Хүнсний харшил амь насанд аюултай юу?
Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн хугацаанд дэлхийн нийт хүн амын дунд мэдэгдэхүйц өсөж байна. Тэр дундаа хүнсний харшил болон эмийн харшил нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж буй. Судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн амын 2.5% орчим нь хүнсний харшилтай гэгддэг боловч тархалтын мэдээлэл нь өргөн хүрээтэй бөгөөд 1%-10% хүртэл хэлбэлздэг.
Тэгвэл хүнсний харшил гэж юу вэ?
Ямар нэгэн хүнсний улмаас дархлаа тогтолцоо зохисгүй, хэтрүүлсэн урвал үзүүлэхийг хүнсний харшил гэнэ. Гол төлөв харшил төрүүлэгч хүнсийг хэрэглэсний дараагаар хоолой, уруул, ам хавдаж, улаан тууралт гарч загатнах шинж тэмдгээр илэрнэ. Хүнсний харшил нь хурц болон аажим явцтай гэж хоёр хуваагддаг. Хурц хэлбэр нь харшил төрөгчийг хэрэглэснээс 24 цагийн дотор илэрдэг бол аажим явцтай харшил нь харшил төрөгчийг анх хэрэглэхэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Хүнсний харшлын шалтгаан
Хүнсний харшил нь аль ч насны хүмүүст тохиолдох боломжтой юм. Хоол хүнс нь уураг, нүүрс ус, өөх тос, төрөл бүрийн витамин, эрдэс бодис агуулдаг ба тэдгээрээс хамгийн түгээмэл аллерген нь уураг юм.
Харшлын урвал нь ямар ч хоол хүнснээс үүсэж болох ч газрын самраас шалтгаалах нь элбэг. Үүнээс гадна далайн гаралтай хүнс, гүзээлзгэнэ, өндөг зэргээс харшлах боломжтой. Түүнчлэн будаг агуулсан болон удаан хадгалсан хоол хүнсэнд харшлын урвал үүсдэг байна.
Хүнсний харшил нь багтраа, экзем, харшлын ринит болон бусад төрлийн харшилтай нөхцөлд тохиолдох нь элбэг байх аж.
Хүнсний харшил ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Уг өвчний шинж тэмдэг нь хэлбэрээсээ хамааран харилцан адилгүй байна. Дараах шинжүүд нийтлэг ажиглагдана:
- Хоолой ам, уруул хавдах, загатнах
- Биеэр улаан тууралт гарч загатнах
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Бие бүхэлдээ загатнахгүйгээр хавагнах, ялангуяа нүүр, ам, хоолой хавагнах
- Амьсгал давчдаж хоолой сөөх
- Цээж болон хэвлий орчим өвдөх
Зарим тохиолдолд хүнсний харшил нь анафилакси (харшлын хүнд хэлбэрийн хариу урвал) үүсгэж амь насанд аюул учруулах эрсдэлтэй. Хэрэв танд хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
Харшлын шинж тэмдгүүд нь арьс, зүрх судасны болон амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг тул харшилтай гэж үзэж байгаа тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.
Хүнсний харшил нь хүнсний мэдрэг байдалтай ижил үү?
Үгүй. Хүнсний мэдрэг байдал буюу “Food intolerance” нь тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг хоол боловсруулах тогтолцоо хүлээж авч чадахгүй байгааг илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл хүнсний мэдрэг байдал нь хоол боловсруулах тогтолцоотой холбоотой. Харин хүнсний харшил нь дархлаа тогтолцооны хариу урвалтай холбоотой юм. Хэдийгээр илрэх шинж тэмдгийн хувьд ижил төстэй тал олон ч эдгээрийг нэг зүйл гэж ойлгох нь буруу юм.
Тодруулах нэг жишээ дурдахад, хүнсний хэт мэдрэг байдалтай тохиолдолд та тухайн хүнсийг бага хэмжээгээр хэрэглэхэд ямар нэгэн зовуурь, таагүй мэдрэмж төрөхгүй. Харин харшил төрөгч хүнсийг маш бага хэмжээтэйгээр хэрэглэсэн ч харшлын хариу урвалын шинж тэмдгүүд ажиглагдана.
Хүнсний харшил үүсгэх өндөр магадлалтай хүнсний бүтээгдэхүүнүүд
Үнээний цэвэр сүү, өндөг, загас, далайн бүтээгдэхүүн, загасны түрс, улаан буудай, хөх тариа, лууван, улаан лооль, чинжүү, зэдгэнэ, бөөрөлзгөнө, киви, хан борогцой, анар, амтат гуа, жүржийн бүх төрлүүд, цитрус жимс, цэвэр кофе, дал модны самар, шоколад, мөөг, зөгийн бал зэрэг хүнс багтана.
Гэвч хүн бүрийн дархлаа тогтолцооны онцлогоос шалтгаалан харшил төрөгч хүнсэнд үзүүлэх хариу урвал харилцан адилгүй байдаг. Нэг хүнснээс харшилдаг ч бусад хүнснээс харшилна гэсэн үг биш юм.
Нийтлэг тохиолдох хүнсний харшлын төрлүүд
Хоол хүнсний харшил нь эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөөд зогсохгүй амьдралын чанарт ч мөн сөрөг үр дагавар авчирдаг. Харшил нь хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалахаас гадна тухайн хүний бие организмын дархлаа, бодисын солилцоо үйл ажиллагааны идэвхжлээс хамаарна.
Сүүний харшил. Сүү хэрэглэсний дараагаар таны арьс бэржийх, бөөлжих зэрэг урвалууд илэрч болно. Уг төрлийн хүнсний харшилтай гэдгээ мэдсэн тохиолдолд сүү болон сүүн бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай.
Өндөгний харшил. Энэ төрлийн харшил нь хүүхдүүдэд насанд хүрэгчдээс илүүтэйгээр тохиолдоно. Ялангуяа өндөгний цагаанаас үүдэж харшил бий болох нь олонтаа.
Улаан буудайн харшил. Хэрэв та улаан буудайн харшилтай бол ходоод гэдэс хямрах, арьсан дээр тууралт үүсэх, хамрын нусгай, амьсгалын багтрааны шинж тэмдэг илэрнэ. Харшлын урвалаас урьдчилан сэргийлэх цорын ганц арга зам нь улаан буудайнаас зайлсхийх явдал юм.
Газрын самрын харшил. Уг төрлийн хүнсний харшилтай тохиолдолд ихэвчлэн харшлын хурц урвал илэрдэг. Тийм учраас хэрэглэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг орц найрлагыг сайтар шалгаж байх хэрэгтэй юм.
Загасны харшил. Энэ төрлийн харшил нь насанд хүрэгчдэд илүүтэйгээр тохиолдоно. Гол төлөв уруул хавдах, ам загатнах, гэдэс өвдөх зэрэг нийтлэг шинжүүдээр илэрнэ.
Хэрхэн болзошгүй харшил өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлох вэ?
Хэрэв та өөрийгөө харшилтай хэмээн сэжиглэж байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Түүнчлэн харшлын сорилд хамрагдаж, чухам юунаас үүдэж харшлын урвал явагдаж байгааг тодорхойлохын зэрэгцээ тэдгээрээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.
Өдөр бүр иддэг зүйлээ санах нь багагүй хүндрэлтэй байдаг тул та хоолны тэмдэглэл хөтөлж эхлээрэй. Хоолны тэмдэглэлдээ юу идсэн, хэзээ идсэн, дараагаар нь ямар шинж тэмдэг илэрсэн зэргийг тэмдэглэж хэвших нь чухал юм.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Харшлын шинж тэмдгүүд нь арьс, зүрх судасны болон амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг тул харшилтай гэж үзэж байгаа тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube