Үтрээний ялгарал ямар байх нь хэвийн бэ?
Үтрээний ялгарал нь үтрээний салст бүрхэвчид байрлах булчирхайн үйл ажиллагааны үр дүнд ялгарах шингэн зүйлийг нэрлэнэ. Ихэнх эмэгтэйчүүдэд нас, эрүүл мэнд, биеийн онцлог зэргээс шалтгаалан үтрээний ялгарлын хэмжээ харилцан адилгүй байна. Үтрээнээс бага хэмжээний ялгарал гарах нь бие махбодод байгалийн жамаар цэвэрлэгээний үйл ажиллагаа явагдаж байгааг илтгэнэ. Үтрээний ялгарлаар тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцооны үйл ажиллагаа, биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг тодорхойлох боломжтой байна.
Бидний хэлж заншсанаар “цагаан юм” нь нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зүйл тул ямар нэгэн өвчин эмгэгтэй холбож ойлгох нь буруу юм.
Хэмжээний хувьд үтрээний ялгарал дахаар төрлүүдэд хуваагдана:
Бага хэмжээтэй
Үтрээ болон гадна бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагаанд хангалтгүй хэмжээний ялгарал гарахыг бага хэмжээ гэж тодорхойлно. Энэ тохиолдолд салст бүрхэвч хуурайших, гэмтэх магадлал ихтэй. Тухайлбал, бэлгийн харьцааны үед үрэлт, өвдөлт мэдрэгдэх, зовуурилах. Үтрээний ялгарал бага хэмжээтэй байх нь дараах хүчин зүйлсээс шалтгаална:
- Нас (цэвэршсэний дараагаар үтрээний ялгарал нь эрс багасна)
- Дотоод шүүрлийн эмгэг
- Дааврын өөрчлөлт
- Дааврын эм, эмийн бэлдмэлээс шалтгаалах өөрчлөлтүүд
Хэвийн хэмжээтэй
Үтрээг хангалттай чийгшүүлж, тав тухгүй байдал үүсгэхгүй байхыг хэвийн хэмжээтэй гэж тодорхойлно.
Их хэмжээтэй
Үтрээг байнгын чийгшилтэй байлгадаг авч дотуур хувцсан дээр тодорхой хэмжээнд ул мөр үлдээж байгаа тохиолдолд их хэмжээтэй гэж тодорхойлно. Их хэмжээтэй үтрээний ялгарал нь залуу эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгийн дунд үе буюу овуляцийн үед, жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөхийн өмнө ажиглагддаг. Хэдийгээр их хэмжээтэй үтрээний ялгарал нь зарим тохиолдолд тухгүй мэдрэмж төрүүлэх ч ямар нэгэн үнэр, өнгөгүй байх юм. Энэ нь эрүүл ялгарал бөгөөд айж, сандрах шаардлагагүй юм. Гэвч ялгарлын үнэр, өнгө, хэмжээнд эрс өөрчлөлт орвол ямарваа нэгэн эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай юм.
Консистенцийн хувьд үтрээний ялгарал дараах төрлүүдэд хуваагдана:
Шингэн
Энэ төрлийн ялгарал нь ихэвчлэн тунгалаг, усархаг, элдэв үнэргүй байх ба нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн байгааг илтгэдэг. Энэ хэлбэрийн ялгарал нь мөчлөгийн дунд үед буюу овуляцийн үед хэмжээ нь нэмэгддэг. Түүнчлэн бэлгийн харьцаанд орох үед мөн ажиглагдана.
Өтгөн
Өтгөн ялгарал нь мөөгөнцрийн халдварын шинж тэмдэгт тооцогдоно. Ялгарал нь өтгөн, тараг, ээдэм төст жигд бус бүтэцтэй байдгаараа онцлогтой.
Хөөсөрхөг
Хөөсөрхөг ялгарал нь бактерийн халдварын шинж тэмдэг болно. Хэрэв ялгарлын хэлбэрээс гадна таагүй үнэртэй, өнгөнд өөрчлөлт орсон тохиолдолд ноцтойд тооцогдоно. Ихэвчлэн хөөсөрхөг ялгарал нь трихомониазын шинж тэмдэг байна.
Өнгөний хувьд үтрээний ялгарал дараах төрлүүдэд хуваагдана:
Өнгөгүй
Ямар нэгэн өнгөгүй, тунгалаг ялгарал нь нөхөн үржихүйн эрхтнүүдийг эрүүл байгааг илтгэнэ.
Цагаан
Бэлгийн замын мөөгөнцрийн үед цагаан шаргал, өтгөн ялгарал ажиглагдана. Гэвч эрүүл үед цагаан ялгарал нь төрөхийн өмнө ажиглагдах боломжтой юм.
Цусархаг ба бор
Энэ төрлийн ялгарал нь үтрээнд цус байгааг илтгэнэ. Эрүүл мэндэд ямар нэгэн асуудалгүй үед зөвхөн сарын тэмдгийн үед үтрээнд цус ажиглагдана. Гэвч дааврын эм бэлдмэл хэрэглэх эхний саруудад сарын тэмдэг хооронд цусархаг ялгарал гарах магадлалтай. Энэ нь хэвийн бөгөөд бие махбод хиймэл даавруудад дасан зохицож байгааг илтгэж байдаг. Бусад тохиолдолд цусархаг ялгарал гарах нь ноцтой эмгэгийн шинж буюу цус алдаж байгааг илтгэнэ.
Шар, ногоон
Бактерийн халдвар авсан болон үрэвслийн үед энэ төрлийн үтрээний ялгарал ажиглагдана.
Үнэрийн хувьд үтрээний ялгарал дараах төрлүүдэд хуваагдана:
Үнэргүй
Огт ямар нэгэн үнэргүй ялгарал гэж байхгүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Учир нь хүний биеэс ялгарч буй шингэн, шүүрэл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг. Энэ нь хүн бүрийн хувьд өөр өөр байх аж. Бие махбод хэвийн, эрүүл үед энэхүү үнэр таатай, үл ялиг мэдэгдэхүйц байдаг. Хүн өөрийн үнэрийг тогтмол үнэрлэснээр цаг хугацаа өнгөрөхөд түүнийг анзаарахаа байдаг.
Чихэрлэг, хүчиллэг үнэр
Энэ төрлийн ялгарал нь мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг байх магадлалтай.
Таагүй үнэртэй
Бактерийн халдвар, үрэвслийн үед үтрээний ялгарлын үнэр нь таагүй байдаг. Ихэнх тохиолдолд “муудсан загас”-ны эхүүн үнэрийг санагдуулдаг. Үнэр хэдий чинээ хүчтэй байна, халдвар төдий чинээ хүнд байгааг илтгэнэ.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Та өөрийн бие махбодод гарах өөрчлөлтүүд, шинж тэмдгийг сайтар ажиглаж, таних нь зүйтэй. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube