Солир нүд
Нэг эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайж, нэг зүйл дээр хараагаа тогтоож чадахгүй байх эмгэгийг солир нүд гэнэ. Нүдний энэ тэгш биш байдал төвөгтэй дүрсийг 2 нүдээр харж тархинд хүргэхэд хүнд нөхцөл байдалд хүргэнэ. Солир нүд нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхэлж байгаа 2-3 настай хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээллээс үзэхэд 50 хүүхэд тутмын нэг нь нүд хялартах эмгэгийн аль нэг хэлбэрт өртсөн байдаг аж.
Шалтгаан
- Холын болон ойрын хараа муу зэрэг нүдний эмгэг
- Төрөлхийн өвчин ба төрөлхийн гэмтэл
- Нүдний хөдөлгөөнийг хянадаг булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт
- Тун ховор тохиолдолд нүдний хавдраас үүсдэг
- Тархины хавдрын үед нүдний ба булчингийн хатангиршлаас мөн шалтгаална
- Стресс, биеийн хүчний хэт их ачаалал
- Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх
Ихэнх нярайд 3 сар хүртэлх насанд ажиглагддаг бөгөөд энэ нь эмгэг биш юм. Хэрэв 3 сараас хойш тогтвортой ажиглагдвал эмчид хандахыг зөвлөдөг.
Шинж тэмдэг
Хөнгөн тохиолдолд хүүхэд ядарсан үед л шинж тэмдэг илэрнэ. Хүнд тохиолдолд тогтмол илэрнэ. Энэ үед:
- Аль нэг нүд эгц биш болох
- Аливаа юмс давхардаж харагдах
- Нэг нүдээрээ харж чадахгүй байгаагаас хараа муудах
- Толгой эргэх, өвдөх
Хүүхэд юмыг тод харахын тулд эмгэгтэй нүдээ хаах буюу толгойгоо гилжийлгэнэ. Эмчлэхгүй орхивол эмгэгтэй нүд хөгжихгүй, хараа муудах тохиолдол бий.
Эмчилгээ
Эмч таны хүүхдэд харааны сорил хийхийг санал болгоно. Хэрвээ хүүхдийн нүд гэнэт солир болбол КТ зэрэг багажийн шинжилгээ буюу дүрс оношилгоо хийнэ.
Эмчилгээний зорилго нь солирыг засахад чиглэх юм. Энэхүү эмчилгээ нь 3-4 жил шаардсан урт хугацааны процесстул эмчийн заалт, зөвлөгөөг нарийн мөрдөх шаардлагатай. Таны хүүхэд миопи зэрэг харааны өөрчлөлттэй бол солирыг засахад шаардлагатай харааны шил зүүнэ. Мохос харааг хэвийн хөгжүүлэхийн тулд таны хүүхэд өдөр бүр эрүүл нүдэндээ хаалт зүүх хэрэгтэй. Хүүхэд ингэж эрүүл нүдэндээ хаалт зүүснээр эмгэг нүдээрээ харахад хүрэх тул цаашдаа хэвийн хардаг болоход чухал нөлөөтэй юм. Хүүхэд солир нь засагдтал 3-6 сар тутам эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай. Эмчилгээ нь ихэнхдээ амжилттай болдог хэдий ч эмгэг дахиж болно. Зарим тохиолдолд нүдний булчингийн мэс засал зайлшгүй шаардлагатай байдаг. Хавдар зэрэг нь ховор тохиолдох шалтгаантай байвал боломжтой нөхцөлд эмчилдэг.
Урьдчилан сэргийлэлт
Солир нүднээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн тоглоомыг нүдэнд хэт ойр өлгөхгүй байх, хүүхдийн нүдэнд ирэх ачааллыг зөв зохицуулж чаддаг байх шаардлагатай. Түүнчлэн нүдэнд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдсан даруйд мэргэжлийн байгууллагад хандаж, шаардлагатай эмчилгээ зөвлөгөөг цаг алдалгүй авах нь зүйтэй.