гэж үздэг боловч насны онцлогоос шалтгаалан дараах байдлаар хэвийн гэж үзэж болно.
150/90-с бага байх | Хэрэв 60 болон түүнээс дээш настай бол |
140/90-с бага байх | Хэрэв 60-с доош насны хүн бол |
140/90-с бага байх | Хэрэв чихрийн шижин, зүрхний өвчин, бөөрний өвтэй бол |