Миома
Миома гэдэг нь 30-35 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох умайд хоргүй хавдар үүсэх өвчин юм. Энэ өвчин нь үсэрхийлдэггүй гэдгээрээ хорт хавдраас ялгаатай.
Хүний нүдэнд харагдахгүй жижгээс теннисний бөмбөг шиг том хавдар ч үүсч болох бөгөөд олон тоогоор ургасан байж болно. Энэ өвчин нь ихэвчлэн зовиургүй байдаг тул миоматай гэдгээ анзаарахгүй байх нь түгээмэл. Эмэгтэйчүүд ¾-д хоргүй хавдар их бага хэмжээгээр үүсдэг бөгөөд хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Жирэмсний үед эсвэл төрсний дараа миома нь эмчилгээгүйгээр шимэгдэх тохиолдол олон байдаг.
Шалтгаан
- Удамшил – Тухайн хүний ээж, эмээ, эгч энэхүү өвчнөөр өвчилж байсан бол удамших магадлалтай байдаг;
- Дааврын өөрчлөлт – Өндгөвч нь эстроген болон прогестерон дааврыг ялгаруулж, сарын тэмдгийг зохицуулж байдаг. Эдгээр дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр миома үүсэх магадлалтай;
- Жирэмслэлт – Жирэмслэлтийн үед эстроген болон прогестерон дааврын хэмжээ нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор жирэмсэн үед миома үүсэх эсвэл хэмжээ нь томрох эрсдэлтэй;
- Инсулины хэмжээ өөрчлөгдөх;
- Үр хөндөлт хийлгэх эсвэл төрөлт хоорондын зай хэт хол байх зэрэг хүчин зүйлс миома үүсэхэд хүргэж болно.
Шинж тэмдэг
Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
- Сарын тэмдэг олон хоногоор ирэх
- Аарцаг өвдөх
- Ойр ойрхон бие засах
- Давсгаа бүрэн суллаж чадахгүй байх
- Өтгөн хатах
- Нуруу, хөлөөр өвдөх
Ховор тохиолдолд миом хэт томорч, маш хүчтэй өвддөг.
Хүндрэл
Ихэнх тохиолдолд миома нь хүндрэл үүсгэдэггүй ч цус багадалт, их хэмжээний сарын тэмдэг ирэх зэрэг хүндрэлүүдийн эх үүсвэр болж болно.
Мөн үрийн сувагт хавдар үүссэн бол, эсвэл үр тогтох явцад өөр ямар нэгэн байдлаар саад болж байгаа бол хагалгааны аргаар авдаг.
Оношилгоо
- Хэт авиан шинжилгээ
- Цусны шинжилгээ – Дааврын өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.
- Соронзонрезонанст томографи – Хавдрын байрлал, хэмжээг тодорхойлно.
- Рентген зураг – Хавдрын хэмжээ, байрлалыг тодорхойлно.
Эмчилгээ
- Жирэмслэлтийн дараа, цэвэршилтийн дараагаар шимэгдэж устах тохиолдлууд байдаг тул ажиглана.
- Дааврын нөлөөгөөр үүссэн бол дааврыг тогтворжуулах, сарын тэмдгийн үеийн цус алдалтыг багасгах, үрэвсэл дарах үйлчилгээтэй эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.
- Дууны долгионоор бутлаж хавдрыг устгах, үзүүртэй дурантай гуурс оруулж хавдрыг авах зэрэг мэс ажилбар хийж болно. Энэ нь ихэвчлэн томрох хандлагатай байгаа хавдрын үед хийгддэг.
- Хэрэв хавдар хэт томорсон бол хэвлийг нээж хавдрыг авна. Мөн умайн хоолой болон умайг авах тохиолдол ч бий.