Өсөлтгүй жирэмслэлт
Тодорхой шалтгааны улмаас ураг хэвлийд хангалттай томорч чадахгүй, өсөхгүй байхыг өсөлтгүй жирэмслэлт гэнэ. Ураг хангалттай өсөхгүй байх нь жин багатай хүүхэд төрөх, урагт очих хүчилтөрөгчийн хэмжээ бага байх, цусан дах сахарын хэмжээ буурах, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх, ургийн биеийн хэм бага байх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэдэг.
Өсөлтгүй жирэмслэлтийн хөнгөн хэлбэрийн улмаас жин багатай эсвэл дутуу төрсөн тохиолдол нь хүүхдэд урт хугацааны эрүүл мэндийн хүндрэл үүсгэдэггүй. Энэ тохиолдолд ихэнх хүүхэд 2 нас хүрэх үедээ хэвийн өндөр, жинтэй болсон байдаг. Харин хүнд хэлбэрийн өсөлтгүй жирэмслэлт нь хүүхэд төрөхийн өмнө болон дараах олон төрлийн эрүүл мэндийн асуудлуудыг дагуулж байдаг.
Шалтгаан
Ураг эхийн хэвлийд амьгүй болох, өсөлтгүй болох нь олон янзын шалтгаанттай. Ихэвчлэн эхийн эрүүл мэндийн байдал, ихэстэй холбоотой байдаг. Ихэс нь эх болон ургийг холбох чухал эд бөгөөд урагт хүчилтөрөгч, шим тэжээлийг дамжуулж, ургаас шаардлагагүй хаягдлыг гадагшлуулах гол үүрэгтэй.
Ихэсд асуудал үүсэх шалтгаанууд нь:
- Чихрийн шижин
- Цусны даралт өндөр байх
- Тэмбүү, заг хүйтэн, хомхой зэрэг БЗХӨ-тэй байх
- Бөөрний болон уушгины өвчтэй байх
- Цус багадалт, шим тэжээлийн дутагдалтай байх
- Архи уух, тамхи татах
- Ураг ихэр байх
- Ураг төрөлхийн хромосомын гажигтай байх
Шинж тэмдэг
Ураг өсөлтгүй болсон үед ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй. Зарим хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байхад заримд нь хэвлийн доод хэсгээр өвдөх, доош цусархаг ялгадас гарах шинж илрэх нь бий.
Урьдчилан сэргийлэлт
Эхийн бие эрүүл байсан ч ургийн хөгжил муудах, амьгүй болох эрсдэлтэй учраас эрүүл жирэмслэхийн тулд дараах арга хэмжээг аваарай.
- Эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгөх
- Ургийн хөдөлгөөнийг анхаарч, хөдөлгөөн нь удаашрах, хөдлөхгүй байх зэрэг байдал ажиглагдвал яаралтай эмчид хандах
- Урагт сөрөг нөлөөтэй эм уухгүй байх
- Архи, тамхи хэрэглэхгүй
- Сайн унтаж амрах.
Оношилгоо
- Хэт авиа – Хүүхдийн өсөлтийг хэт авиагаар харахад биеийн хэмжээ жижиг байх
- Ургийн тархины хөгжлийг үзэхэд муу байх
- Эхийн жин хангалттай хэмжээнд хүрэхгүй байх
- Ургийн зүрхний цохилт сул байвал өсөлтгүй жирэмслэлт гэж үзнэ.
- Мөн эхийн дотоод халдварыг TORCH вирусийн шинжилгээгээр оношилно.
Эмчилгээ
Өсөлтгүй жирэмслэлт нь жирэмсний аль ч хугацаанд тохиолдож болно. Тэр дундаа жирэмсний эхний гурван сард тохиолдох магадлал илүү өндөр байдаг.
Өсөлтгүй жирэмслэлт гэж оношлогдвол ургийн амьгүй болсон шалтгааныг тодруулж, эмчилгээ хийлгэснээр дахин жирэмслэх боломжтой болох юм.
Анхаарах зүйл нь өсөлтгүй жирэмслэлтийн дараагийн жирэмслэх хугацааг 8 сараас нэг жилээр хойшлуулах шаардлагатай. Энэ хугацаанд бүрэн эмчилгээ хийлгэж, эх эрүүлжих нь чухал. Эмчилгээ бүрэн хийлгээгүй жирэмслэх нь дахин өсөлтгүй жирэмслэх, ураг амьгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.