Хэрхэн 70 нас хүртлээ өөрийн шүдээ хадгалах вэ?
Амны хөндийн эрүүл мэнд, шүдний арчилгаа нь эрүүл мэнддээ оруулж болох чухал хөрөнгө оруулалтын нэг билээ. Эрүүл шүд нь зөвхөн гадаад гоо сайхан бүрдүүлэх нэг хэсэг биш биеийн бусад эрхтний үйл ажиллагаанд ч шууд нөлөөлдөг учир насан туршийн арчилгаа шаардлагатай.
Яагаад амны хөндийн эрүүл мэнд, зөв арчилгаа чухал вэ?
- Хоол, хүнсний үлдэгдэл удаан наалдсан, дутуу цэвэрлэгдсэн тохиолдолд шүдний гадаргуу дээр өнгөр сууна. Энэ нь шүд хорхойд идэгдэхэд хүргэдэг.
- Өнгөр, амны хөндийн бохирдол дутуу цэвэрлэгдсэн тохиолдолд шүдний чулуу үүснэ.
- Өнгөр, чулуу зэрэг нь буйлны үрэвсэл үүсгэнэ. Дан ганц шүдийг ч бус амны хөндийг гэмтээж эхэлдэг гэсэн үг юм.
- Өнгөр гадаад үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болж байдаг.
- Буульний үрэвсэл, шүд хорхойтох болон эдгээрийн хүндрэлүүдийг эмчлэх нь урт хугацаа шаардахын зэрэгцээ санхүүгийн хувьд ч хямд тусахгүй нь лавтай.
Амны хөндийн эрүүл мэнд алдагдснаас үүдэн бий болох бусад эрхтний эмгэгүүд
- Ханиад
Агаар таны амны хөндийгөөр дамжин уушги руу ордог. Хэрэв таны амны хөндий эрүүл бус, бактери, нян ихтэй байгаа бол уушги руу орж улмаар хатгалгаа болон бусад амьсгалын замын өвчлөл үүсгэдэг. Ялангуяа өндөр настай хүмүүсийн уушгины хатгалгаа хүнд хэлбэрээр явагдах ба амь насанд аюул учруулж болзошгүй тул шүд, хиймэл шүдийг маш сайн арчлах хэрэгтэй.
- Хүзүүний гүний буглаа
Амны хөндийн ариун цэвэр сахиагүйгээс түүнд нян ихээр хуримтлагдан хүзүү ба залгиур орчимд дамжин идээт буглаа үүсгэдэг бөгөөд энэ нь хэд хэдэн удаагийн хагалгаанд орох, хувь хүний амьдралын чанар болон ажлын бүтээмж зэрэгт сөргөөр нөлөөлж, цаашлаад амь насанд аюултай хоруу, хурдан явцтай өвчин юм.
- Зүрхний шигдээс
Артерийн судсыг холестрин бөглөөд зогсохгүй цөөн тохиолдолд шүдний чулуунд байрлах нян цусанд нэвтэрснээр зүрхний шигдээс үүсгэж болно гэдгийг АНУ-ын Зүрхний Сангаас хийсэн судалгаанд дурдсан байна.
- Зүрхний булчингийн үрэвсэл буюу эндокардит
Амны хөндийн эрүүл ахуй муудсантай холбоотой буйлны үрэвсэл үүсдэг бөгөөд тухайн үрэвслээс цус шүүрэн гардагтай холбоотой нянгууд цусны урсгалд нэвтрэн зүрхний хавхлага болон булчинд байрлан үрждэг байна.
- Чихрийн шижин
Буйлны өвчин чихрийн шижинг хүндрүүлдэг. Учир нь пародонтит гэх буйл үрэвсдэг өвчин нь буйл шүд хоёрын хооронд зай үүсэн халдвар амархан дамжих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Чихрийн шижин өвчтэй хүний хувьд пародонтит нь биед цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг инсулины эмийг зохих ёсоор шингээж авахад бэрхшээл учруулдаг.
- Жирэмслэлт
Жирэмсэн эхчүүд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээс гадна шүдний эмчийн үзлэгт тогтмол хамрагдах ёстой байдаг байна. Учир нь жирэмсний үед дааврын хэмжээ ихсэх нь одоо байгаа шүдний эмгэгийг улам дордуулах эрсдэлтэй. Пародонтит нь нярай хүүхдийг дутуу, жин багатай төрөх эрсдэлд оруулах магадлалтай байдаг.
Хэрэв та өглөөний цайны дараа шүдээ угааж хэвшсэн бол
Хоол идсэний дараагаар дор хаяж 30-60 минутын хугацаанд хүлээх шаардлагатай. Учир нь хоол идсэний дараагаар шууд угаах нь хүнсний хүчиллэг үлдэгдлийг гадаргуу дээр үлдээх, пааланг гэмтээх магадлалтай байдаг байна. Харин өглөө хамгийн түрүүнд шүдээ угаадаг бол энэ нь шүлсний ялгарлыг нэмэгдүүлэх ба хоол задлах, аманд буй бактериудыг устгахад туслах юм.
Оо, сойз сонгохдоо анхаарах зүйлс
Найрлагадаа фтор агуулсан оо нь хамгийн зөв сонголт. Энэ нь шүд цоорох өвчнөөс сэргийлэх, хамгаалахад нэн шаардлагатай элемент юм. Харин цайруулах үйлчилгээтэй оог курсээр хэрэглэх бөгөөд шүдийг хэт мэдрэг болгох магадлалтай тул тогтмол хэрэглээнд тохирохгүй гэж үздэг. Харин сойзыг сонгохдоо амны хөндийн асуудал дээр суурилан хатуу, дунд, зөөлөн “үстэй”-г хэрэглэх шаардлагатай. Хэрэв шүдний эргэн тойрон дахь эд гэмтэлгүй бол хатуу, дунд зэргийн хатуу үстэй сойз, хэт мэдрэмтгий шүдтэй бол зөөлөн үстэйг, өдөр тутмын зуршлаас үүдэн /кофе, тамхи, газтай ундаа/ өнгөр тогтох хандлагатай бол хатуу үстэй сойз гэх мэт сонголтоо хийх хэрэгтэй. Хэрэв та хиймэл шүдтэй эсвэл хэт ойрхон байрлалтай шүдтэй бол усжуулагч ашиглахыг зөвлөж байна. Мөн автомат шүдний сойз нь үүссэн Ямар ч үед хэт том “толгойн” хэсэгтэй сойз сонгохоос татгалзаарай. Учир нь амны хөндийн бохирдлыг гүйцэд цэвэрлэдэггүй, огих, ханиалгах зэрэг таагүй мэдрэмжүүдийг төрүүлдэг.
Шүдний утас, ам зайлагч хэрэглэж хэвшээрэй
Хоол идэх бүрдээ бид үлдэгдэл, бохирдол зэргийг шүдний утас, ам зайлагчаар цэвэрлэж хэвших шаардлагатай. Ажлын онцлогоос шалтгаалан та олон цагаар амны хөндийг цэвэрлэх боломжгүй тохиолдолд нян үржих таатай нөхцөлийг улам дэмжиж байгаа л гэсэн үг. Тиймээс шүдний утас, ам зайлагчийг хэрэглэж хэвшээрэй. Хэрвээ энэ бүхэн танд ялимгүй төвөгтэй байдаг бол усаар ч хамаагүй амаа зайлж хэвшээрэй. Ам зайлагч сонгохдоо найрлагад 25%-иас дээш агууламжтай Alcohol/Спирт агуулсан бол хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Амны хөндий, шүд арчилгааны тухай таны мэдэхэд илүүдэхгүй баримтууд:
- Шүлсний ялгарал нь шүдний өвчлөлийн эсрэг байгалийн хамгаалалт юм. Энэ нь амны хөндийд бий болох хүчил, сахарын хэмжээг багасгаж, хоол задлахад тустай байдаг. Сахаргүй бохь зажлах нь шүлсний ялгарлыг ихэсдэг гэж үздэг байна.
- Уураг нь таны булчин төдийгүй шүдэнд ч сувдан цагаан байдлыг хадгалахад, шүдийг эрдэсжүүлэхэд тустай.
- Д амин дэмээс гадна, С амин дэм ч мөн адил амны хөндийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Зөөлөн эдийг бэхжүүлж, буйлны үрэвслээс хамгаалдаг байна.
- Хэт зөөлөн хоол хүнс тогтмол хэрэглэх нь шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг ба хүүхдэд бага наснаас нь шүдний өсөлтийг хамааран хатуу идээ, ааруул хэрэглүүлж хэвшүүлэх нь зүйтэй.
- Хорт зуршлуудаа багасгах, таслан зогсоох. Чихэрлэг, хүчиллэг хоол хүнс, газтай ундаа, кофе, тамхи зэрэг нь өнгөр тогтоох, шүд сийрэгжүүлэх, хэт мэдрэг болгох эрсдэлүүдийг дагуулдаг.
- Жилд дор хаяж 2 удаа шүдний эмчид үзүүлж шаардлагатай арчилгаа эмчилгээг заавал хийлгэх.