Гүрээний судасны битүүрэл
Тархи болон толгойд цусыг тараах үүрэгтэй гүрээний судсанд тослог бодис бөөгнөрөхийг гүрээний судасны битүүрэл гэнэ. Энэ битүүрэл нь харвалт өгөх эсвэл тархинд хангалттай цус очоогүйгээс бусад хүндрэлүүдийг үүсгэх аюултай. Цус харвалт нь тархинд хангалттай хүчилтөрөгч очоогүйгээс үүдэх бөгөөд хэдхэн минутын хугацаанд тархины эсүүд үхжиж эхэлдэг.
Гүрээний судасны битүүрэл нь удаан хугацааны туршид бага багаар явагддаг тул онцлох шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Амьдралын хэв маягаа өөрчилж, эмэн эмчилгээ хийлгэснээр ихэвчлэн эдгэрэх боломжтой байдаг.
Шалтгаан
Тархинд цус тараах үүрэгтэй артерийн судасны хананд бөөгнөрөл үүсч судас нарийсахад гүрээний судасны битүүрэл үүсдэг. Бөөгнөрөл нь холестрин, кальци болон бусад бодисыг агуулна. Нарийсаж, битүүрсэн судас нь уян хатан чанаргүй байдаг бөгөөд цусны эргэлт багассанаар тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг.
Дараах тохиолдолд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байна. Үүнд:
- Цусны даралт өндөр байх
- Тамхи татдаг байх
- Чихрийн шижин өвчтэй байх
- Цусан дахь тослогийн хэмжээ их байх
- Удамшил
- Ахимаг настай байх
- Хэт таргалалт болон илүүдэл жинтэй байх
- Хөдөлгөөний дутагдалтай байх зэрэг орно.
Шинж тэмдэг
Хөнгөн хэлбэрийн гүрээний судасны бөглөрлийн үед тодорхой шинж тэмдэг илэрдэггүй тул өвчин хүндэрч харвалт өгөх эсвэл ишеми болсны дараа л мэдэгддэг.
Цус харвалт болон ишемийн шинж тэмдгүүд
- Биеийн нэг тал мэдээгүй болох, бадайрах
- Ярьж чадахгүй байх
- Хүний хэлснийг ойлгохгүй байх, удаан ойлгох
- Нэг нүд эсвэл хоёр нүдний аль аль нь харахгүй байх, хараа гэнэт муудах
- Толгой эргэж, тэнцвэрээ олохгүй байх
- Гэнэт хүчтэй толгой өвдөх зэрэг орно.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв цус харвалтын шинж тэмдгүүд ажиглагдвал түргэн тусламж дуудах шаардлагатай. Хэсэг хугацааны дараа зүгээр болсон ч эмчид хандах хэрэгтэй.
Энэ өвчнөөс үүдэн цаашид үүсч болох хүндрэлүүд
- Цусны эргэлт муудах
- Бөөгнөрөл үүссэн хэсэгт судас хагарах
- Бөөгнөрөл үүссэн хэсэг битүүрч цус харвалт болох аюултай.
Оношилгоо
- Хэт авиа
- Компьютер томографи
- MRI
Эмчилгээ
Гүрээний судасны битүүрлийг эмчлэх гол зорилго нь цус харвалт үүсэхээс сэргийлэхэд оршино. Үүний тулд:
Амьдралын хэв маягаа өөрчлөх
- Жин хасах
- Тамхинаас гарах
- Давстай хоол бага идэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Эмэн эмчилгээ
- Холестрины хэмжээг бууруулах эм
- Эмчийн заавраар аспирин уух зэрэг арга хэмжээ авдаг.
Хэрэв аль хэдийн цус харвалт өгсөн эсвэл ишеми болсон бол, бөөгнөрлийг артерийн судаснаас хагалгааны аргаар гаргаж авна. Үүнд:
- Гүрээний судсыг нээж бөөгнөрлийг авах хагалгаа – Хүзүү хэсгээр зүсч бөөгнөрлийг авна.
- Тэлэгч суулгах – Хэрэв бөөгнөрөл хагалгаагаар нээхэд тохиромжгүй газар үүссэн бол судсанд гуурсны тусламжтайгаар тэлэгч суурилуулан судсыг тэлж дахин нарийсахаас сэргийлнэ.