Кушингийн хам шинж
Кушингийн хам шинж нь кортизол буюу стрессийн даавар хэвийн хэмжээнээс ихээр ялгарснаас шалтгаалан үүсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Шалтгаан
Дээр дурдсанчлан кортизол буюу стрессийн даавар ихээр ялгарснаас энэхүү эмгэг үүсдэг. Бөөрний дээд булчирхайнаас ялгарах кортизол нь :
- Зүрх судасны үйл ажиллагаа болон цусны даралтыг зохицуулах
- Дархлаа тогтолцоонд оролцож үрэвслийн үйл явцыг удаашруулах
- Нүүрс ус, өөх тос, уургийг энергид хувиргах
- Инсулины үйлчилгээг тэнцвэржүүлэх
- Стрессийн хариу урвал үзүүлэх гэх мэт үйлчилгээг биед үзүүлдэг.
Харин энэхүү дааврын хэвийн хэмжээнээс ихсэх шалтгааныг дурдвал:
- Стрессийн өндөр хэмжээ, мөн хурц стресс үүсгэдэг нөлөөллүүд буюу мэс засал, осол гэмтэл, жирэмслэлтийн сүүл үеийн сарууд гэх мэт
- Биеийн тамирын дасгалжуулалт
- Тэжээлийн дутагдал
- Архины хэрэглээ
Эдгээрээс гаднаас дааврын эм өндөр тунгаар удаан хугацааны турш хэрэглэх, өөр бусад хавдар, ургацагтай байх нь өвчин үүсэх шалтгаан болж өгдөг байна.
Шинж тэмдэг
Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд :
- Жин нэмэх, булчин сулрах
- Өөхөн ургацаг нүүр (нүүрийг зууван дугуй, сар хэлбэрийн болгоно) , мөрний дунд хэсэг, нурууны дээд хэсэг (зарим тохиолдолд бөгтгөр үүсгэнэ) зэрэг газруудаар үүснэ
- Хөх, гар, хэвлий, гуя хавиар гүн ягаан өнгийн язралт үүсэх
- Арьс нимгэрэн шархламтгай болох, шарх сорвины эдгэрэлт удаашрах
- Батгаших, бие сульдах
Бусад илэрч болохуйц шинж тэмдгүүдээс дурдвал:
- Цусны даралт ихсэх (даралт ихсэх), цусан дахь чихрийн хэмжээ ихээр нэмэгдэх
- Ам цангах, ойр ойрхон бие засах
- Толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүйжих, сэтгэл түгших, уцаарлах, сэтгэл гутрах
- Халдварт өвчинд өртөмтгий болох
- Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох
Оношилгоо
Оношилгооны хувьд эхний шатанд гадаад төрх (өөхөн ургацаг, язралт гэх мэт) байдлыг ажиглан биеийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээг авна. Тэдгээрийн хувьд :
- Кортизолын түвшинг 24 цагийн турш хуримтлуулсанд шээсээр хэмжих шинжилгээ
- Кортизолын түвшинг шүлсээр хэмжих шинжилгээ гэх мэт
Оношлогдсоны дараа кортизолын ихсэх болсон шалтгааныг мөн шинжлэн үзэх хэрэгтэй байдаг байна.
Эмчилгээ
Эмчилгээний гол зорилго нь биеийн кортизолын хэмжээг бууруулахад орших ба хэд хэдэн төрлийн арга барилаар эмчилгээ хийгдэж болох бөгөөд тухайн хүний Кушингийн хам шинжийн цаад үүсэл гарлаас хамааран тохирсон арга барилыг сонгодог.
Хүндрэл
Кушингийн хам шинжийг бүрэн гүйцэт эмчлээгүй орхисон тохиолдолд олон төрлийн эмгэг, сөрөг шинж тэмдгүүдийг дагуулж болдог. Жишээ нь :
- Булчингийн масс алдалт (атрофи) болон сульдаа
- Даралт ихсэх, цус харвах, саажих
- 2–р хэв шинжийн чихрийн шижин
- Хавдартай байсан тохиолдолд хэмжээ нь хурдан хугацаанд томрох
- Ой санамж муудах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг оюун санааны хүндрэлүүд
Урьдчилан сэргийлэлт
Амьдралын хэв маяг энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, мөн туссан тохиолдолд хүндрүүлэлгүй арга хэмжээ авахад тодорхой хэмжээнд нөлөөлөх хүчтэй. Дараах зөвлөгөөнд таны кортизолын түвшинг хэлбэлзүүлэхгүй хэвийн хэмжээнд барихад туслана. Эдгээрт:
- Жингээ хэвийн хэмжээнд барих. Жин нэмэх нь күшингийн хам шинжийн гол эх үүсвэр болдгоос гадна гол шинж тэмдэгт ч мөн багтдаг. Тиймээс хооллолтдоо анхааран, хөдөлгөөнөө нэмэгдүүлэх замаар жингээ барихыг хичээх хэрэгтэй.
- Согтууруулах ундаанаас зайлсхийх. Согтууруулах ундаа нь дааврын донсолгоог улам л ихээр үүсгэх тул аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.
- Сахрын хэрэглээгээ багасгах. Глюкозын хэмжээг хэт хурдан нэмэгдүүлж, бие махбодыг дааврын донсолгоонд оруулдаг бүх төрлийн сахар, нүүрс усан хүнсийг зөв зохистой хэрэглэж байх нь чухал. Харин оронд нь илүү их далайн хоол, загас, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн зэргийг идэж байвал тохиромжтой.
- Хангалттай хэмжээний витамин Д, кальци хэрэглэх. Хоол хүнс болон нэмэлтээр авах кальцийн хэмжээгээ нэмэгдүүлж, өөрт тохирсон хэмжээний өдөрт авах хэмжээгээ авч байх нь дааврын зохицуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мэдээж хэтрүүлэлгүй байх нь ч мөн чухал ба эрдсийн шинжилгээнд тогтмол орж байх хэрэгтэй.