Д витамины дутагдал
Д аминдэм нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Бусад аминдэмээс ялгаатай нь Д аминдэм даавартай төстэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд биеийн эс бүрд түүнийг хүлээн авах тусгай рецептор байдгаараа онцлог. Дэлхий нийтэд цусны сийвэн дэх Д аминдэмийн хэмжээ ≥30 нг/мл байхыг хэвийн гэж үздэг бол <20 нг/мл-аас бага хэмжээтэй удаан хугацаагаар явбал Д аминдэмийн дутагдал гэж оношилдог.
Д амин дэмийн хүний бие махбодид үзүүлэх хамгийн чухал нөлөөлөл бол ясанд кальцийг хуримтлуулж, кальци, магни, фосфорын шимэгдэлтийг зохицуулж өгөхөд оршино.
Д аминдэм дутагдсанаар яс сийрэгжих, яс зөөлрөх өвчин, халдварын эсрэг дархлаа сулрах, хөх, өндгөвч, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг гэсэн судалгааны үр дүн гарсан ба сэтгэл гутрал, шизофрени, чихрийн шижин 1 ба 2-р хэлбэр, үений үрэвсэл, хайрст үлд, зүрх судасны өвчин, жирэмсний даралт ихсэлт, манас таталт өвчинд нэрвэгдэх эрсдлийг ч нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоогоод байна.
Дэлхийн нэг тэрбум хүн Д аминдэмийн дутагдалтай байна гэж үздэг бөгөөд Монголчууд хоол хүнснээсээ өдөрт шаардлагатай уг аминдэмээ авч чаддаггүй болохыг сүүлийн үеийн судлаачид тогтоож, нэмэлтээр зайлшгүй хэрэглэж хэвших ёстойг зөвлөж байна.
Д витамин нь 2 төрөл байдаг. D2 нь ургамалд агуулагддаг бол D3 нь амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг. Бид наранд биеэ ээх үед бидний бие D3 ялгаруулж байдаг.
Шинж тэмдэг
Ихэнх хүмүүс Д аминдэмийн дутагдалд орсны төдийлөн анзаардаггүй. Шинж тэмдэг нь хөнгөн илэрдэг байна. Шинж тэмдэг хурц илэрсэн ч хүмүүс үүнийг Д аминдэмийн дутагдал гэж бодох нь цөөн байдаг.
Д витамины дутагдлын үед илэрдэг 7 шинж тэмдэг:
- Амархан өвдөх, халдвар авах
- Ядарч сульдах
- Нуруу, үе мөчөөр өвдөх
- Сэтгэл гутралд өртөх
- Шарх удаан эдгэрэх
- Яс хэврэгших
- Үс унах
Мөн хүүхдэд тань дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анхаарна уу.
- Ясны бэхжих үйл явц алдагдаж авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх
- Ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэх
- Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох
- Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс баацганаж алхах, хөлөө чирч явах
- Үе тэнгийнхнээсээ өсөлт нь хоцрох
- Булчин татвалзах
- Цочромтгой болох
- Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох гэх мэт шинж тэмдгүүд нь Д аминдэмийн дутагдлаас үүдэлтэй рахит өвчин үүссэнийг илтгэнэ.
Шалтгаан
Д аминдэмийн дутагдал нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалж болно.
Д аминдэмийн дутагдалд түгээмэл өртдөг хүмүүс нь:
Арьсны өнгө бараан талдаа хүмүүс – арьсан дахь меланин гэх фигмент нь арьсыг наранд ээх үед Д аминдэм ялгаруулах чадварыг бууруулдаг. Бараандуу өнгийн арьстай хүмүүс харьцангуй өндөр меланин агуулдаг тул Д аминдэмийн дутагдалд илүү өртөмтгий байдаг байна.
Хөгшин хүмүүс – хүмүүс насжихын хэрээр бөөрний үйл ажиллагаа муудаж Д аминдэмийг идэвхтэй хэлбэрт хөрвүүлэх чадамж буурдаг.
Илүүдэл жинтэй хүмүүс – хүний бие Д аминдэмийг өөх тосны эсээр дамжуулан цуснаас ялгаруулдаг бөгөөд биеийн жингийн индекс нэмэгдэх тусам цусан дахь Д аминдэмийн хэмжээ буурдаг байна.
Д аминдэмийн агууламж бага хоол хэрэглэдэг хүмүүс – Д аминдэмээр баялаг хүнс цөөхөн байдаг. Эдгээр нь загас, өндөгний шар уураг, үхрийн элэг зэрэг юм. Ийм төрлийн хүнс хангалтгүй хэрэглэдэг бол Д аминдэмийн дутагдалд илүү өртөмтгий байна.
Экватораас хол амьдардаг буюу нар бага тусдаг бүсэд амьдардаг хүмүүс – нарны гэрэл бага тусдаг газар амьдардаг бол хангалттай Д аминдэмийг хүний бие ялгаруулж чадахгүй.
Байнга дотор суудаг хүмүүс – нарны гэрэлд бага гардаг, голдуу гэртээ эсвэл оффисд суудаг, байнгаа биеэ далдалсан хувцас өмсдөг бол мөн л Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлтэй.
Оношилгоо
Цусны шинжилгээгээр Д аминдэмийн дутагдлыг илрүүлэх боломжтой. Уг шинжилгээг 25-hydroxy vitamin D гэдэг бөгөөд Д аминдэмийн хэмжээг тогтоох хамгийн оновчтой арга юм. Уг шинжилгээг өгөхөөс 4-8 цагийн өмнө юм идээгүй байх шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлт
Насанд хүрсэн хүний бие өдөрт дунджаар 600 – 800 IU хэмжээ бүхий Д аминдэмийг авж байх хэрэгтэй гэж үздэг. Мэдээж үүнээс өндөр хэмжээгээр авч болох ч эмчийн хяналт, зааваргүйгээр хэт их Д аминдэм авах нь сөрөг нөлөөлөлтэй байдаг.
Д аминдэмийг дараах аргуудаар авах боломжтой:
- Наранд гарах – наранд гарах үед хүний арьс UV-B туяанд өртсөнөөр Д аминдэм ялгаруулдаг. Нас ахих тусам наранд ээн Д аминдэм ялгаруулах нь буурдаг ба бараандуу арьстай хүмүүст мөн үр дүн нь харьцангуй бага байдаг
- Өөх тослог загас болон далайн хүнс – эдгээр нь Д аминдэмээр хамгийн баялаг хүнс юм.
- Мөөг – мөөг нь Д аминдэмээр хамгийн баялаг ургамал юм.
- Өндөгний шар уураг – тахиа нь гадаа наранд байх тусам түүнээс гарах өндөгний Д аминдэмийн агууламж өндөр байдаг байна
- Баяжуулсан хүнс – боловсруулалтын явцад зарим хүнсний түүхий эдийг олон төрлийн тэжээлээр баяжуулсан байдаг. Тухайлбал сүү, дүфү, иогури зэргийг Д аминдэмээр баяжуулдаг
- Нэмэлт шахмал – Д аминдэмийн нэмэлт шахмал уух нь зарим хүмүүст хамгийн хурдан, өндөр үр дүнтэй байж болзошгүй. Гэхдээ эмчийн заавар, хяналтын дагуу тохируулан жорын дагуу уух нь оновчтой.
Сөрөг нөлөөлөл
Цусан дэх Д аминдэмийн хэвийн хэмжээ нь 30 ng/ml (75 nmol/l) байдаг. Уг хэмжээг хяналгүйгээр их хэмжээний Д аминдэм авах нь сөрөг нөлөөллүүдийг таны биед үзүүлдэг. Эдгээр нь:
- Цусан дахь хэт өндөр кальцийн хэмжээ. Шинж тэмдэг: Хоолны шингэц муудах, ядарч сульдах, ам цангах, ойр ойрхон шээс хүрэх
- Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах
- Гэдэс өвдөх, өтгөн хатах, суулгах
- Яс хэврэгших
- Бөөрний үйл ажиллагаа муудах