Цус багадалт
Биеийн бусад хэсгүүдэд хүчилтөрөгч тараах эрүүл цусны улаан эсүүд дутсанаас цус багадалт үүснэ. Цус багадалттай хүн амархан ядарч сульддаг.
Өөр өөр шалтгааны улмаас үүсэн олон төрлийн цус багадалт байх бөгөөд бусад өвчин туссаны шинж тэмдэг ч байх боломжтой. Цус багадалт хүнд биш бол эрүүл хоол хүнс хэрэглэж, хүндэрсэн бол нэмэлт эм тариа хэрэглэж эмчилнэ.
Цусны улаан эсүүд юу хийдэг вэ?
Цусанд гурван төрлийн эс байдаг. Эдгээр нь халдвартай тэмцэх үүрэгтэй цагаан эс, цусны бүлэгнэлтийг зохицуулах үүрэгтэй цусны ялтас, биеийн бусад хэсгүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй улаан эсүүд юм.
Цусны улаан эс нь цусыг улаан өнгөтэй болгодог гемоглобин гэх төмрийн агууламжтай бодисоор баялаг байх бөгөөд гемоглобин нь уушгинаас биеийн бусад хэсгүүдрүү хүчилтөрөгчийг дамжуулахад тусална. Гемоглобин болон улаан эсийг бий болгохын тулд хүний биед төмөр, витамин В12 хэрэгтэй.
Цус багадалтын төрлүүд
Цус багадалтын олон төрөл байдаг. Хамгийн элбэг тохиолдох цус багадалт дурдвал:
Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт – Энэ төрлийн цус багадалт нь хамгийн элбэг бөгөөд биед төмөр дутсaнаас үүддэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд болон их хэмжээний сарын тэмдэг ирснээс, осол гэмтлээс шалтгаалан энэ төрлийн цус багадалтүүсч болно.
Витамины дутагдлаас үүдэлтэй цус багадалт – Цусны улаан эсийг ялгаруулахад витамин В12 шаардлагатай байдаг. Витамин В12-оорбаялаг хүнс бага хэрэглэснээс, В12 витаминыг шимэн биед оруулдаг нарийн гэдэс мэс заслаар тайрагдсан бол эсвэл цусны улаан эс үүсэх боломжгүй биеийн онцлогтой бол энэ төрлийн цус багадалт үүснэ.
Бусад өвчнөөс үүдэлтэй цус багадалт – Хорт хавдарт,ДОХ, бөөрний өвчин болон бусад үрэвслийн чанартай өвчний нөлөөнөөс цусан дахь улаан эсийн тоо багассан байж болно.
Шалтгаан
Цусанд хангалттай улаан эс байхгүйгээс цус багадалттай болдог. Дараах шалтгааны улмаас цусан дахь улаан эс багассан байж болно.
- Биеэс хангалттай улаан эс ялгарахгүй байгаа бол
- Их хэмжээгээр цус алдсан бол
- Цусандах улаан эсийг хүний бие устгаж байгаа бол
- Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед
- Шимэгдэлт муудсан (гүйлгэлт, ходоодны хагалгаа .., )
Цус багадалтанд өртөх магадлалын нэмэгдүүлэх хүчин зүйлс
- Витаминлаг хүнс бага хэрэглэх
- Сарын тэмдгийн үеэр
- Жирэмслэлтийн үеэр
- Хорт хавдартай бол
- Удамшил
- Алкоголийн зохисгүй хэрэглээ
- Янз бүрийн шалтгаанаас үүдэн цус алдах
- Нарийн гэдэс тайрах хагалгааны дараа
- 65-с дээш насны хүн бол цус багадах магадлал өндөр байна.
Шинж тэмдэг
- Ядарч сульдах
- Нүд эрээлжлэх, нүдэнд оч харвах
- Зүрхний хэм алдагдах
- Амьсгал давхцах
- Толгой эргэх
- Арьс салст цонхийж цайх
- Дотор эвгүйрч огиудас хүрэх
- Цээж өвдөх
- Гар хөлийн үзүүр хүйтэн байх
- Толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд цус багадалт хүндрэх тусам шинж тэмдгүүд илүү их ажиглагдана.
Хүндрэлүүд
Хэрэв цус багадалтыг эмчлэхгүй орхивол цаашид дараах хүндрэлүүд үүсч болно.
- Маш ихээр ядрах
- Жирэмсний хүндрэлүүд – Хугацаанаас өмнө төрөх, ураг амьгүй болох, төрөх үед цус алдах, дутуу төрөх, төрсөн нярай бие султай байх,төрсний дараа халдварт өртөмтгий байх.
- Зүрхний асуудлууд – Зүрхний хэм тогтворгүй болох, цусанд хангалттай хүчилтөрөгч байхгүйгээс болж зүрх дэлсэнэ. Үүнээс үүдэн зүрх томорч, зүрхний дутагдалд ч орох аюултай.
- Мэдрэлийн системийн хямрал үүсэх
- Бөөрний дутагдалд орох
Урьдчилан сэргийлэлт
Цус багадалтаас урьдчилан сэргийлэхийн тул зөв хооллох хэрэгтэй.
- Төмөр – Мах, шар буурцаг, ногоон өнгийн ногоо болон хатаасан жимс зэрэг төмрийн агууламжтай хүнс хэрэглэх
- Витамин В12 – мах, сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх
- Витамин С – Жүрж, лимон, жимсний шүүс, брокколи, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг хүнс ихээр хэрэглэх нь урьдчилан сэргийлнэ.
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид хандан, тохирсон эмийн болон эмийн бус эмчилгээ дэглэм мөрдөх!
Улаан лооль
- Өдөрт 1-2ш улаан лооль идэх
- Өдөрт 1 аяга улаан лоолийн шүүс уух зэргээр хэрэглэнэ.
Элэг
Элэг нь витамин В12-оор маш баялаг тул цус багадалтанд сайн нөлөө үзүүлнэ.
- Ойр ойрхон элэг шарж идэх
Үзэм
Үзэм нь кальци, төмрөөр төмрөөр баялаг тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй.
- Өдөр бүр 1 аяга үзэмний шүүс уух нь цус багадалтанд сайн.
Алим
Алим нь төмрийн агууламжтай жимс юм. Алимыг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол гэж байдаггүй тул өдөр бүр хүссэн хэмжээгээрээ алим идэж байгаарай.
Зөгийн бал
Зөгийн бал нь цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг төмрийн агууламж ихтэй бүтээгдэхүүн юм. Цус багадалтыг анагаахын тулд цэвэр байгалийн гаралтай зөгийн балыг хэрэглээрэй.
- 1 цайны халбага зөгийн балыг 1 цайны халбага нимбэгний шүүстэй хольж өдөр бүр ууна.
Гадил жимс
Гадил жимс нь цус багадалтад маш сайн эмчилгээ болж чадна.
- Ногоон хальстай гүйцэд боловсроогүй гадил жимс өдөр бүр 1ш-ийг идэж хэрэглэнэ.
Эмчилгээ
Цус багадалтын төрлөөс шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг.
- Төмрийн дутагдлаас үүдэлтэй бол төмрийн бэлдмэл хэрэглэж, төмрийн агууламжтай хоол хүнс хэрэглэнэ.
- Витамины дутагдлаас үүдэлтэй бол витамины дусал тариа хийлгэх, витаминаар баялаг хүнс хэрэглэнэ.
- Бусад өвчнөөс үүдэлтэй цус багадалт бол суурь өвчнийг эдгээж дараагийн арга хэмжээг авдаг.