Алцхеймер өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Анагаах ухаанд 1906 онд Герман улсын сэтгэцийн эмч Алиос Альцгеймер анх удаа хүний ой санамж муудах, өдөр тутмын энгийн дадлыг гүйцэтгэх боломжгүй болгож буй өвчний эмгэг жамыг тодорхойлж бичсэн байдаг. Алцхеймерийн өвчний үед тархины эсүүд сөнөрөлд орж хэвийн буус уураг (амилойд плак эсвэл зангилаа ороомог гэж нэрлэнэ) хуримтлуулдаг. Үр дүнд нь тархины эд агшиж, оюун ухаан доройтож, тэнэгрэлд орно.
Тэнэгрэл нь тархины өвчнөөс шалтгаалан бий болох оюуны доройтол юм. Гол төлөв ой санамжаа алдах, будлиу болох, оюуны ерөнхий чадамж доройтох зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Харин Алцхеймер өвчин нь тэнэгрэлийн хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. Эрүүл тархинд цахилгаан дохиог дотоод эрхтэн болон булчинд дамжуулдаг 10 тэрбум нейрон байдаг. Алцгеймерийн өвчин нь энэхүү мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоог тасалдуулж, улмаар үйл ажиллагаа нь буурч, тархины эсүүдийг үхэлд хүргэдэг.
Алхцеймер өвчин ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог ч, сүүлийн үед 65-аас доош насны хүмүүст ч багагүй оношлогдох болсон аж. Уг өвчин нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдох бөгөөд шалтгаан нь мөн л тодорхой бус байдаг. Гэвч зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс урт байдагтай холбон ойлгодог ч өнөөгийн байдлаар анагаах ухаанд үүнийг баталсан ямар нэгэн судалгаа байхгүй байгаа юм.
Алцхеймерийн өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Уг өвчний эхэн үед тархины ой санамж, хэл яриаг хариуцдаг хэсгүүдэд нөлөөлдөг тул мартамхай болох, хэл ярианд өөрчлөлт гарах шинж тэмдэг ажиглагдана
- Өвчний явцад тархины гол хэсэг гэмтэж улмаар бие даан ажиллах чадвараа аажмаар алддаг
- Төлөвлөгөө гаргах, энгийн арифметик үйлдэл хийхэд хүндрэлтэй болно
- Зан ааш өөрчлөгдөнө
- Төвлөрөлт муудах
- Нойргүйдэж, улмаар сэтгэл гутрах эмгэгт өртөх эрсдэл нэмэгдэнэ
- Өдөр тутмын энгийн дадлыг хийхэд урьд өмнөхөөс илүү хүчин чармайлт шаардлагатай болно
- Зүг чигийн баримжаа алдах, орон зайн мэдрэмжээ алдах, төөрөх
- Дуртай зүйлдээ сонирхолгүй болох
- Гадуурхагдсан мэдрэмж авах
Эдгээр нь алцхеймерийн өвчний үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд юм. Эрт оношилгоо болоод өвчний явцаас хамааран хүн бүрд шинж тэмдэг харилцан адилгүй илэрнэ.
Эрсдэлт бүлэгт хэн багтах вэ?
- 65-аас дээш насны хүмүүс
- Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүс
- Хэт их илүүдэл жинтэй
- Толгойн гол артерийн атеросклероз болон өөр бусад эмгэгээр өвчилсөн хүмүүс
- Удаан хугацаанд согтууруулах ундаа, тамхи зэрэг хорт зуршилтай байсан хүмүүс
- Хөдөлгөөний дутагдал
- Буруу хооллолт
Хэдийгээр алцхемерийн өвчин үүсгэгч зарим нэг эрсдэлт хүчин зүлсийг тогтоосон ч гол шалтгаан нь тохиолдол бүрийн ихэнхд тодорхойгүй хэвээр байна. Цөөн тохиолдолд уг өвчин удамшдаг бөгөөд өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг ген тодорхойлогдсон. Тухайлбал, 19-р хромосомд байрлалтай АРОЕ (Аполипопротейн Е) гэх ген нь өндөр настай хүмүүст алцхеймерийн өвчин үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон аж.
Хэзээ эмчид хандах вэ?
Анхны шинж тэмдэг танд ажиглагдаж эхлэх үед эмчид хандаж шаардлагатай зөвлөгөөг авах нь зүйтэй юм. Хэдийгээр алцхеймерийн өвчнийг бүрэн эмчлэх арга байдаггүй ч ацетихолинэстеразын дарангуйлагч эм ууснаар өвчний явцыг удаашруулах боломжтой байна. Иймд эрт оношилгоо хийлгэх нь хамгийн чухал. Өвчний эхэн үед илрэх шинж тэмдгийг ихэнх хүмүүс тоодоггүй, зарим тохиолдолд мэдэж байгаа ч тодорхой арга хэмжээ авахаас татгалзах нь бий. Гэвч алцхеймерийн өвчний үед гэр бүл, ойр дотныyхны тусламж хамгийн их шаардлагатай байдаг. Алхцхеймерийн өвчин оношлогдсоны дараагаар 10 гаруй жил хүртэл амьдардаг аж.
Оношилгооны тухайд
Алцхеймерийн өвчнийг оношлох сорил байдаггүй. Эмч тухайн өвчтөнтэй болон түүний гэр бүлийнхэнтэй нь өвчний шинж тэмдгийн тухай ярилцана. Уг өвчин тэнэгрэл үүсгэдэг өөр төрлийн өвчнөөс үүсээгүй болохыг батлахын тулд сорил хийх боломжтой. Тухайлбал, цусны шинжилгээгээр В витамины дутагдал, СРТ болон КТ, ПЦТ шинжилгээгээр тархины шигдээсээс үүдэлтэй тэнэгрэл, хатуу бүрхүүл доорх цус алдалт, тархины хавдар биш гэдгийг баталгаажуулна. Өвчтөний оюуны чадварыг үнэлэхийн тулд ой санамж, бичгийн сорил зэргийг боломжтой аж.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь, сэжигтэй шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол эмч, мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube