Харшил уу? Ханиад уу?
Харшил
Харшил гэдэг нь ямарваа нэгэн өвчлөл үүсгэдэггүй, хүнд хор хөнөөл учруулдаггүй бодисын эсрэг хүний биеийн дархлааны тогтолцоо гэнэтийн хариу урвал үзүүлснээс үүдэлтэй бий болох бие даасан эмгэг юм. Харшил төрөгчийг дараах байдлаар ангилна: ургамлын тоосонцор, сул шороо тоос, ахуйн хэрэглээний бодис, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрийн тэжээвэр амьтад, хэт халуун болон хүйтэн агаар, хоол хүнсний, шавьж, эм тариа, үнэт эдлэл. Хүний биеийн дархлааны тогтолцоо нь А, M, G, D, E гэх таван төрлийн дархлааны уураг ялгаруулдаг. Үүнийг иммуноглобулин гэж нэрлэдэг. Харшлын үед иммуноглобулин “Е” генийн мутаци үүсч илүүдэл хэмжээгээр ялгаруулдаг байна. Иммуноглобулин “Е” ихтэй хүмүүс харшлын суурьтай байх ба энэ байдал нь удамших хандлагатай байдаг. Тийм учраас эцэг эх харшилтай тохиолдолд хүүхдэд удамших магадлалтай гэсэн үг юм.
Харшилтай гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Дээр дурдагдсан харшил төрөгчтэй харьцах тохиолдолд хамар битүүрэх, найтаалгах, ам, хамар, хоолой, нүүр хавдах, арьсан дээр юм туурах, загатнах, амьсгал боогдох зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд харшилтай байх магадлал өндөр юм. Гэвч та чухам юунаас харшилж байгаа, эдгээр нь 100% хувь харшлын шинж тэмдэг мөн эсэхийг тодорхойлохын тулд зайлшгүй мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Өөрт илэрч буй шинж тэмдгийн жагсаалтыг гаргаж, цаг хугацааны давтамжийг тэмдэглэж мэдээллийг эмчдээ өгснөөр зовуурын шалтгааныг тодорхойлоход илүү хялбар болох юм. Харшлын үндсэн оношилгоо сорил хэлбэрээр явагддаг.
Харшлыг хэрхэн ханиад болон бусад арьсны өвчнөөс ялгах вэ?
Амьсгалын замын халдварт өвчин болох ханиад, томуу, томуу төст өвчин нь амьсгалын дээд замын харшилтай эмнэл зүйн шинж тэмдгээрээ ойролцоо байдаг. Эдгээрийг хооронд нь ялган оношлохын тулд цусанд шинжилгээ хийж, арьсан дээл сорил тавьж харшил мөн эсэхийг илрүүлнэ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн тусламжгүйгээр оношлоход хүндрэлтэй гэсэн үг. Зарим тохиолдолд харшлыг амьсгалын замын халдварт өвчинтэй андуурч буруу эмчилгээ хийснээс өвчин улам хүндрэх эрсдэлтэй байдаг тул мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Харшил төрөгч нь хүний биед нэвтэрч орсон замаас шалтгаалан эмнэл зүйн шинж тэмдэг нь өөр байдаг.
Харшил төрөгч биед нэвтэрсэн зам | Шинж тэмдэг |
Амьсгалын зам | Найтаах, усан нус гоожих, хамар битүүрэх, нармай, тагнай загатнах, ханиалгах, амьсгаадах, бачуурах |
Хоол боловсруулах зам | Арьсны тууралт, гүйлгэх, суулгах |
Арьс салстын зам | Арьс салстын орчинд үрэвсэл үүсэх, загатнах |
Хэрхэн харшлаас урьдчилан сэргийлэх вэ?
Харшлын анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж байдаг. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь тухайн хүн анхнаас нь харшлаар өвчлөхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь харшилтай болсон тохиолдолд чухам юунаас харшилж буйгаа тодорхойлж харшил төрөгчөөс зайлсхийх явдал. Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь нэгэнт харшлын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс хамгаалахад чиглэх юм.
Анхдагч урьдчилан сэргийлэлтийн дараах зөвлөмжүүдийг хүргэе. Танд ойлгомжтой байх үүднээс харшил төрөгчийг орчны хувьд гадна болон дотор гэж ангилцгаая. Гаднын харшил төрөгчид: ургамлын тоосонцор, шавьж, гадаах орчны шороо тоос, хэт халуун болон хүйтэн агаар зэргийг авч үзье. Эдгээр хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэхийн тулд та дараах зөвлөгөөг туршиж үзээрэй:
- Харшил төрөгчийн идэвхжилтийн дээд цэг болох 10-16 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахаас зайлсхийх
- Цаг агаарын, агаарын чанарын мэдээг шалгаж хэвших. Ямар үзүүлэлт хэвийн байдаг талаар өөрийн хэмжээнд ойлголттой болж авах
- Маск, нарны шил, малгай хэрэглэх
- Гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулсны дараа угааж, цэвэрлэх. Учир нь амьтдад харшил төрөгч ургамлын болон бусад тоос тоосонцор наалдсан байх магадлалтай.
Харин дотор харшил төрөгчид: тоос тоосонцор, ахуйн хэрэглээний бодис, эм тариа, хоол хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрийн тэжээвэр амьтад. Эдгээр хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэхийн тулд та:
- Тогтсон цагуудад агаарын солилцоо хийж, агаарыг цэвэршүүлэх, чийгшлийг тэнцвэржүүлэх
- Хэт вакум орчинд цэвэрлэгээ хийхээс зайлсхийх
- Цэвэрлэгээ хийхэд ашиглаж буй бодисын найрлагад анхаарал хандуулах, бээлий маск хэрэглэж хэвших
- Гэрийн тэжээвэр амьтдын үсийг тогтмол цэвэрлэх. Хивс дэвсгэрийг тогтмол соруулах.
- Унтлагын өрөөндөө тоос бага татах тавилга, ор дэрний даавуу, хивс, дэвсгэр сонгож тохижуулах
- Тогтмол хугацаанд 5%-ийн цайруулагч болон бусад ариутгагч бодис ашиглан гэрт ариутгал цэвэрлэгээ хийх. Ингэснээр мөөгөнцөр үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
- Гоо сайхны бүтээгдэхүүн сонгож авахдаа орц найрлагыг анхаарах. Хэт их химийн хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнээс зайлсхийх.
- Хоол хүнсний зөв хэрэглээтэй байх
- Эмийн зохистой хэрэглээ
Зөвхөн харшилтай хүмүүс сорил тавиулдаггүй. Та урьдчилан сэргийлэх зорилгоор сорил тавиулж өөрийгөө юунд мэдрэг байгаагаа мэдэх боломжтой юм.
Эмчилгээ
Харшлын эмчилгээний дөрвөн зарчим:
- Мэргэжлийн эмчид хандаж харшлын талаар ойлголттой болох. Ингэснээр юунаас болж яагаад харшил үүсэн, харшил төрөгч юу болох, хэрхэн эмчлэх талаар цогц мэдээллийг олж авах юм. Мөн өвчтөн эмчийн өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж, хичээл зүтгэл гаргах шаардлагатай.
- Харшил төрөгчийг тодорхойлсны дараагаар түүнээс зайлсхийх.
- Эмэн эмчилгээний арга. Харшлын зовуурь, шинж тэмдгийн хүнд хөнгөн байдал, ямар эрхтэн тогтолцоог хамаарч байгаагаас хамаарч эмч эмийн сонголтоо хийж хэрэглэх заавар, тун, хугацааг тодорхойлно. Өвчтөн эдгээрийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай юм.
- Харшил төрөгчид мэдрэгшсэн зүйлээр нь дархлаа эмчилгээ хийж хэт идэвхэжсэн байгаа дархлаа тогтолцоог тэнцвэржүүлэх эмчилгээ. Энэхүү эмчилгээ нь үр дүнтэй ч өртөг өндөртэйд тооцогддог байна.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube