Архаг хэлбэрийн хамар дайвар хөндийн идээт үрэвсэл
Хамрын дайвар хөндий 8 долоо хоног болон түүнээс дээш хугацаанд үрэвсэж хавдахад архаг хэлбэртэй үрэвсэл болно. Энэ өвчний үед хамрын хөндийд идээ үүсч хамраар амьсгалахад бэрх болдог. Мөн нүдний эргэн тойронд болон нүүрээр хавдаж, толгой хүчтэй янгинаж өвдөнө.
Энэ үрэвсэл нь хамар дотор ургацаг үүссэнээс үүдсэн байх тохиолдол бий. Ихэвчлэн насанд хүрсэн хүний хамрын дайвар хөндий архаг хэлбэртэй болтлоо үрэвсдэг.
Шалтгаан
- Хамрын хөндийд хавдар эсвэл ургацаг үүсэх
- Харшлаас үүдэлтэй үрэвссэн бол
- Хамрын хөндийн хана үрэвссэн бол
- Бусад өвчнөөс үүдэлтэй хамрын хөндий үрэвссэн бол
- Дархлаа муудсан бол хамрын дайвар хөндий үрэвссэн байх магадлалтай.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Аспиринд хэт мэдрэг байх
- ХДХВ болон бусад дархлааны өвчтэй байх
- Харшилтай байх
- Гуурсан хоолойн багтраа өвчтэй байх (Астма) – Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 1/5 ньастматай байдаг.
- Тамхи татдаг байх зэрэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Шинж тэмдэг
Архаг болон хурц хэлбэрийн үрэвслүүд нь төстэй шинж тэмдэгтэй боловч хурц хэлбэртэй үрэвсэл нь ханиадны дараагаар үүсдэг түр хугацааны өвчин юм. Дараах шинж тэмдгүүдээс дор хаяж 2 нь илэрсэн тохиолдолд архаг хэлбэрт шилжсэн гэж үздэг.
- Өтгөн, шар ногоон өнгийн идээ хамраас гарах
- Хамар битүүрч амьсгалахад бэрх болох
- Нүдний эргэн тойронд, хамар, дух, хацраар хавдаж хөндүүр болох
- Үнэрлэх амтлах мэдрэмж муудах
- Чих өвдөх
- Эрүүний урд хэсгээр, шүдээр янгинаж өвдөх
- Ханиалгах
- Хоолой өвдөх
- Эвгүй үнэртэй амьсгал
- Дотор муухайрах
Хурц хэлбэрийн үрэвслийн үед халуурдаг бол архаг хэлбэрт шилжсэн үед ядарч сульддаг. Хэрэв 8-12 долоо хоногийн хугацаанд ханиадны дараах хамрын үрэвсэл намдаагүй бол өвчин даамжирсан гэсэн үг.
Хүндрэлүүд
- Багтрааг өдөөх
- Менингит болох – Тархийг хүрээлсэн мембраныг үрэвсүүлж шингэн хурах
- Харааны асуудлууд – Нүдний аяганд халдвар орж хараа муудах, хараагүй болоход хүргэх
- Аневризм буюуцүлхэн үүсгэх
- Цусанд бүлэн үүсэх зэрэг хүндрэлүүд бий болж болно.
Урьдчилан сэргийлэх
- Ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх
- Харшилтай бол харшлаа өдөөхгүй байх
- Тамхи татахгүй байх
- Агаарын бохирдлоос зайлсхийх
- Гэртээ үргэлж чийгтэй цэвэрлэгээ хийж агаараа цэвэршүүлж байх
Зөвлөгөө
Хэрэв архаг хэлбэрийн хамрын дайвар хөндийн үрэвслээр өвчилсөн бол дараах арга хэмжээг аваарай.
- Амрах: Амарснаас үрэвсэл намдаж, эдгэрэл хурдасна
- Их хэмжээний шингэн уух: Ус эсвэл жимсний шүүс ууж шингэний дутагдалд орохоос сэргийлээрэй. Өдөрт 6-8 аяга шингэн ууна.
- Алкоголь болон кофе уухгүй байх: Түүний оронд амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, эсвэл байгалийн гаралтай дархлал дэмжих бэлдмэл хэрэглэх
- Хамрын хөндийг халуун ус буцалгаж уураар утах: Орой бүр буцалсан 1 литр усанд 2-3 хумс сармис бутлан хийж уураар нь 15-20 минут утах
- Хамрын хөндийг зориулалтын шингэнээр зайлах: Буцалсан бүлээн усанд 1 цайны халбага давс хийн уустал хутгана. Найруулсан шингэнээ шприз-нд соруулан хамрын нэг нүхрүү хүчтэй шахна. Энэ маягаар хамрын 2 нүхрүү ээлжлэн шахаж хамрын хөндийг цэвэрлэнэ.
- Витамин С: Витамин С нь үрэвсэл дарах үйлчилгээтэй. Өдөрт 1000мг витамин С хэрэглэвэл үрэвслийн эсрэг эмчилгээ болдог. Мөн жүрж, нимбэг зэргийн жимс хэрэглэхийг зөвлөж байна. 1 уут витамин С үрлийг нунтаглан 1 аяга халуун усанд уусган ууна.
- Нүүрэндээ бүлээн жин тавьж хавангаа бууруулах
Эмчилгээ
Эмчилгээний гол зорилго нь хамрын хөндийн үрэвслийг дарах, хамрын битүүрлийг арилгах, үүссэн шалтгааныг эмчлэхэд оршино. Үүний тулд хамрын цацлага, хамрын дусаалга, үрэвсэл дарах эм болон тариа, өвчин намдаах эм зэргийг эмчийн зааврын дагуу уух бөгөөд нянгийн халдвар авсан бол антибиотик хэрэглэнэ. Хэрэв хамрын хөндийд ургацаг үүссэн бол хагалгааны аргаар ургацагийг авдаг.