Шамбарам
Шулуун гэдэсний төгөсгөлд байх венийн судас үрэвсэж хавдан, овойж гарч ирэхийг шамбарам буюу геморрой гэдэг.
Шулуун гэдэсний үзүүр дэх үрэвссэн судас нь шулуун гэдэсний дотор байрлалтай байхыг дотоод зангилаа, харин хошногоны амсрын арьсан доор байрласан байвал шамбарамын гадаад зангилаа гэж ангилж үздэг.
Энэ өвчнийг хүндрүүлэлгүйгээр эрт арга хэмжээ авч чадвал гэрийн нөхцөлд эмчлэгдэх боломжтой. Хүндэрсэн үедээ хөдлөх, хэвийн ажиллах чадваргүй болдог.
Шалтгаан
Хэд хэдэн шалтгаануудаас шамбарам/геморрой/ үүсдэг.
- Бие засахад хэт их ачаалал өгөх
- Удаан хугацаагаар бие засах өрөөнд суух
- Өтгөн хаталт
- Чихрийн шижин
- Хэт таргалалт
- Жирэмслэлт
- Шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох
- Туулгын бэлдмэл хэт их хэрэглэх
- Ажил мэргэжлийн шалтгааны улмаас (жолооч, цагдаа, байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүс) үүсдэг.
Мөн нас ахих тусам хошногоны амсар сулардаг тул шамбарам/геморрой/ -тай болох магадлал нэмэгддэг.
Шинж тэмдэг
- Бие засахад зовиурлах, хөндүүрлэж өвдөх
- Ариун цэврийн цаасанд цус ажиглагдах
- Хошногоны үзүүр загатнах
- Хошногоны үзүүр хорсох
- Усархаг болон салсархаг ялгадас гарах
- Хошногоны үзүүрийн эргэн тойронд хавдсан хэсэг мэдэгдэх, тэмтрэгдэх
- Хошногоноос шүүс гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Шамбарамын үед илрэх шинж тэмдгүүд нь байрлалаасаа хамааран өөр байна.
Дотоод шамбарам нь шулуун гэдэсний хананд байрласан байдаг тул ямар нэг зовиур илэрдэггүй. Харин бие засах үед үрэвссэн судсанд ачаалал өгч цус гардаг. Энэ төрлийн шамбарамын зангилаа нь үе үе хошногоны сүвээр эргэж гарч ирнэ.
Харин гадаад шамбарам нь хошногоны амсар орчмын арьсан доор байрладаг тул загатнаж, цус гарах бөгөөд заримдаа нөж гарч маш ихээр хорсож өвдөх тохиолдол гардаг.
Хэзээ эмчид хандах вэ?
Бие засах үед цус гардаг бол шамбарамтай байх магадлал өндөр. Ховор тохиолдолд өтгөнтэй хамт цус гарах нь бүдүүн гэдэсний эсвэл шулуун гэдэсний хорт хавдартай холбоотой байж болдог. Тиймээс цус гарч байгаа шалтгааныг эмчид хандан тодорхой оношлуулах хэрэгтэй.
Мөн эмчийн зөвлөсний дагуу тосон түрхлэг болон эм хэрэглэсэн боловч дээрдэхгүй байгаа бол дахин эмчид хандаарай. Хэрэв өтгөн хар өнгөтэй, цустай гарч байвал хоол боловсруулах замын өөр өвчнөөс үүдсэн байх магадлалтай байдаг.
Эмчийн үзлэгт очихоос өмнө арга хэмжээ авах вэ?
Өтгөнөө зөөлрүүлэхийн тулд жимс ногоо, бүхэл үрийн хүнс, эслэг хэрэглэж, өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй.
Хүндрэл
Шамбарам нь дараах хүндрэлүүдийн суурь болох магадлалтай. Үүнд:
Толгой эргэх– Байнгын бага багаар цус алдах нь ойр ойрхон толгой эргэхэд хүргэж, улмаар ядарч сульдах шалтгаан болдог.
Хавчигдсан шамбарам – Хэрэв дотоод шамбарамын зангилаанд очих цусны эргэлт боогдвол үхэлд хүргэх аюултай.
Цус багадах, ажлын чадваргүй болох, зангилаа үүсэх зэрэг хүндрэлүүд ч гардаг.
Урьдчилан сэргийлэлт
- Өтгөн хаталтаас сэргийлж хоол хүнсэндээ анхаарах – Жимс, ногоо болон бүхэл үрийн хүнс байнга хэрэглэх
- Шингэн зүйл их хэрэглэх – Өдөрт 6-8 аяга ус тогтмол ууж хэвших
- Бие засах үедээ хэт дүлэхгүй байх
- Бие засах мэдрэмж төрсөн үедээ хойшлуулалгүйгээр хүндэрч байх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Удаан хугацаанд бие засах өрөөнд суухгүй байх нь шамбарамтай болохоос урьдчилан сэргийлж чадна.
Зөвлөгөө
- Тосон түрхлэг түрхэх
- Ойр ойрхон бүлээн усанд суух.
- Хошногоны амсрыг цэвэр байлгах. Бүлээн усаар өдөр бүр угааж цэвэрэх
- Саван, спирттэй зүйлийг хүргэж болохгүй.
- Ариун цэврийн цаас хэрэглэхгүй байх. Бие зассаны дараа нойтон сальфетка, нойтон алчуураар зөөлөн арчиж байх
- Хүйтэн жин тавих. Хаван хавдарыг намдаах зорилгоор мөстэй жин тавьж болно.
- Өвчин намдаагч хэрэглэх . Хэрэв хэт их өвдөлт өгч байвал аспирин, ибупрофен зэргийг ууж болно.
Оношилгоо
Гадна байрлалтай шамбарамыг харах төдийд мэдэгддэг бол дотор байрлалтай зангилааг дараах байдлаар оношилдог.
Шулуун гэдэс, хошногоны үзлэг – Энэ үзлэгийн үеэр эмч резинэн бээлий өмсөж, нэг хурууг хошногоны сүврүү оруулан хэвийн бус, томорсон зүйл байгаа эсэхийг шалгана.
Багажны тусламжтай үзлэг хийх – Дотор байрлалтай үрэвсэл нь эмчийн хуруунд мэдрэгдэхээргүй зөөлөн байх магадлалтай тул багажны тусламжтайгаар хардаг.
Эмчилгээ
Шамбарамын үед эмнэлэгт хэвтэлгүйгээр эмчийн зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Зарим тохиолдолд мэс ажилбар хийх шаардлага гарна.
Тосон түрхлэг түрхэх: Хэрэв бага зэрэг өвдөж, загатнадаг бол эмч танд тосон түрхлэг, лаа болон хавчуурга хэрэглэхийг зөвлөнө. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь загатнааг багасгаж, өвчин намдаах үйлчилгээтэй. Тосон түрхлэгийг 1 долоо хоногоос урт хугацаанд хэрэглэхгүй байхыг анхаараарай. Учир нь арьс загатнуулах, арьсан дээр тууралт өгөх сөрөг нөлөөтэй.
Мэс ажилбар: Гадна байрлалтай шамбарамын үед дотор хэсэгт нөж хуралдсан бол хялбар мэс ажилбараар хагалж авна. Мөн цус алдалт ихтэй, эмзэглэл ихтэй байвал хэд хэдэн төрлийн мэс ажилбаруудыг хийж болно. Үүнд:
- Резинэн боолт тавих – Дотор байрлалтай үрэвслийг зориулалтын резинэн боолтоор боож цусны эргэлтийг нь зогсооно. Ингэснээр 1 долоо хоногийн дотор шамбарам хатаж унадаг. Энэ эмчилгээний үед 2-4 хоног цус гарч, өвдөх боловч үр дүн сайтай.
- Тариа хийх – Үрэвссэн хэсэгт зориулалтын тариа хийж агшаана. Өвдөлт багатай ч резинэн боолт тавихаас үр дүн багатай.
- Лазер болон гэрлээр шарах арга – Лазер болон гэрлээр шарахад үрэвссэн хэсгүүд хатаж, жижгэрдэг боловч дахин үрэвсэх магадлал өндөр байдаг.
Мэс засал: Хэрэв үрэвссэн зангилаа томорсон бол мэс заслын аргыг хэрэглэнэ.
Зангилааг авах мэс засал – Цус алдалт болон өвчин үүсгэж байгаа хэсгийг мэдээ алдуулан тайрч авдаг. Маш их өвдөлттэй, ахин дахин үрэвсэж байгаа шамбарамыг эмчлэх хамгийн сайн арга юм. Хагалгааны дараах өвдөлтийг намдаахын тулд бүлээн усанд хэвтээрэй.
Үрэвссэн судсыг боох- Үрэвссэн судасны цусны эргэлтийг хааж эмчлэх энэ арга нь мэс заслын аргатай харьцуулбал дахин үрэвсэх магадлал өндөр байдаг.