Д витамины дутагдал
Д витамин нь бидний биед асар хэрэгтэй витамин бөгөөд бусад витаминаас ялгаатай нь даавартай төстэй аж. Биднийг наранд биеэ ээх үед холестериноос Д витамин ялгардаг бөгөөд зарим хоол хүнсээр дамжуулан авах боломжтой.
Д витамины дутагдал нь элбэг тохиолддог бөгөөд үр дүнд нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, аотуиммун өвчлөлүүд, хорт хавдар зэрэгт өртөх өндөр эрсдэлтэй байдаг.
Д витамин нь 2 төрөл байдаг. D2 нь ургамалд агуулагддаг бол D3 нь амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг. Бид наранд биеэ ээх үед бидний бие D3 ялгаруулж байдаг.
Шинж тэмдэг
Ихэнх хүмүүс Д витамины дутагдалд орсны төдийлөн анзаардаггүй. Шинж тэмдэг нь хөнгөн илэрдэг байна. Шинж тэмдэг хурц илэрсэн ч хүмүүс үүнийг Д витамины дутагдал гэж бодох нь цөөн байдаг.
Д витамины дутагдлын үед илэрдэг 7 шинж тэмдэг:
- Амархан өвдөх, халдвар авах
- Ядарч сульдах
- Нуруу, үе мөчөөр өвдөх
- Сэтгэл гутралд өртөх
- Шарх удаан эдгэрэх
- Яс хэврэгших
- Үс унах
Шалтгаан
Д витамины дутагдал нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалж болно. Д витамины дутагдалд түгээмэл өртдөг хүмүүс нь:
- Арьсны өнгө бараан талдаа хүмүүс – арьсан дахь меланин гэх фигмент нь арьсыг наранд ээх үед Д витамин ялгаруулах чадварыг муутгадаг. Бараандуу өнгийн арьстай хүмүүс харьцангуй өндөр меланин агуулдаг тул Д витамины дутагдалд илүү өртөмтгий аж.
- Хөгшин хүмүүс – хүмүүс насжихын хэрээр бөөрний үйл ажиллагаа муудаж Д витаминыг идэвхтэй хэлбэрт хөрвүүлэх чадамж буурдаг
- Илүүдэл жинтэй хүмүүс – хүний бие Д витаминыг өөх тосны эсээр дамжуулан цуснаас ялгаруулдаг бөгөөд биеийн жингийн индекс нэмэгдэх тусам цусан дахь Д витамины хэмжээ буурдаг байна.
- Д витаминаар баялаг хоол бага хэрэглэдэг хүмүүс – Д витаминаар баялаг хүнс цөөхөн байдаг. Эдгээр нь загас, өндөгний шар уураг, үхрийн элэг зэрэг юм. Ийм төрлийн хүнс хангалтгүй хэрэглэдэг бол Д витамины дутагдалд илүү өртөмтгий байна.
- Экуатороос хол амьдардаг буюу нар бага тусдаг бүсэд амьдардаг хүмүүс – нарны гэрэл бага тусдаг газар амьдардаг бол хангалттай Д витаминыг хүний бие ялгаруулж чадахгүй.
- Байнга дотор суудаг хүмүүс – нарны гэрэлд бага гардаг, голдуу гэртээ эсвэл оффисд суудаг, байнгаа биеэ далдалсан хувцас өмсдөг бол мөн л Д витамины дутагдалд өртөх эрсдэлтэй
Оношилгоо
Цусны шинжилгээгээр Д витамины дутагдлыг илрүүлэх боломжтой. Уг шинжилгээг 25-hydroxy vitamin D гэдэг бөгөөд Д витамины хэмжээг тогтоомх хамгийн оновчтой арга юм.
Уг шинжилгээг өгөхөөс 4 – 8 цагийн өмнө юм идээгүй байх шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлт
Насанд хүрсэн хүний бие өдөрт дунджаар 600 – 800 IU хэмжээ бүхий Д витаминыг авж байх хэрэгтэй гэж үздэг. Мэдээж үүнээс өндөр хэмжээгээр авч болох ч эмчийн хяналт, зааваргүйгээр хэт их Д витамин авах нь сөрөг нөлөөлөлтэй байдаг.
Д витаминыг дараах аргуудаар авах боломжтой:
- Наранд гарах – наранд гарах үед хүний арьс UV-B туяанд өртсөнөөр Д витамин ялгаруулдаг. Нас ахих тусам наранд ээн Д витамин ялгаруулах нь буурдаг ба бараандуу арьстай хүмүүст мөн үр дүн нь харьцангуй бага байдаг
- Өөх тослог загас болон далайн хүнс – эдгээр нь Д витаминаар хамгийн баялаг хүнс юм.
- Мөөг – мөөг нь Д витаминаар хамгийн баялаг ургамал юм
- Өндөгний шар уураг – тахиа нь гадаа наранд байх тусам түүнээс гарах өндөгний Д витамины агууламж өндөр байдаг байна
- Баяжуулсан хүнс – боловсруулалтын явцад зарим хүнсний түүхий эдийг олон төрлийн тэжээлээр баяжуулсан байдаг. Тухайлбал сүү, дүфү, иогури зэргийг Д витаминаар баяжуулдаг
- Нэмэлт шахмал – Д витамины нэмэлт шахмал уух нь зарим хүмүүст хамгийн хурдан, өндөр үр дүнтэй байж болзошгүй. Гэхдээ эмчийн заавар, хяналтын дагуу тохируулан жорын дагуу уух нь оновчтой.
Хэт их Д витамины сөрөг нөлөөлөл
Цусан дэх Д витамины хэвийн хэмжээ нь 30 ng/ml (75 nmol/l) байдаг. Уг хэмжээг хяналгүйгээр их хэмжээний Д витамин авах нь сөрөг нөлөөллүүдийг таны биед үзүүлдэг. Эдгээр нь:
- Цусан дахь хэт өндөр кальцийн хэмжээ. Шинж тэмдэг: Хоолны шингэц муудах, ядарч сульдах, ам цангах, ойр ойрхон шээс хүрэх
- Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах
- Гэдэс өвдөх, өтгөн хатах, суулгах
- Яс хэврэгших
- Бөөрний үйл ажиллагаа муудах