Жирэмсний үеийн өтгөн хаталт
Миний өтгөн яагаад хатаад байгаа вэ?
Жирэмсэн үед өтгөн хатах нь хэвийн үзэгдэл. 10 жирэмсэн эмэгтэй тутмын 4 нь өтгөн хаталт илэрдэг гэсэн тоо баримт байдаг бөгөөд жирэмсний эхний 3 сараас шинж тэмдгүүд нь үзэгдэж эхэлдэг байна.
Жирэмсэн үед өтгөн хатах голлох 2 шалтгаан:
- Жирэмсний даавар болох прогестероны хэмжээ нэмэгдсэнээр, хоол боловсруулах замын хөдөлгөөн удааширдаг
- Төмрийн бэлдмэл болон төмөр агуулсан жирэмсний витамин хэрэглэх
Жирэмсний хожуу үед, хүүхэд шулуун гэдсийг шахсанаас өтгөн гадагшлалт мөн удааширдаг.
Хэрвээ жирэмслэхээс өмнө таны өтгөн хатдаг байсан бол жирэмсэн болсон хойно шинж тэмдэг нь илүү хүндрэх эрсдэлтэй байдаг.
Өтгөн хаталтанд арга хэмжээ авахгүй, удаан явбал цаашлаад шамбарамтай болох магадлалтай байдаг тул бага дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй.
Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?
Бүхэл үрийн талх, үр тариа, жимс, хүнсний ногоо зэрэг эслэг өндөртэй хоол хүнс хэрэглэх. Эслэг нь хоол боловсруулах тогтолцоог дэмжиж, өтгөн хаталтыг бууруулдаг. Мөн өдөрт дор хаяж 1,5 литр цэвэр ус уух хэрэгтэй.
Хангалттай их хэмжээний ус уудаггүй бол хивэг хэрэглэх хэрэггүй. Их хэмжээний хивэг усгүйгээр хэрэглэх нь өтгөнийг хэт хуримтлуулж, өтгөн гадагшлуулалтанд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн хивгийг их хэмжээгээр хэрэглэх нь биед шаардлагатай шим тэжээл шингэхэд саад учруулдаг.
Алхах, усанд сэлэх, жирэмсний дасгал хөдөлгөөн хийх нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд тустай.
Цай, кофе, хийжүүлсэн ундаа зэрэг шээс их хүргэдэг уух зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь биеийн шингэнийг хөөх үйлчилгээтэй бөгөөд өтгөн хаталтыг улам нэмэгдүүлдэг.
Өтгөн хаталтыг багасгахын тулд би юу хийж болох вэ?
Өглөө босоод юм идэхийн өмнө зүсэм лимонтой нэг аяга бүлээн ус ууж байх. Хоол идэхдээ эхлээд салат, ногоо, жимс идэх нь тустай.
Ариун цэврийн өрөө рүү хэзээ, хэрхэн явж байгаагаа анхаарах:
- 00 руу өглөө боссоныхоо дараа, эсвэл хоол идсэний 30 минутын дараа орох
- 00 ормоор санагдсан үедээ шууд орж байх
- Өөрөө өөртөө хангалттай цаг гаргаж, өөрийгөө хүчлэхгүй байх
- Суултуур дээр сууж байхдаа хөлөө жижиг сандал дээр тавих. Хөлөө өргөж суух нь энгийн суугаа байрлалаас илүү үр дүнтэй байдаг
Нэмэлт бэлдмэл хэрэглэх
Төмрийн бэлдмэл нь цус багадалтад сайн нөлөөтэй ч өтгөн хаталтыг нэмэгдүүлдэг. Хэрвээ таны ууж байгаа бэлдмэл өтгөнийг тань хатаагаад байвал эмчээсээ асууж байгаад өөр төрлийн төмрийн бэлдмэлийг хэрэглээд үзээрэй. Хуурай биш шингэн бэлдмэлүүд илүү тохиромжтой байдаг. Цус багадалттай гэж оношлогдсон бол мах, гүн ногоон өнгөтэй хүнсний ногоо зэргийг хэрэглэх нь тустай.
Ашигтай бактерийн бэлдмэл нь өтгөн хаталтанд сайн нөлөөтэй байдаг. Тиймээс эмчээсээ жирэмсний үед хэрэглэж болох ашигтай бактерийн талаар лавлаарай.
Ургамлын ханд
Багваахай цэцэг, жамба цэцгийн цай өтгөн хаталтанд сайн нөлөөтэй байдаг.
Сенна ургамлын цайг эртнээс гэдэс цэвэрлэх, өтгөн хаталтыг бууруулах зорилгоор хэрэглэж ирсэн. Бага хэмжээгээр, богино хугацаанд эмчийн хяналтын дор хэрэглэж болно. Гэхдээ жирэмсний сүүлийн хагаст хэрэглэхийг хориглодог. Учир нь савны агшилт үүсгэх магадлалтай.
Мэдрэлийн цэгүүдэд иллэг хийх
Хөлийн ул болон гарын алганд хүний биеийн бүх эрхтнүүдийг мэдрэлийн цэгүүд байдаг гэж үздэг. Хөлийн нумын хэсэг хоол боловсруулах тогтолцоотой холбоотой гэж үздэг учраас энэ хэсэгт иллэг хийх нь өтгөн хаталтанд сайн нөлөөтэй.
Эх сурвалж: www.babycenter.com