Төмөр дутлын цус багадалт
Хүний цусанд хэвийн улаан эсийн тоо хангалттай хэмжээгээр байхгүй нөхцөлийг цус багадалт гэнэ. Цусан дахь улаан эс нь хүний биеийн эдүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөдөг бөгөөд цус багадалтын үед улаан эсийн тоо цөөн учир бие махбод хүчилтөрөгчийг хангалттай хэмжээнд авч чадахгүй болдог. Харин цус багадалтын хамгийн түгээмэл хэлбэр бол төмөр дутлын цус багадалт юм.
Цусан дахь улаан эсийн хүчилтөрөгч зөөвөрлөхөд гол үүрэгтэй нэгдэл болох гемоглобин нь найрлагадаа төмөр агуулдаг. Бие махбодод төмөр хангалттай хэмжээгээр байхгүй тохиолдолд гемоглобин нийлэгжихгүй, улаан эс үүсэхгүй болсноор төмөр дутлын цус багадалт үүсдэг гэж ойлгоно. Цус багадалт нь хүүхдийн бие махбодын болон танин мэдэхүйн хөгжил саатах, насанд хүрэгчдийн хөдөлмөрийн бүтээмж буурахад хүргэдэг тул дэлхий дахинд “нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэмээн нэрлэдэг.
“Хүн амын хоол тэжээлийн байдал” Үндэсний V судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдүүдийн 27%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21% цус багадалттай болохыг тогтоосон байдаг. Үүний зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдийн дундах цус багадалтын бараг тал хувь нь архаг үрэвсэлтэй холбоотой байгааг дурдахгүй байж болохгүй.
Энэ удаагийн нийтлэлээр бид төмөр дутлын цус багадалтын талаарх мэдээллүүдийг нэгтгэн танд хүргэж байна.
Төмөр яагаад дутагддаг вэ?
- Цус алдах – Энэ тохиолдолд хүний бие төмрийг бас алдана. Сарын тэмдгийн үед цус ихээр гардаг эмэгтэйчүүд төмөр дутлын цус багадалтын эрсдэлтэй байдаг. Ходоодны шархлаа, өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний ургацаг, бүдүүн шулуун гэдэсний хавдар зэрэг удаан хугацаанд бага хэмжээгээр цус алдах эмгэгүүдийн үед уг цус багадалт үүсэж болно. Мөн жоргүй олгодог өвчин намдаах эмүүдийн тогтмол хэрэглээ хоол боловсруулах замын цус алдалтанд хүргэж болно. Жишээлбэл, аспирин.
- Хоол хүнсээр төмрийг хангалттай авахгүй байх – Бие махбод төмрийг хоол хүнсээр дамжуулан тогтмол авч байдаг. Хоолоор орох төмөр багассанаар дутагдал үүснэ. Төмрөөр баялаг хүнсэнд мах, өндөг, ногоон навчит хүнсний ногоо болон төмрөөр баяжуулсан хүнс зэрэг багтана.
- Төмрийг шимэгдүүлэх чадваргүй байх – Төмөр нарийн гэдэснээс цус руу шимэгддэг. Жишээлбэл, Целиакын өвчний үед гэдэсний хоол хүнснээс тэжээлийн бодис шимэгдүүлэх чадвар өөрчлөгдөж төмөр дутлын цус багадалтад хүргэж болно. Мөн гэдэс тайрах эсвэл гэдсийг өөр хэсэгт холбох хагалгаа нь төмөр болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтэд нөлөөлөх магадлалтай.
- Жирэмслэлт – Жирэмсний үед өсөж буй ургийн хөгжлийг хангах болон эхийн эргэлдэх цусны хэмжээ ихэссэнтэй холбоотой төмрийн хэрэгцээ ихэсдэг. Энэ үед төмрийн бэлдмэл нэмэлтээр хэрэглээгүй олон жирэмсэн эхчүүдэд төмөр дутлын цус багадалт үүсдэг.
Эрсдэлт бүлэгт хэн хамрах вэ?
- Эмэгтэйчүүд – Сарын тэмдгийн үед тогтмол цус алддагтай холбоотой.
- Нярай болон хүүхдүүд – Ялангуяа бага жинтэй болон дутуу төрсөн, хөхний сүү болон нэмэлт тэжээлээр төмрийг хангалттай авч чадахгүй байгаа нярай нь үүнд багтана. Хүүхдийн өсөлт эрчимтэй явагддаг үеүдэд төмрийн хэрэгцээ ихэсдэг. Эдгээр үед төмрийг хангалттай авахгүй бол цус багадалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- Цагаан хоолтон – Мах хэрэглэдэггүй хүмүүс төмрөөр баялаг бусад хүнсийг хэрэглэхгүй бол төмөр дутал үүсэх өндөр эрсдэлтэй байдаг.
- Цусны донор – Тогтмол цусаа өгдөг хүмүүст төмрийн нөөц багасна. Гэвч энэ нь түр зуурын бөгөөд төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэснээр нөхөгддөг.
Төмөр дутлын цус багадалт ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Төмөр дутлын цус багадалт эхэн үедээ мэдэгдэхгүй, хөнгөн байж болно. Биед төмрийн дутагдал гүнзгийрэхэд цус багадалт хүндэрч, шинж тэмдгүүд даамжирдаг. Нийтлэг илрэх шинж тэмдгүүд нь:
- Ядарч сульдах
- Арьс цонхийх
- Цээжээр өвдөх, зүрх дэлсэх эсвэл амьсгаа давчдах
- Толгой өвдөх, толгой эргэх эсвэл ухаан балартах
- Гар, хөл хүйтэн байх
- Хэл хавагнах эсвэл өвдөх
- Хумс хэврэг болох
- Мөс, шороо, шохой зэрэг тэжээллэг бус, хүнсний бус зүйлс идэх хүсэлтэй болох
- Хоолны дуршил буурах – Ялангуяа нярай болон хүүхдэд буурна.
Төмөр дутлын цус багадалтыг хэрхэн оношлох вэ?
Төмөр дутлын цус багадалтыг өөрөө оношилж, дур мэдэн эмчлэхгүйгээр эмчид хандах хэрэгтэй. Учир нь төмрийн бэлдмэлийг ихээр хэрэглэвэл биед хэт хуримтлал үүсэж элэг гэмтээх болон бусад хүндрэлд хүргэж болно. Оношилгоо нь:
- Цусны шинжилгээ
- Нэмэлтээр уян дурангийн болон эхо шинжилгээ
Төмөр дутлын цус багадалтыг хэрхэн эмчлэх вэ?
Төмрийн бэлдмэл хэрэглэх
Энэ нь шахмал болон хүүхэд, нярайд зориулсан шингэн хэлбэрээр байдаг. Төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлэхэд дараах зүйлсийг зөвлөдөг.
- Төмрийг хоосон ходоодон дээр уух – Хэрэв боломжтой бол өлөн үед ууна. Гэвч төмрийн нэмэгдэл нь ходоод цочроож болох учир хоолтой хамт хэрэглэх хэрэгтэй.
- Ходоодны хүчил саармагжуулагч эмтэй хамт хэрэглэхгүй байх – Уг эмүүд төмрийн шимэгдэлтийг саатуулдаг. Төмрийн бэлдмэлийг ходоодны хүчил саармагжуулах эмээс 2 цагийн өмнө эсвэл 4 цагийн дараа хэрэглээрэй.
- С витаминтай хамт хэрэглэх
Төмөр дутал үүсгэж буй өвчнийг эмчлэх
Төмрийн нэмэлт бэлдмэл хэрэглээд цусан дах төмрийн хэмжээ нэмэгдэхгүй бол цус багадалт нь цус алдалт эсвэл шимэгдэлтийн асуудал буйг илтгэнэ. Төмөр дутлын цус багадалтын үед шалтгаанаас хамааран дараах эмчилгээ хийгдэж болно.
- Жирэмслэлтээс хамгаалах эм – Сарын тэмдгийн үед цус ихээр алдахыг багасгах
- Ходоодны шархлаа эмчлэх эм
- Цус алдаж буй ургацаг, хавдар болон хавдрын бус ургалтыг авах мэс засал зэрэг
Хэрэв цус багадалтын хүнд зэрэгтэй бол төмрийн дутал болон гемоглобиныг богино хугацаанд нөхөхийн тулд төмрийн бэлдмэлийг судсаар өгөх эсвэл цус сэлбэдэг.
Төмөр дутлын цус багадалтаас үүдэж ямар хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй вэ?
Хөнгөн зэргийн цус багадалт ихэвчлэн хүндрэл үүсгэхгүй. Гэвч эмчлэхгүй орхисон тохиолдолд даамжирч дараах хүндрэлд хүргэнэ. Үүнд:
- Зүрхний асуудлууд – Төмөр дутлын цус багадалт нь зүрх жигд бус, түргэн цохилоход хүргэдэг. Цус багадалтын үед бие махбодод хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр очихгүй байсны улмаас зүрх илүү хүчтэй, түргэн цохилж цусаа түгээдэг. Энэ нь зүрхний томрол болон дутагдалд хүргэдэг.
- Жирэмсэн үед тулгарах асуудлууд – Жирэмсэн эмэгтэйчүүдэд төмөр дутлын хүнд зэргийн цус багадалт нь дутуу төрөлт болон бага жинтэй нярайтай холбоотой байдаг. Гэхдээ жирэмсний явцад төмрийн бэлдмэл хэрэглэснээр эдгээрээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
- Өсөлтийн асуудлууд – Нярай болон хүүхдэд төмрийн хүнд зэргийн дутагдал нь цус багадалт болон өсөлт, хөгжлийн хоцрогдолд хүргэж болдог. Мөн энэ цус багадалт нь халдварт өртөмхий байдал ихсэхтэй холбоотой.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Төмрөөр баялаг хүнс хэрэглэснээр уг өвчний эрсдэлийг бууруулж болно. Үүнд:
- Улаан мах, гахай болон тахианы мах
- Далайн гаралтай хүнс
- Буурцаг, шош
- Хар ногоон навчит хүнсний ногоо
- Хатаасан үзэм, чангаанз зэрэг жимс
- Төмрөөр баяжуулсан үр тариа, талх, гоймон
Хүний бие махбод махнаас төмрийг бусад хүнснээс илүү сайн шимэгдүүлж авдаг. Тиймээс мах иддэггүй бол төмрөөр баялаг ургамлын гаралтай хүнсний хэрэглээг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй.
Витамин С агуулсан хүнс хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг сайжрулдаг. Төмрөөр баялаг хүнс хэрэглэх үедээ цитрусын төрлийн жимсний шүүс уух болон бусад витамин С ихээр агуулсан хүнс ийг хамт хэрэглэх нь шимэгдэлтэд тустай.
Витамин С агуулсан бусад хүнс:
- Брокколи
- Усан үзэм
- Киви
- Навчит ногоонууд
- Амтат гуа
- Жүрж
- Чинжүү
- Гүзээлзгэнэ
- Улаан лооль
Нярайг төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх:
Хүүхдийг эхний жил хөхөөр сүүгээр эсвэл төмрөөр баяжуулсан нэмэлт тэжээлээр хооллох хэрэгтэй.
Үхрийн сүүнд төмрийн агууламж их биш бөгөөд 1 хүртэлх настай хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй байна. Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн төмрийн хэрэглээг нь нэмэгдүүлэхийн тулд төмрөөр баяжуулсан үр тариа эсвэл нухаш махаар багадаа өдөрт 2 удаа хооллоорой. Харин 1 наснаас нь эхлэн хүүхдэд өдөрт 591 мл-ээс илүү сүү уулгахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хэт их сүү ихэвчлэн төмрөөр баялаг хүнсийг орлодог байна.
PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг авна уу.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: