Өсвөр үе яагаад хамгийн хүнд байдаг вэ?
Өмнөх нийтлэлд бид өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Энэ удаад бид өсвөр үед бие махбод болоод сэтгэл зүйн хувьд чухам ямар өөрчлөлтүүд явагддаг талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Аливаа асуудлын учир шалтгааныг мэдэх нь шийдэл олоход илүү дөт замыг зааж өгдөг шүү дээ.
Тархины хөгжлийн тухайд
Охидын хувьд 11, хөвгүүдийн хувьд 14 нас хүрэхэд тархины хэмжээ насанд хүрэгчидтэй ижил болсон байна. Хэмжээний хувьд дахин нэмэгдэхгүй ч 25 нас хүртэл тархины хөгжил явагддаг гэж үздэг бөгөөд энэ нь бие махбодод явагдах амаргүй өөрчлөлтүүдийг нэг аж. Өсвөр насанд тархины голлох үүргүүдийг хариуцах хэсгүүд бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг. Нэг жишээ дурдахад тархины духны хэсгийн хөгжил явагдсаар байна. Тархины энэ хэсэг нь бодож сэтгэх, өөрийн үйлдлийн үр дагаврыг тооцоолох, төлөвлөх зэрэг чухал үүргүүдийг хариуцах аж. Ийм ч учраас өсвөр насныхан эрсдэлтэй зан үйлд өртөмтгий байдаг гэж хэлж болох юм.
Бэлгийн бойжилтын тухайд
Бэлгийн бойжилтын анхны шинж тэмдгүүд 10 наснаас эхэлнэ. Энэ үед хөхний булчирхай томрох, суга, умдаг зэрэг хэсгийн үс ургах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Өсвөр насны дунд үе нь бэлгийн бойжилтын хамгийн оргил үе байдаг. Энэ үед бөөрний дээд булчирхайгаас бөөрний дээд булчирхайн дааврууд маш ихээр ялгардаг. Бидний мэдэх өсвөр үеийн нийтлэг шинжүүд болох батгашилт, үс ургах, их хэмжээгээр хөлрөх зэрэг нь үүнээс үүдэлтэй аж.
Түүнчлэн охидын хувьд сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй байдаг. Бэлгийн бойжилтын анхны шинж тэмдгүүд илэрснээс хойш 2 – 2.5 жилийн дараагаар анхны сарын тэмдэг буюу менархе ирж эхэлдэг. Бэлгийн бойжилт гэдэг мань өнчин тархи, бэлгийн булчирхайн тэнхлэгийн идэвхжлийн дагуу удирдагдаж байдаг. Гэвч сарын тэмдэг ирсний дараах эхний хоёр жил гипоталамус өнчин тархи бэлгийн булчирхайн тэнхлэг мань бүрэн хөгжиж амжаагүй байдаг тул сарын тэмдгийн мөчлөг бас тогтворгүй байдаг аж. Сарын тэмдэг анх ирснээс хойш 2-3 жилийн дотор мөчлөг тогтворгүй байх нь хэвийн. Хэрэв 3 ба түүнээс дээш жил үргэлжилбэл өсвөр үеийн, охидын эмчид үзүүлэх шаардлагатай юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухайд
Дээр дурдсанчлан өсвөр насанд бие махбодод маш олон өөрчлөлтүүд орж байгаагаас улбаалан их хэмжээний даавар ялгарч байдаг. Даавар тус бүр нь хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйл болоод бие бялдрын хөгжилд чухал ач холбогдол үзүүлэх юм. Хүүхэд өөрөө энэ бүгдийн нарийн учир шалтгааныг мэддэггүй тул өсвөр үе ихээхэн хүндээр тусахын зэрэгцээ зан ааш тогтворгүй байна.
Эдгээр өөрчлөлтүүд нь хүүхэд сэтгэцийн тулгамдсан асуудалтай болох эрсдэлийг бий болгож байдаг. Эцэг эхчүүд үүнийг хэрхэн таньж мэдэж болох вэ? Хүүхэд хамгийн их дуртай, сонирхож байсан зүйлдээ огт сонирхолгүй болох, эсвэл хэт их унтах, эсвэл огт унтаж чадахгүй байх, хэт их идэх, эсвэл огт хоол идэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илэрч эхэлдэг. Өөр нэг ноцтой шинж тэмдэг бол өөрийн хамгийн хайртай эд зүйлээ ямар нэгэн цаад санаа агуулж хүнд өгөх. Тодруулбал “Би тухайн үед яахаа мэдэхгүй учир чамд өгье” гэх мэтчилэн далд санаа, утга агуулах нь ноцтой шинжийн илрэл юм. Иймд, эдгээр шинж тэмдгүүд ажиглагдсан тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах шаардлагатай.
Өсвөр нас гэдэг өөрөө маш онцлог нас. Эдгээр онцлогийн нэг жишээг дурдахад, хүүхэд бага насандаа илүү их гэр бүлтэйгээ байхад тааламжтай байдаг бол өсвөр насанд нийгмийн дунд орох эрэлт хэрэгцээ нь маш өндөр аж. Ийм учраас үе тэнгийнхэн, найз нөхөд, хамт олны дунд байх хүсэл нь давамгайлдаг гэсэн үг.
Хорт зуршлын тухайд
Хүүхдийн тархины зарим хэсгийн хөгжил гүйцэд явагдаагүй байдаг тул зөв бурууг дэнслэхэд хүндрэлтэй тохиолдлууд олонтаа бий. Яг энэ насан дээрээ хүүхэд өөрийгөө сорих, эрсдэлт зан үйл рүү их тэмүүлдэг. Энэ нь өөрөө өсвөр насны хөгжлийн нэгэн үе шат болдог аж. Хорт зуршилд автах нь хүрээлэн буй орчин болох гэр бүл, ангийн хамт олон, найз нөхдөөс багагүй хэмжээнд хамааралтай юм. Хамгийн чухал хүчин зүйл бол гэр бүлийн харилцаа болоод орчин. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг муу зуршилд автах эрсдэлээс хамгаалахын тулд нэн түрүүнд өөрийн үйлдлээр үлгэрлэх хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ битгий тамхи татаасай гэж хүсдэг бол хажууд нь тамхи татаж харагдаж болохгүй. Хүүхдийн өсөх орчин согтууруулах ундаа болоод тамхи зэргээс ангид байх шаардлагатай!
Үүний зэрэгцээ хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх нийгэм, сэтгэл зүйн эрсдэлт хүчин зүйлээс нэг л байх нь зан авир улам тогтворгүй болох, хорт зуршилд өртөх эрсдэлийг өндөр болгодог. Иймд, хүүхдийн өсөлт хөгжлийн энэ онцгой үед эцэг, эх та онцгой анхаарах шаардлагатай юм.
Эрүүл мэндийн тухайд
Өсвөр нас бол бие махбодын хувьд хамгийн эрүүл үе юм. Гэвч нөгөөтээгүүр биеийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаатай холбоотой зовуурууд ихээр ажиглагддаг. Тухайлбал, толгой, гэдэс, цээж өвдөх зэрэг зовуурууд түлхүү хэлдэг. Энэ нь бие махбодод гарч буй өөрчлөлтийн нөлөөгөөр хүүхдэд илрэх магадлалтай тул ямарваа нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд та хүүхдийг амраахыг хичээгээрэй. Мөн өсвөр үеийн эрүүл мэндийн чухал асуудал бол урьдчилан сэргийлэлт. Цаашдын амьдралд эрүүл мэндэд үүдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх юм. Иймд, шаардлагатай үзлэг оношилгоонд цаг тухай бүрд хамрагдахыг зөвлөж байна.
Бэлгийн харьцааны тухайд
Олон улс орнуудад хийгдсэн судалгааны үр дүнгээр хүүхэд болон эцэг эх хооронд бэлгийн харьцааны талаар хэр зэрэг нээлттэй ярилцаж чадаж байгаагаас хамаарч төдий чинээ энэ хугацаа хойшилдог болохыг баталсан байдаг. Түүнчлэн энэ сэдвээр нээлттэй ярилцах нь хүүхдийг аюулгүй сонголт хийхэд тус дэмтэй байдаг аж. Иймд эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийн насанд тохирсон мэдээллийг цаг тухай бүрд нь өгч байх нь чухал. Өсвөр нас эхлэх үед хүүхдийн бие махбод, эд эрхтэнд гарах өөрчлөлтүүдийг тайлбарлаж, тэдгээрийн үүргийн талаар ярилцаж болох юм. Эцэг эхчүүдийн гаргадаг нэг том алдаа бол хүүхдийг нас нь болоогүй гэж боддогт байдаг. Яг хэрэгцээтэй насандаа эцэг эхээсээ мэдээлэл авч чадаагүй хүүхэд тухайн мэдлэгийг найз нөхөд, цахим орчин гэх мэт баталгаагүй эх сурвалжаас авах магадлал өндөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насны хүүхдээ хэрхэн дэмжих вэ?
Өсвөр насны хүүхдийг дэмжих хамгийн чухал арга бол нээлттэй ярилцах байдаг. Хүүхэдтэйгээ харилцахдаа шүүмжилсэн өнгө аясаар харьцахаас зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн аливааг хүчээр шийдэж огт болохгүй юм. Хүүхдийн санал бодлыг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргахад нь тусалж, “чи хүүхэд” гэсэн тэнцүү бус хандлага гаргахаас зайлсхийж чадвал хүүхэд ба эцэг эхийн хооронд итгэлтэй, халуун дулаан, нээлттэй харилцаа бий болно. Иймд та өдөр бүр бага болов ч чанартай цагийг хүүхэдтэйгээ ярилцах, асуудлыг нь сонсох, хамтдаа шийдэл эрэлхийлэхэд зарцуулаарай.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube