Зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл (Перикардит)
Зүрхийг бүрхэж хамгаалдаг нимгэн үнхэлцэг хальс үрэвсэж хавдахыг зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл буюу перикардит гэнэ. Үрэвссэн давхаргууд бие биедээ шүргэлцэж үрэгдэхэд цээжээр хүчтэй хатгуулах өвдөлт мэдрэгддэг.
Перикардит нь ихэвчлэн гэнэт өвдөж удалгүй зүгээр болох боловч удаан хугацаанд өвдөж байвал архаг хэлбэрт шилжсэн байна гэсэн үг.
Хүндрээгүй перикардит өөрөө аажимдаа эдгэрдэг бол хүндэрсэн тохиолдолд эмчилгээ шаардлагатай.
Шалтгаан
Зүрхийг үнхэлцэг хальс нь бага зэргийн шингэн агуулдаг. Харин перикардитын үед хальс үрэвсэж, шингэн багасаж зүрхээр хатгуулж өвдөхөд хүргэдэг байна.
Перикардитын шалтгааныг яг нарийн тодорхойлох боломжгүй ч зүрхний шигдээсийн дараа өвчлөх магадлал нэмэгддэг. Мөн дараах нөхцөл байдал нөлөөлнө. Үүнд:
- Хэрх өвчин
- Цээжний гэмтэл
- Аутоиммун эмгэг
- ХДХВ/ДОХ, сүрьеэ
- Вирус, бактерийн халдвар, мөөгөнцрийн халдварууд
- Бөөрний дутагдал
- Хорт хавдар
- Тодорхой төрлийн эм урт хугацаагаар уух
Шинж тэмдэг
- Цээжний зүүн хэсгээр, хавирганы дотор талд цочмог хатгаж өвдөх (Зүрхээр хатгуулах)
- Зарим тохиолдолд зүүн мөр, хүзүү хатгаж өвдөх
- Хэвтэж, ханиалгах, гүнзгий амьсгал авахад өвчин нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Гэнэтийн перикардит нь хэдэн долоо хоногийг турш үргэлжилдэг. Харин 6 долоо хоногийн турш өвдөхгүй байж байгаад 6 долоо хоногийн турш үргэлжилж, дахин 6 долоо хоногийн турш шинж тэмдэг ажиглагдахгүй байх давтамжтайгаар цээж байнга хатгуулан өвдөж байгаа бол архаг хэлбэрт шилжсэн гэж үзнэ. Архаг хэлбэрийн перикардитын үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана.
- Цээжний голд эсвэл зүүн хэсэгт хатгуулж өвдөх
- Амьсгал давхцах
- Бага зэрэг халуурах
- Ядарч сульдах
- Ханиалгах
- Хэвлий болон хөлөөр хөөж хавагнах шинж тэмдэг илэрдэг.
Цээж хатгуулж өвдөх нь олон дахин давтагдах, бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандаарай. Учир нь эдгээр шинж тэмдэг нь зүрхний дутагдал, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны нарийсал зэрэг бусад аюултай өвчнүүдийн үед ч илэрдэг.
Хүндрэл
- Үнхэлцэг хальсны хатуурал – Үнхэлцэг хальс удаан хугацаанд үрэвссэнээр зузаарч, уян хатан чанараа алддаг. Ингэснээр зүрхний хэвийн үйл ажиллагааг зогсоох аюултай. Хэрэв үнхэлцэг хальс хатуурсан бол хөл, хэвлийгээр хөөж хавагнах шинж тэмдэг ажиглагдана.
- Зүрхэнд шингэн хурах – Үнхэлцэг хальсанд хэт их шингэн хуралдаж зүрхийг хэвийн ажиллахад саад болж, бүтэн цус шахах боломжгүй болгоно. Энэ өвчнийг хурдан эмчлэхгүй бол амь насанд аюултай болдог.
Шинж тэмдэг илрэх үед нь эмчид хандаж, перикардитыг эмчилснээр эдгээр хүндрэлүүдээс зайлсхийх боломжтой.
Оношилгоо
- Зүрхний бичлэг
- Цээжний рентген
- Компьютер томографи
- MRI
Урьдчилан сэргийлэх
- С витамин тогтмол уух
- Хүнсэндээ сармис тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Хүндрээгүй перикардитын үед сайн амарч, өвчин намдаах эм хэрэглэхэд зүгээр болдог.