Нүдний даралт
Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихсэж харааны мэдрэлийг гэмтээн улмаар хараа муудахад хүргэх өвчнийг нүдний даралт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн нас ахисан хүмүүс өвчлөх хандлагатай байдаг.
Нүдний даралтын эхэн үед хараа муудахаас бусад шинж тэмдэг илэрдэггүй тул ихэвчлэн хүндэрсний дараагаар оношлогдоно. Нүдний даралт нь хүндэрвэл хараагүй болгох аюултай. Харин эхэн үед нь оношилж чадвал хараагүй болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.
Төрөл
Анхдагч хаалттай өнцөгт
Нүдний эвэрлэг бүрхэвч болон солонгон бүрхэвчийн уулзах өнцөг хаагдан, ялгарсан шингэн гадагшилж чадахгүй байхад хүрнэ.
Анхдагч нээлттэй өнцөгт
Энэ нь хамгийн элбэг төрлийн нүдний даралт бөгөөд дамжуулагч эдэд бөглөрөл үүсэн шингэн гадагшлахгүй байх тохиолдлыг хэлнэ.
Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин
Хэвийн даралттай байсан нүдний харааны мэдрэл гэмтэж даралт ихсэхийг хэлнэ. Эсвэл харааны мэдрэлд очих цусан хангамж дутагдсанаас үүдсэн байж болдог.
Төрөлхийн нүдний даралт
Бага насны хүүхдүүд болон нярай хүүхэд төрөлхийн харааны мэдрэлийн гажигтай байж болно.
Хоёрдогч нүдний даралт ихсэх өвчин
Гадны шалтгаант гэмтлээс үүдэн нүдэнд хурсан шингэн гадагшлах боломжгүй болох үеийг хэлнэ.
Шалтгаан
Харааны мэдрэл гэмтсэнээс нүдний даралт үүснэ. Энэ мэдрэлийн гэмтлийн шалтгааныг бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа ч нүдний даралт ихэссэнтэй холбон үздэг.
Нүдний дотор шингэн нь цилиарын биеэс ялгаран, хүүхэн хараагаар дамжин цуглуулах сувагруу ордог. Энэ ихээр хуримтлагдсанаар нүдний даралт ихсэх бөгөөд хэвийн үед энэ шингэн нь нүдний эвэрлэг бүрхэвч болон солонгон бүрхэвчийн уулзах өнцөгт байрлах эдээр дамжин гадагшилдаг. Харин шингэн их хэмжээгээр ялгаран, гадагшлахгүй байсаар нүдний даралт нэмэгддэг.
Нөлөөлөх хүчин зүйлс
Дараах нөхцөлүүд нь нүдний даралттай болох магадлалыг нэмэгдүүлдэг тул мэргэжлийн эмчид хандан тогтмол үзлэг хийлгэж байхыг зөвлөе.
- Нүдний дотоод даралт өндөр байх
- 60 болон түүнээс дээш насны хүн байх
- Удамшлын нөлөө
- Чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх өвчтэй байх
- Нүдний хагалгаанд орж байсан бол
- Удаан хугацаанд нүдний дусаалга хэрэглэсэн байх
- Цусны даралт ихсэх өвчтэй бол
Шинж тэмдэг
Нүдний даралтын төрлөөс хамааран илрэх шинж тэмдгүүд ялгаатай байна.
Анхдагч нээлттэй өнцөгт
- Нүдэнд цагаа унах (Хоёр нүдэнд аль алинд нь ажиглагдаж болно)
- Юмс алслагдан харагдах
Анхдагч хаалттай өнцөгт
- Толгой хүчтэй өвдөх
- Нүд өвдөх
- Дотор муухайрч, бөөлжих
- Нүд бүрэлзэх
- Гэрлийн тусгал тод харагдах
- Нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хэрэв нүдний даралтыг эмчлэхгүй удаан явбал хараагүй болох аюултай. Тиймээс толгой өвдөж, нүд бүрэлзэх шинж тэмдэг илрэх төдийд эмчид яаралтай хандаарай.
Урьдчилан сэргийлэлт
Хэдийгээр нүдний даралтаас урьдчилан сэргийлэх боломжгүй ч дараах зүйлсийг зуршил болгосноор энэ өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулна.
- Ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байх
- Нүдний даралттай хүн ойрын хамаатнуудын дунд байсан эсэхийг олж мэдэх
- Нүдний дасгал хийж байх
- Спортоор хичээллэхдээ нүдний хамгаалалт зүүж байх
Зөвлөгөө
Хэрэв нүдний даралттай гэж оношлогдсон бол дараах арга хэмжээг аваарай.
- Эрүүл хооллох – Ногоон өнгийн хүнсний ногоо болон загасны тосны агууламжтай хүнс хэрэглээрэй.
- Дасгал хийх – Нүдний даралтыг бууруулах нүдний дасгал хийх (эмчээс сайтар залгаж авах)
- Кофе уухгүй байх – Кофе нь кофеины агууламжтай тул даралтыг нэмэгдүүлдэг.
- Шингэн зүйл уухдаа бага багаар ууж байх – Нэг дор их хэмжээний шингэн зүйл уух нь нүдний даралтыг нэмэгдүүлнэ.
- Өндөр дэр дэрлэж унтах
Эмчилгээ
Нүдний даралтаас үүдсэн гэмтэл буцаж эдгэрдэггүй тул хараагүй болохоос урьдчилан сэргийлж эмчийн зааврын дагуу эмчилгээг дагаж мөрдөх хэрэгтэй.
Эмчилгээний гол зорилго нь нүдний даралтыг бууруулахад орших бөгөөд өвчний үе шатаас хамааруулан нүдний дусаалга, лазер эмчилгээ болон мэс заслын аргыг сонгодог.
Мөн тогтмол эмчийн хяналтанд байх шаардлагатай.