Хамрын дайвар хөндийн үрэвсэл
Хүний гавлын ясны хөндийд хамрыг тойрон байрлах дөрвөн хос, найман дайвар хөндий бий. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсдэг ба олон удаа үрэвсэл давтагдаж, удаан хугацаанд өвчилбөл архаг үрэвсэл болдог.
Ихэвчлэн ханиад хүрсний дараагаар хамрын хөндий үрэвсдэг бөгөөд нянгийн халдвар ороогүй бол 10 хоногийн дотор эдгэрнэ.
Хурц хэлбэрийн үрэвслийг гэрийн нөхцөлд эмчилж болох боловч, 12 долоо хоногоос дээш хугацаанд үрэвсэл арилахгүй байх тохиолдолд архаг хэлбэрт шилжин бусад хүндрэлүүдийн эх үүсвэр болох аюултай.
Шалтгаан
Хэн ч хамрын дайвар хөндийн үрэвсэл тусч болно. Хурц хэлбэрийн хамрын хөндийн үрэвсэл нь ихэвчлэн ханиад, томуу хүрсний дараагаар үүсдэг. Зарим тохиолдолд нянгийн халдвараар үүсгэгддэг.
Үрэвсэл үүсэхэд нөлөөлөх эрсдэлд хүчин зүйлс
- Хамрын таславч муруй, тэгш бус байх
- Хамрын хөндийд яс ургах
- Хамрын ургацаг
- Хамрын харшил
- Хөгцтэй орчинд удаан байх
- Дархлаа сулрах
- Тамхи
- Кистозон фиброз – уушгинд салст өртгөрч бөглөрөхөд хүргэдэг нэг төрлийн эмгэг
- Шүдний өвчин
Шинж тэмдэг
Хамрын хөндийн эргэн тойронд хавдаж үрэвсэх нь хамрын дайвар хөндийн хурц хэлбэрийн үрэвслийн үндсэн шинж тэмдэг бөгөөд амьсгалахад бэрх болж нүдний эргэн тойрон, нүүрээр хавдаж, нүүр толгойгоор хүчтэй өвдөнө.
- Хамраараа амьсгалахад бэрх болох, ямар нэгэн зүйл тээглэсэн юм шиг санагдах
- Хамар битүүрэх
- Чих өвдөх
- Толгой өвдөх
- Эрүүний урд хэсгээр өвдөх, шүд янгинах
- Үнэрлэх, амтлах мэдрэмж муудах
- Амьсгал эвгүй үнэртэй болох
- Заримдаа эвгүй амттай зүйл залгигдах
- Ядрах
- Халуурах
Хэрэв дараах шинж тэмдэг илэрч байгаа бол нянгийн халдвар авч өвчин улам даамжирч байгааг илтгэнэ.
- Нүдний эргэн тойронд өвдөлт мэдрэгдэж, хавдах
- Дух хавдар
- Толгой өвдөх
- Шүд бүхэлдээ янгинах
- Өндөр халуурах
- Ухаан балартах
- Нүд бүрэлзэх
- Хүзүү хөших
Хүндрэл
Архаг хэлбэрийн хамрын дайвар хөндийн үрэвсэл – Үрэвсэл удаан хугацаанд эдгэрэхгүй байх, олон дахин үрэвсэх тохиолдолд архаг хэлбэрт шилжинэ.
Менингит – Нянгийн халдвар нь тархинд идээт шингэн хуралдахад хүргэдэг.
Бусад эрхтэнд халдварлах – Ховор тохиолдолд яс болон арьсанд халдварлан үрэвсүүлнэ.
Үнэрлэх мэдрэмж алдагдах – Хамрын хөндийд бөглөрөл үүсэн үнэрлэх мэдрэмж хэсэг хугацаанд алдагдах магадлалтай.
Хараагүй болох – Хамрын үрэвсэл нүдэнд халдварлан хараагүй болох тохиолдол бий.
Урьдчилан сэргийлэлт
Дараах арга хэмжээг авах нь хамрын дайвар хөндийн хурц үрэвслээр өвчлөх магадлалыг багасгана, Үүнд:
- Ханиад хүрэхгүй байх,ханиаднаас урьдчилан сэргийлэх
- Гараа тогтмол угаах
- Харшилтай бол харшлаа өдөөхгүй байх
- Гэрийн агаарыг цэвэршүүлж, байнга чийгтэй цэвэрлэгээ хийж байх
Оношилгоо
Хамар дурандах – нарийн гуурсыг хамрыг үзүүрээр оруулж дурандаж харна.
Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – хамрын дотор хэсэгт үүсгэвэр үүссэн эсэхийг үзнэ.
Харшлын сорил – хэрэв харшлаас үүдэлтэйгээр хамрын дайвар хөндий үрэвссэн бол харшлыг намдаах эмчилгээ хийнэ.
Хамраас идээ гарч байгаа бол дээж авч шинжлэх