Мухар олгойн үрэвсэл
Мухар олгой нь хуруу хэлбэрийн уутанцар эрхтэн бөгөөд хэвлийн баруун доод хэсэгт, бүдүүн гэдэсний суурьтай холбоотой оршдог. Уг эрхтэн халдварын улмаас үрэвсэхийг мухар олгойн үрэвсэл гэнэ. Энэ өвчин нь аль ч насанд тохиолдож болох бөгөөд 10-30 насанд түгээмэл тохиолддог байна.
Хэлбэрүүд
- Мухар олгойн цочмог үрэвсэл – Энэ нь хэвлийн хурц өвдөлтийн түгээмэл шалтгааны нэг болдог. Шинж тэмдэг нь гэнэт эхлэн хугацаа өнгөрөх тусам өвдөлт улам даамжирдаг бөгөөд энэ үед яаралтай эмчилгээ шаардлагатай.
- Мухар олгойн архаг үрэвсэл – Ихэвчлэн цочмог үрэвслийг бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд үүсдэг гэж үздэг. Шинж тэмдгүүд нь харьцангуй хөнгөн ба алга болоод долоо хоног, сар, жил болоод дахин илэрч болно.
Шалтгаан
Ихэвчлэн мухар олгойн хөндий өтгөн, чулуу, шимэгч болон эдийн ургалтаар бөглөрснөөр үрэвсдэг. Энэ үед мухар олгойнд орших хэвийн бичил биетүүд хяналтгүйгээр өсөж үржсэнээр богино хугацаанд олгой үрэвсэн хавагнаж, идээгээр дүүрч чинэрдэг.
Бусад шалтгаанд хоол боловсруулах замын халдвар болон гэдэсний үрэвсэлт өвчнүүд орно.
Шинж тэмдэг
- Хэвлийн баруун доод хэсгээр хүчтэй өвдөх
- Хүйс орчмоор хүчтэй өвдөж эхлээд, өвдөлт аажим хэвлийн баруун доод хэсэгт шилждэг.Энэ шилжих өвдөлт нь мухар олгойн үрэвсэлтэй хүмүүсийн 50-60%-д илэрдэг байна. Харин зарим хүмүүст өвдөлт анхнаасаа хэвлийн баруун доод хэсгээс эхэлдэг.
- Өвдөлт нь ханиах, найтаах, алхах болон бие доргих үед даамжрах
- Дотор муухайрах, бөөлжих
- Хоолны дуршил буурах
- Бага зэрэг халуурах /өвчний явц хүндрэхэд халууралт нэмэгдэж болно/
- Өтгөн хатах эсвэл гүйлгэх
- Гэдэс дүүрэх
Өвдөлт нь нас болон мухар олгойн байрлалаас хамааран янз бүр байж болно. Хэрэв өвчтөн жирэмсэн бол өвдөлт хэвлийн дээд хэсгээр мэдрэгдэж болох бөгөөд энэ нь жирэмсний үед мухар олгой дээш байрласантай холбоотой юм.
Оношилгоо
- Эмчийн үзлэг
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ / Үрэвсэл бий эсэхийг үнэлнэ/
- Шээсний шинжилгээ /Шээс ялгаруулах замын халдвар, бөөрний чулуу байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор хийж болно
- ЭХО
- Хэвлийн рентген зураг авах
- КТ, СРТ шинжилгээ
Эмчилгээ
Үрэвссэн олгойг зөвхөн эмээр эмчлэх нь дахилт өгөх эрсдэлтэй байдаг учир мухар олгой авах хагалгаа нь стандарт эмчилгээ болдог.
Мухар олгой авах хагалгаа нь нээлттэй болон дурангийн гэсэн 2 төрлөөр хийгддэг. Дурангийн хагалгаа нь нээлттэй хагалгаатай харьцуулахад хэвлийд цөөн жижиг зүслэг хийх учир эдгэрэлт илүү хурдан, өвдөлт болон сорви бага байдаг давуу талтай. Энэ хагалгаа нь ахимаг насныхан болон таргалалттай хүмүүст илүү тохиромжтой. Гэвч мухар олгой задарч хүндэрсэн тохиолдолд нээлттэй мэс засал хийх шаардлагатай болдог.
Хүндрэл
Хэрэв уг өвчнийг эмчлүүлэхгүй бол мухар олгой задрах аюултай бөгөөд дараах хүндрэлүүдийг үүсгэж болно. Үүнд:
- Хэвлийн хана үрэвсэх – Үрэвсэж чинэрсэн олгой задрахад доторх агуулагдахуун хэвлийн хөндий рүү тархаж хэвлийн ханыг үрэвсүүлэх бөгөөд энэ тохиолдолд яаралтай мэс засал шаардлагатай.
- Хэвлийн хөндийд идээ агуулсан хүүдий/буглаа/ үүсэх– Энэ тохиолдолд ихэвчлэн мэс засалч таны хэвлийн ханаар гуурс оруулан идээг соруулж цэвэрлэх ба уг гуурсыг хэвлийд бэхлэн ойролцоогоор 2 долоо хоног байлгадаг. Мөн бактерийн халдвар устгах антибиотик эмчилгээ хийгдэнэ.
Үрэвссэн мухар олгой задрах нь амь насанд халтай хүндрэл үүсгэдэг. Хэрэв танд болзошгүй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчид хандах шаардлагатай.
Мухар олгойн үрэвслээс урьдчилан сэргийлэх арга байхгүй боловч эслэг ихтэй жимс, ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүс уг өвчинд бага өртдөг байна.