Бөөрний архаг дутагдлын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Бөөр нь маш нарийн бүтэц зохион байгуулалттай шош хэлбэрийн хос эрхтэн бөгөөд дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ:
- Шээс үүсгэх болон ялгаруулах
- Шингэн болон эрдсийн зохицуулах
- Цусны даралтыг тэнцвэржүүлэх
- Хүчил болон шүлтийн тэнцвэр
- Цусны улаан эс үүсэхэд оролцдог буюу цус төлжүүлэх
- Даавар ялгаруулах
Бөөрний архаг дутагдал гэж юу вэ?
Түүдгэнцэр гэгдэх бөөрний нэгж болох хамгийн жижиг бүтэц нь нэг бөөрөнд 1 сая орчим байх ба энэ нь бөөрний үндсэн үүргүүдийн нэг болох шээс үүсэлд болон ялгаруулалтад оролцож байдаг. Олон хүчин зүйлс, шалтгааны улмаас дээрх нарийн бүтэц эвдэрч тоо нь хорогдон бөөрний үйл ажиллагаа алдагдан хатангиршдаг. Улмаар шээс ялгаруулах үйл ажиллагаа доройтож бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох шээсэнд бие махбод хорддог түрэмгий явцтай архаг өвчний төгсгөлийн үе шатыг бөөрний архаг дутагдал гэнэ.
Бөөрний архаг дутагдал өвчний тархалтын тухайд
Манай улсад насанд хүрсэн 1 сая хүнд 100-600 тохиолдол ноогдож жил бүр 10-15%-иар нэмэгдэж байна. 15 хүртэлх насны хүүхдийн дунд 1 сая хүнд 4-10 тохиолдол бүртгэгдэж байна.
Бөөрний архаг дутагдал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:
- Бөөрний үрэвсэлт өвчнүүд
- Чихрийн шижин
- Даралт ихсэлт
- Төрөлхийн бөөрний уйланхайтах өвчин
- Төрөлхийн жижиг бөөр
- Улаан чонон яр
- Бөөрний чулуу, хавдар,
- Түрүү булчирхай томрох
- Эмийн хортой нөлөө
- Таргалалт
- Удамшил
- Тамхидалт
Бөөрний архаг дутагдлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ ?
Тус өвчний шинж тэмдэг биед хожуу илэрдэг. Бөөрний нийт түүдгэнцрийн 50% ажиллагаагүй болсон ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Нийт түүдгэнцрийн 30% нь үлдсэн үеэс эхлэн цусанд хорт бодисууд өсөж шинж тэмдгүүд илэрч эхэлдэг тул харамсалтай нь ихэнх өвчтөнүүд бөөрний архаг дутагдлын төгсгөлийн үе шатандаа оношлогддог байна.
Энэ үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана:
- Шээсний гарц багасах
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Хоолны дуршил буурах
- Ядрангуй болох
- Нойронд муудах
- Шагайн үе болон хөлөөр хавагнах
- Арьс хуурайших, загатнах
- Оюун санааны байдал доройтох
Бөөрний архаг дутагдлын ямар үе шаттай явагддаг вэ ?
Нууц үе
Биед тодорхой шинж тэмдэг илрэхгүй. Шээсээр уураг алдагдах тул лабораторийн шинжилгээнд өөрчлөлт гарч болно.
Ээнэгшлийн үе шат
Зовуурь бүдэг илэрч эхэлнэ. Лабораторийн шинжилгээнд эрс өөрчлөлтүүд ажиглагдана.
Завсрын үе
Бие сульдах, ам хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд тодорхой илэрнэ.
Төгсгөлийн үе шат
Биеийн байдал эрс муудаж олон эрхтэн тогтолцооны зовуурууд илэрч бөөрний түүдгэнцрүүд эргэшгүй өөрчлөлтөд орж ээнэгших (өвчин бүрэн эдгэрэхгүй боловч амь насанд шууд аюул учруулахааргүй болж тогтворжих) боломжгүй болсон байна.
Бөөрний архаг дутагдал өвчнийг цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс ямар хүндрэлүүд үүсэж болох вэ ?
- Гар хөл цаашлаад уушги хавагнах
- Зүрхний өвчлөл
- Яс хугарамтгай болох
- Цус багадалт
- Бэлгийн чадавх буурах
- Дархлаа муудаж халдварт өртөмтгий болох
- Жирэмслэлтээс татгалзах хэрэгтэй болох
Бөөрний архаг дутагдал өвчнийг хэрхэн оношилдог вэ ?
- Цусны шинжилгээ (бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд, биед агуулагдаж буй хорт бодисын хэмжээ гэх мэт)
- Шээсний шинжилгээ
- Эхо
- Компьютер томографи
- Бөөрний эдийн шинжилгээ гэх мэт шаардлагатай гэж үзвэл эмч тус өвчинд хүргэж болох шалтгаануудыг илрүүлэхээр нэмэлт шинжилгээнүүд авна.
Бөөрний дутагдлын үед ямар хоолны дэглэм баримтлах вэ ?
Тусгай хоолны дэглэм баримтална. Уураг буюу махны хэрэглээ, хоногийн хоолны илчлэгийн хэмжээг хязгаарлах шаардлагатай болдог. Учир нь бөөр ялгаруулах үйл ажжиллагаа алдагдсан үед уургаас үүсэж бий болдог креатинин, мочевин, аммиак зэрэг нэгдлүүд нь биеэс бүрэн ялгарч чадахгүй бие махбодыг хордуулсаар байдаг. Мөн дээр хэлсэнчлэн бөөр нь эрдсийн зохицуулалт болон цус төлжилтөд оролцож байдаг учир кальци-фосфорын солилцоо алдагдах, цусны улаан эс багасах зэрэг өөрчлөлт илэрдэг тул уургийн агууламж багатай харин кальци төмрийн агууламжтай хоол хүнс хэрэглэнэ.
Бөөрний архаг дутагдлыг бүрэн эмчлэх боломжтой юу?
Бөөрний дутагдлыг эрт оношилж эрт эмчилгээ хийж эхэлбэл тухайн хүний амьдралын чанар илүү хурдан дээшилж амьдрах хугацаа илүү уртасдаг. Тиймд эмч эмнэлгийн ажилтнаас гадна хувь хүнээс ихээхэн хамаардаг учир тогтмол үзлэг оношилгоонд орж байх нь чухал юм.
Тус өвчин нь эцсийн үе шатандаа оношлогдсон тохиолдолд бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас өөр төгс эмчлэгдэх боломж үгүй бусад эмчилгээ нь (гемодиализ болон хэвлийн диализ) зөвхөн амьдралын чанарыг ахиулах, насжилтыг 20-25 жилээр сунгах боломжоор л хангадаг байна.
Бөөрний архаг дутагдлын эмчилгээний эхний алхам нь бөөрний үйл ажиллагааг муутгаж байгаа шалтгааныг арилгаж үндсэн өвчнийг эмчлэх юм. Мөн эмчилгээний хоол хэрэглэж биеийн хүчний ажил хийхийг хязгаарлана. Бөөрөнд хортой эмийн бодисуудыг хэрэглэхийг хязгаарлах, хүний биед илэрч байгаа даралт ихсэх, цус багадах, цусанд сахар ихсэх зэрэг олон төрлийн шинж тэмдгүүдийн эсрэг эмийн эмчилгээ хийхээс эхэлдэг.
Хэрхэн бөөрний дутагдлаас урьдчилан сэргийлэх вэ?
- Бөөрний архаг дутагдалд хүргэж болох өвчнүүдийг цаг алдалгүй эмчлэх (Бөөрний өөрийн үрэвсэлт өвчнүүд, гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүд цоорох гэх мэт халдварын голомтууд)
- Даралтыг хэвийн хэмжээнд барих
- Цусан дахь чихрийг хэвийн хэмжээнд барих
- Таргалалтаас зайлсхийх
- Эмчийн заавраар эм тариа хэрэглэх
- Тамхи татахаас татгалзах
- Урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сараас 1 жил тутам тогтмол хамрагддаг байх
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube