Өнгөний харалган
Тодорхой өнгийг ялгаж харж чадахгүй байхыг өнгөний харалган гэж нэрлэнэ. Энэ нь нүдний арын хэсэгт байрлах гэрэлд мэдрэмтгий торлог бүрхэвч дээрх лонхонцор эсийн гажилтаас үүдэлтэй байдаг. Ерөнхийдөө цэнхэр, ногоон, улаан гэрлийг мэдэрдэг 3 төрлийн лонхонцор эс бий. Эдгээрийн нэг буюу түүнээс олон төрлийн эс хэвийн бус шинжтэй байвал өнгийг ялгаж чадахгүй байх байдал үүснэ. Уг эмгэг нь удамших хандлагатай байдаг.
Хэлбэрүүд
Улаан-ногоон өнгийг ялгаж чадахгүй байх нь эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолдох бөгөөд энэ нь дотроо хоёр хэв шинжтэй. Эхний хэв шинжид хамаарах хүмүүс бүдэг улаан, ногоон, улбар шар, бор өнгийг ялгадаггүй. Харин бусад хэв шинжийнх нь улаан төрлийн туяаг ялгаж чаддаггүй. Улаан-ногоон өнгөний харалган нь Х хромосом дээр байрлах алдаатай генээс шалтгаална. Эмэгтэйчүүд XX хромосомтой байдаг тул эрэгтэйчүүд өнгийг ялгаж чадахгүй байх нь элбэг аж. Гэхдээ эмэгтэйчүүдийн хэвийн бус ген хүүхдэд дамжих боломжтой.
Цэнхэр, шар өнгийг ялгахгүй байх нь ерөнхийдөө ховор байна. Тухайн төрлийн өнгөний харалган нь удамших боломжтой ч энэ нь Х хромосомоос төдийлөн шалтгаалахгүй, ийм тохиолдолд эр, эм ялгаагүй өнгө ялгаж харж чадахгүй төрөх магадлалтай юм. Толбот сөнөрөл, хийгээд нүдний өөр төрлийн өвчнөөс шалтгаалаад мөн өнгө ялгаж чадахгүй байх боломжтой. Мөн хлороквин зэрэг зарим эм бэлдмэлийн сөрөг нөлөөгөөр өнгөний харалган болж болно.
Авч болох арга хэмжээ
Бага насны хүүхдийг нүдний үзлэгт тогтмол хамруулснаар өнгө ялгаж чадаж байгаа эсэхийг шалгана. Мөн онгоцны нисгэгч зэрэг ажил үүргийн хуваарийн дагуу өнгө ялгах шаардлагатай зарим мэргэжлийн хүмүүсийг ийм эмгэгтэй эсэхийг нь үзлэг хийж тогтоодог. Чингэхдээ алаг эрээн толботой зурган дээр бичсэн тоог ялгаж хэлүүлнэ. Өнгөний харалган өдөр тутмын аж байдалд ноцтойгоор нөлөөлөх нь ховор. Удамшлын хэв шинжтэй бол эмчлэгдэхгүй ч нүдний ямар нэг өвчин эсвэл эмийн гаж нөлөөтэй холбоотой үүссэн тохиолдолд эмчлэгдэх боломжтой.