Цус багадалт
Биед хүчилтөрөгч тараах эрүүл цусны улаан эсүүд дутсанаас цус багадалт үүснэ. Цус багадалттай хүн амархан ядарч сульддаг. Цус багадалт хүнд биш бол эрүүл хоол хүнс хэрэглэж, хүндэрсэн бол нэмэлт эм тариа хэрэглэж эмчилдэг.
Цусанд гурван төрлийн эс байдаг. Эдгээр нь халдвартай тэмцэх үүрэгтэй цагаан эс, цусны бүлэгнэлтийг зохицуулах үүрэгтэй цусны ялтас, биеийн бусад хэсгүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй улаан эсүүд юм.
Цусны улаан эс нь цусыг улаан өнгөтэй болгодог гемоглобин гэх төмрийн агууламжтай бодисоор баялаг байх бөгөөд гемоглобин нь уушгинаас биеийн бусад хэсгүүд рүү хүчилтөрөгчийг дамжуулахад тусална. Гемоглобин болон улаан эсийг бий болгохын тулд хүний биед төмөр, витамин В12 хэрэгтэй.
Хамгийн элбэг тохиолддог цус багадалтууд
Төмрийн дутагдлаас үүдэлтэй – Энэ төрлийн цус багадалт нь хамгийн элбэг бөгөөд биед төмөр дутсaнаас үүддэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд болон их хэмжээний сарын тэмдэг ирснээс, осол гэмтлээс шалтгаалан үүсч болно.
Витамины дутагдлаас үүдэлтэй – Цусны улаан эсийг ялгаруулахад витамин В12 шаардлагатай байдаг. Витамин В12-оор баялаг хүнс бага хэрэглэснээс, В12 витаминыг шимэн биед оруулдаг нарийн гэдэс мэс заслаар тайрагдсан бол эсвэл цусны улаан эс үүсэх боломжгүй биеийн онцлогтой бол үүснэ.
Шалтгаан
Цусанд хангалттай улаан эс байхгүйгээс цус багадалттай болно. Дараах шалтгааны улмаас цусан дахь улаан эс багасдаг.
- Биеэс хангалттай улаан эс ялгарахгүй байх
- Их хэмжээгээр цус алдсан бол
- Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед
- Шимэгдэлт муудах (гүйлгэлт, ходоодны хагалгаа ) зэрэг нь цус багадалттай болгодог.
Цус багадалтанд өртөх магадлалын нэмэгдүүлэх хүчин зүйлс
- Витаминлаг хүнс бага хэрэглэх
- Сарын тэмдгийн үеэр цус алдах
- Жирэмслэлтийн үеэр цус алдах
- Удамшил
- 65-с дээш насны хүн бол цус багадах магадлал өндөр байна.
Шинж тэмдэг
- Ядарч сульдах
- Нүд эрээлжлэх, нүдэнд оч харвах
- Зүрхний хэм алдагдах
- Амьсгал давхцах
- Толгой эргэх
- Арьс салст цонхийж цайх
- Дотор эвгүйрч огиудас хүрэх
- Цээж өвдөх
- Гар хөлийн үзүүр хүйтэн байх
- Толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд цус багадалт хүндрэх тусам шинж тэмдгүүд илүү их ажиглагдана.
Хүндрэл
Хэрэв цус багадалтыг эмчлэхгүй орхивол цаашид дараах хүндрэлүүд үүсч болно.
- Маш ихээр ядрах
- Жирэмсний хүндрэлүүд – Хугацаанаас өмнө төрөх, ураг амьгүй болох, төрөх үед цус алдах, дутуу төрөх, төрсөн нярай бие султай байх,төрсний дараа халдварт өртөмтгий байх.
- Зүрхний асуудлууд – Зүрхний хэм тогтворгүй болох, цусанд хангалттай хүчилтөрөгч байхгүйгээс болж зүрх дэлсэнэ. Үүнээс үүдэн зүрх томорч, зүрхний дутагдалд ч орох аюултай.
- Мэдрэлийн системийн хямрал үүсэх
- Бөөрний дутагдалд орох
Урьдчилан сэргийлэлт
Цус багадалтаас урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллох хэрэгтэй.
- Төмрийн агууламжтай хүнс хэрэглэх – Мах, шар буурцаг, ногоон өнгийн ногоо болон хатаасан жимс зэрэг төмөр ихээр агуулдаг.
- Витамин В12 – Мах, сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, тариагаар хийлгэх.
- Витамин С – Жүрж, лемон, жимсний шүүс, брокколи, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг хүнс байнга хэрэглэх.
- Дутуу төрөлтөөс сэргийлэх
- Хүүхдийг 4-6 сартайд нь нэмэгдэл хоол хүнсэнд оруулах
- Дутуу төрсөн хүүхдэд 2 сартайгаас нь төмрийн бэлдмэл 3 сар уулгах хэрэгтэй.
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид хандан, тохирсон эмийн болон эмийн бус эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Улаан лооль, үзэм, шүүс,банана зэрэг нь төмөр, витамин В12 агуулдаг учир дангаар идэх, шүүс бэлтгэж уух нь сайн нөлөөтэй. Мөн зөгийн бал тогтмол хэрэглэх, элэг идэх нь цус багадалтыг анагаах ач тустай.
Эмчилгээ
Цус багадалтын төрлөөс шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг.
- Төмрийн дутагдлаас үүдэлтэй бол төмрийн бэлдмэл хэрэглэж, төмрийн агууламжтай хоол хүнс хэрэглэнэ.
- Витамины дутагдлаас үүдэлтэй бол витамины дусал тариа хийлгэх, витаминаар баялаг хүнс хэрэглэнэ.
- Бусад өвчнөөс үүдэлтэй цус багадалт бол суурь өвчнийг эдгээж дараагийн арга хэмжээг авдаг