Зулбалт
Жирэмсний 20-21 долоо хоног дотор 500 гр хүртэл жинтэй, амьдрах чадваргүй үр хөврөл болон ураг өөрөө аяндаа гарахыг зулбалт гэдэг. Зулбалт нь жирэмсний хамгийн элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог.
Шалтгаан
Ургийн хромосомын гажигтай холбоотой байж болох бөгөөд дараах шалтгаануудаас үүдэлтэй. Үүнд:
- Үр хөврөл явагдахгүй байх
- Үр хөврөл явагдсан ч хөгжөөгүй байх
- Үр тогтох үед хэвийн хромосомоос илүү хромосом бий болох
- Эхийн биеийн байдал
Дараах өвчний улмаас зулбалт явагдсан байж болно. Үүнд:
- Чихрийн шижин
- Халдварт өвчин туссан /БЗХӨ, бусад халдварууд/
- Дааврын тогтворгүй байдал
- Умай, умайн хүзүүний дутмагшилтай холбоотой өвчний үед
- Бамбай булчирхайн өвчтэй
- Урьд нь зулбаж байсан, 1 болон түүнээс дээш удаа зулбаж байсан бол дахин зулбах магадлал маш өндөр байна.
Шинж тэмдэг
Жирэмсний 12-р долоо хоногоос өмнө зулбах магадлал хамгийн өндөр байдаг. Зулбалт явагдах үед дараах шинж тэмдэг илэрдэг.
- Үтрээнээс цус гарах
- Хэвлийгээр өвдөх
- Үтрээнээс шингэн гарах
- Үтрээнээс нөж гарах
- Хэвлийн доод хэсгээр хүчтэй базалж өвдөх.
Хэрэв цус алдсан боловч умайн хүзүү нээгдээгүй бол зулбаагүй боловч зулбах магадлалтай гэсэн үг юм. Зөв гам, хэвтрийн дэглэм барьснаар жирэмслэлт хэвийн үргэлжлэх боломжтой.
Хэрэв ургийн зарим хэсгүүд үтрээгээр цустай хамт гарсан бол дутуу зулбалт гэж үзнэ. Тиймээс ургийн бусад хэсэг үлдсэн эсэхийг эмэгтэйчүүдийн эмчид хандан шалгуулах хэрэгтэй.
Жич: Үтрээнээс бага зэргийн цус гарсан эмэгтэйчүүдийн ихэнх нь амжилттай төрдөг учраас бусад шалтгаануудыг харгалзан үзэх нь зүйтэй.
Хүндрэл
Зарим эмэгтэйчүүд зулбалтын дараа умайн хүзүүний үрэвсэлтэй болох тохиолдол гардаг. Халуурах, бие чичрэх, хэвлийн доод хэсэг хөндүүрлэх, үтрээнээс эвгүй үнэртэй зүйл гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл умайн хүзүүний үрэвсэл явагдаж байна гэж үзнэ.
Урьдчилан сэргийлэлт
Зулбалтаас урьдчилан сэргийлэх тодорхой арга байхгүй ч дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь эрсдэлийг бууруулдаг. Үүнд:
- Тамхи татахгүй байх
- Үсэрч харайхгүй байх
- Хүнд юм өргөхгүй байх
- Мансууруулах бодис хэрэглэхгүй байх
- Чихрийн шижин, бамбай булчирхайн өвчтэй бол өвчнөө хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
Зөвлөгөө
Зулбалтын дараа хэвлийгээр өвдөж, хэд хоног цус гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх нь хэвийн зүйл юм. Тиймээс 5-7 хоног амарч биеэ тэнхрүүлэх хэрэгтэй.
Зулбалтын дараа дахин жирэмслэх магадлал өндөр байдаг. Гэвч өмнө нь 8-р долоо хоног дээр зулбаж байсан бол дараагийн жирэмслэлт мөн 8-р долоо хоногт тасалдах магадлал өндөр байдаг тул тухайн үед нь сайн амрах, дасгал хийхгүй байх зэрэг арга хэмжээ аваарай. Мөн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Оношилгоо
- Аарцагны үзлэг (Үтрээгээр үзлэг хийх)
- Хэт авиан үзлэг
- Цусны шинжилгээ
Эмчилгээ
Хэрэв зулбах магадлалтай бол өвчин намдаж, цус гарахаа болих хүртэл хэвтэж амрахыг зөвлөдөг. Мөн дасгал хийж, бэлгийн харьцаанд орж болохгүй. Харин зулбалт явагдсан бол хэт авиан шинжилгээний тусламжтайгаар ураг амьгүй болсон эсэхийг тогтооно. Ураг зулбасны дараа эмийн тусламжтайгаар гаргах эсвэл эмнэлгийн багажны тусламжтайгаар соруулах арга хэмжээ авдаг.