БЗХӨ-ний үед үтрээний ялгарал хэрхэн өөрчлөгддөг вэ?
Өмнөх нийтлэлд бид үтрээний ялгарал ямар байх нь хэвийн талаарх мэдээлэлтэй танилцсан. Харин энэ удаад үтрээний ялгаралд ямар өөрчлөлт орох нь бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг байх магадлалтай талаар ярилцацгаая.
Зарим БЗХӨ нь далд үедээ удаан байдаг буюу тодорхой шинж тэмдэггүй удаан өрнөх эрсдэлтэй байдаг. Иймд, эмэгтэйчүүд өөрсдийн бие махбодод гарч буй өөрчлөлтүүдийг таньж, ялгаж сурах нь чухал ач холбогдолтой юм.
Эрүүл эмэгтэйн үтрээний ялгарал нь өнгө, үзэмж өөрчлөгдөх нь дараах хүчин зүйлсээс шалтгаална:
- Стресс
- Цаг уурын өөрчлөлт
- Дааврын эмчилгээ
- Хүчтэй үйлчлэлтэй эм, эмийн бэлдмэлийн хэрэглээ
- Харшлын урвал
- Эрүүл ахуй
Үтрээний ялгарл өөрчлөгдөх нь нөхөн үржихүйн эрхтний эмгэгийн шинж тэмдэг байдаг. Тодруулбал, өнгө, үнэр, консистец зэрэг нь өөрчлөгдөнө. Ихэвчлэн энэ төрлийн өөрчлөлтөд хэвлий хэсгийн өвдөлт, загатнаа, гадна бэлэг эрхтэн гэмтэх, шээх давтамж өөрчлөгдөх, тухгүй байдал зэрэг шинж тэмдэгтэй хавсардаг.
БЗХӨ-ний урьтал үе, өвчнийг тодорхойлох боломжтой хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. Гэвч хамгийн оновчтой болоод эцсийн оношийг эмч тодорхойлох ба үүнд дотуур үзлэг, лабораторийн шинжилгээ зэрэг багтана.
Бэлгийн замын мөөгөнцөр
Их хэмжээний тараг, ээдэм төст консистенцтэй, хүчиллэг, чихэрлэг үнэртэй ялгарал нь мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг юм. Бэлгийн замын мөөгөнцрийн халдварын бусад шинж тэмдгүүдээс дурдвал:
- Үтрээ, гадна бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох
- Бэлгийн харьцааны дараа гадна бэлэг эрхтэн хавдах, эвгүй үнэр гарах
- Бэлгийн харьцааны дараа болон шээх явцад зовуурилах
Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
Их хэмжээтэй, шар эсвэл цусархаг, таагүй үнэртэй ялгарал нь бактерийн халдварын шинж тэмдэг байдаг. Энэ нь тухайн хэсгийн дархлаа бактерийн үржлийг барьж чадахгүй, тэдгээр нь эрүүл үтрээний эсүүд рүү халдаж, үрэвслийн процесс эхэлж байгааг илтгэнэ. Бактерийн гаралтай үтрээний үрэвслийн нийтлэг шинж тэмдгүүд:
- Бэлэг эрхтэн орчим улайх, загатнах, хавдах
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Бэлгийн харьцаанд орох үед өвдөх
- Биеийн хэм бага зэрэг нэмэгдэх
- Ядарч, сульдах
- Шээх давтамж нэмэгдэх
Трихомониаз
Их хэмжээтэй, хөөсөрхөг, таагүй үнэртэй ялгарал нь трихомониазын шинж тэмдэг байдаг. Түүнчлэн дараах шинж тэмдгүүд мөн хавсардаг:
- Гуяны дотор хэсэг болон бэлэг эрхтэн цочрох
- Үтрээний салст бүрхэвч гэмтэх
- Шээхэд өвдөх
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Бэлгийн харьцаанд ороход өвдөлт мэдрэгдэх
Заг хүйтэн
Шар, ногоон өнгөтэй, жигд бүтэцтэй, таагүй үнэртэй ялгарал нь заг хүйтний шинж тэмдэг байдаг. Энэ нь гонококкоор үүсгэгддэг архаг бэлгийн замын халдварт өвчин юм. Заг хүйтний шинж тэмдгүүдээс дурдвал:
- Шээсний зам, үтрээ хэсэгт загатнах, өвдөх
- Биеийн хэм нэмэгдэх
- Үтрээнээс идээ ялгарах
- Тогтмол, өвдөлт ихтэй шээх
- Тунгалгийн булчирхай томрох, өвдөх
- Сульдах
- Дотор муухай оргих
- Хоолны дуршил алдагдах
Нянгийн вагиноз
Үтрээний орчин өөрчлөгдөж, сүүн хүчлийн бактери эрс багасах эсвэл аога болсноор ашиггүй бактери хэт ихсэхийг нянгийн вагиноз гэж нэрлэнэ. Өвчний эхэн үед үтрээний ялгарал нь шингэн бөгөөд сааралдуу өнгөтэй байх боловч удахын хэрээр ялгарал нь шар, ногоон өнгөтэй, өтгөн болно. Түүнчлэн эхүүн, муудсан загас шиг үнэр гарах ба бэлгийн харьцааны дараа, сарын тэмдгийн үед ихээр ажиглагдана. Нянгийн вагинозоор халхлагдан дараах бэлгийн замын халдварт өвчин хавсрах эрсдэлтэй:
- Хламиди
- Хүний папиллома вирус
Бусад шалтгаан
Цусархаг идээт ялгарал нь ихэвчлэн умайн хүзүү, түүний эргэн тойронд уйланхай байгааг илтгэдэг. Цусархаг ялгарлаас гадна уйланхай нь дараах шинж тэмдгээр илэрнэ:
- Үтрээ орчим тавгүй мэдрэмж төрөх
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Бэлгийн харьцааны үед өвдөх
- Сарын тэмдгийн хэмжээнд өөрчлөлт орох, хэмжээ нэмэгдэх, мөчлөг алдагдах
Их хэмжээтэй, тод шар ногоон өнгийн, таагүй, эхүүн үнэртэй ялгарал нь умайн дайврын идээт үрэвслийн шинж тэмдэг юм. Умайн салст бүрхэвчийн үрэвслийн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Хэвлий, хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгдэх
- Халуурах, жихүүдэс төрөх
- Зүрхний хэм түргэсэх
- Шээхэд өвдөх
- Сульдах
- Үрэвслийн улмаас умай томрох
- Их хэмжээтэй, өвдөлттэй сарын тэмдэг ирэх
- Үргүйдэл
Сарын тэмдгийн хоцрогдолтой үед бор ялгарал гарах нь жирэмсний эхэн үеийн хүндрэл, умайн гадуурх жирэмслэлт зэргийг илтгэж байдаг. Умайн гадуурх жирэмслэлтийн үед дараах шинж тэмдгүүд мөн ажиглагдана:
- Сарын тэмдгийн хоцрогдол
- Хэвлийн доод болон хажуу хэсгээр хүчтэй өвдөх, базлах
- Хордлого, болон жирэмсний бусад шинж тэмдгүүд хавсран ажиглагдана
Энэ нь яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай ноцтой нөхцөл байдал юм. Хэдийгээр жирэмслэлт хэвийн буюу умайд зөв байрласан ч, цусархаг ялгарал ажиглагдаж байгаа тохиолдолд зайлшгүй эмчид хандах шаардлагатай.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Та өөрийн бие махбодод гарах өөрчлөлтүүд, шинж тэмдгийг сайтар ажиглаж, таних нь зүйтэй. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube