Ажлын орчин эрчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Дээхэн үед эрчүүдийн эрүүл мэнд нь зөвхөн бэлгийн замын өвчин, бэлгийн сулрал гэдэг ойлголтуудаар хязгаарлагддаг байсан. Одоо цагт иргэдийн эрүүл мэндийн суурь боловсрол нэмэгдэхийн зэрэгцээ эрчүүдийн эрүүл мэндийг харьцангуй өргөн хүрээтэй хардаг болсон нь авууштай.
Энэ удаагийн нийтлэлээр бид “Адам” эрэгтэйчүүдийн эмнэлгийн урологийн эмч Б.Цолмонтой эрчүүдийн ажлын орчин тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эмнэлэгт хандаж буй эрчүүд гол төлөв ямар асуудлаар ханддаг вэ?
– Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд эрчүүдийн эрүүл мэнд гэдэг ойлголтыг сийрүүлж өгөх нь зүйтэй болов уу. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэгт:
- Үргүйдэл
- Бэлгийн үйл ажиллагаа
- Бэлгийн зам болон шээс дамжуулах замын үрэвсэл
- Түрүү булчирхайн үрэвсэл
- Шээс дамжуулах замын чулуунууд
- Давсагны үрэвсэл
- Бэлгийн үйл ажиллагааны хямралууд буюу шодой хөвчрөлийн алдагдал, дур тавилтын асуудлууд
- Төмсөгний голомтот өөрчлөлтүүд буюу судасны өөрчлөлтүүд гэх мэт
Сонсож байгаачлан энэ нь маш өргөн хүрээнд яригдах асуудал юм. Одоо цагт эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж, үйлчлүүлж буй хүмүүсийг “Наадах чинь халдвар авчихсан юм биш үү” гэж хүлээж авч, ярих нь зохимжгүй гэсэн үг.
Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд авч үзэхэд дээр дурдагдсан бүхий л асуудлаар ханддаг. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхийг тодруулахаар хандаж буй эцэг эхчүүдийн тоо нэлээд нэмэгдэж байна.
– Иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх зорилгоор хандах нь олон уу? Эсвэл зовуурь илэрсний дараа хандах нь илүү олон уу?
– ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу урологийн буюу түрүү булчирхайн чиглэлд 45-аас дээш насанд жилд нэг удаа, 55-аас дээш насанд хагас жилд нэг удаа үзлэгт хамрагдах шаардлагатай байдаг. Одоо бол ихэвчлэн зовуурь үүссэний дараагаар эмнэлэгт ханддаг. Залуучуудын хувьд үзлэгт хамрагдах давтамж нь харьцангуй урьдчилан сэргийлэх чиглэл рүү байдаг бол 40-50 насны хүмүүсийн хувьд өвдтөлөө эмнэлэгт ханддаггүй хандлага ажиглагдсаар байна. Хэрвээ машинаар ярих юм бол наклад нь дугартал явж байна л гэсэн үг.
Хүмүүс зовуурь илрэх гэхээр толгой өвдөх, шүд өвдөх гэх мэтчилэн ямар нэгэн өвдөлт л илэрч байж зовуурь байна гэж ойлгоод байдаг. Гэвч зовуурь гэдэг нь тухайн эрхтэн тогтолцоо хийх ёстой үүргээ гүйцэтгэж чадахаа болихыг л хэлээд байгаа юм. Тодруулбал, түрүү булчирхай бол шээсийг гадагшлуулахад оролцдог эрхтэн. Тэгэхээр шээсээ гадагшлуулахад хүч султай болох, дүлэх, тасалдах эсвэл шээсний дараа дутуу шээсэн мэдрэмжтэй байх, мөн шээсээ барихад асуудалтай болох гэдэг нь өөрөө хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу зовуурь юм. Ийм тохиолдолд хүн өвдөлт илрэхгүй болохоор гайгүй байлгүй дээ, насных гэх мэтээр хойш суугаад эмнэлэгт хандах хугацаа алдах хандлага ажиглагддаг.
– Эмнэлэгт хандаж буй хүмүүст оношилгоо хийхэд ямар хүндрэлүүд тулгардаг вэ?
– Орчин үед юм хөгжихийн хэрээр хүмүүс өөртөө онош тавих, эмчилгээ хийж үзэх тохиолдол нэмэгдсэн. Өөрөө эмчлэх гэж үзэж байгаад болохгүй болонгуут нь бүүр 6-7 сарын дараа өвчин хэцүү болчихсон үед нь ирдэг хүмүүс байна. Дур мэдэн эмчилгээ хийх нь өөрөө олон эмд дасалтай үрэвслүүдийг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Дараагийн хүндрэл бол шинжилгээгээ өгчхөөд хариугаа авдаггүй асуудал байдаг. Эрэгтэйчүүдийн эмнэлгээр орох нь өөрөө зориг шаарддаг л даа. Эмнэлэгт орсноор ямар нэгэн хэцүү онош сонсчих вий гэдэг ч юм уу, тийм айдас байдаг гэсэн үг. Нэгэнт айдсаа даваад эмнэлэгт ирчихсэн байгаа тохиолдолд дараа нь хариугаа авахгүй байна гэдэг нь өөрөө маш буруу хандлага юм.
Зарим тохиолдолд тухайн өвчнөөс хамаараад эмч давтан үзлэг, шинжилгээ хийх төлөвлөгөө гаргадаг. Энэ нь магадгүй сарын дараа, 3 сарын дараа ч байж болно. Нийт өвчтөний ердөө 10-20% нь л тухайн давтан үзлэг, шинжилгээндээ эргэн ирдэг. Үлдсэн хэсэг нь зовуурь гайгүй болчихлоо гээд орхичихдог. Тухайн зовуурь алга боллоо гээд тэр нь өвчний асуудлыг бүрэн шийдсэн гэсэн үг биш юм. Нэн ялангуяа түрүү булчирхай тал дээр эмчилгээний стандарт нь өөрөө 3-6 сар үргэлжилдэг гэдгийг анхаарах нь зүйтэй.
– Энэ нь магадгүй төлбөртэй холбоотой байдаг юм болов уу? Оношилгоо, шинжилгээ, эмчилгээний нийт төлбөр дунджаар хэдэн төгрөг болдог вэ?
– Ямар өвчин бэ гэдгээс хамаараад өртгийн хувьд өөр байдаг. Нэг өвчин дээр жишээ авч өртгийг дундажлаж үзье. Бэлгийн замын гаралтай түрүү булчирхайн үрэвслийн оношилгооны хувьд 230 мянган төгрөг орчим, бэлгийн замын бус түрүү булчирхайн үрэвслийн хувьд 160-аад мянган төгрөг болдог. Онош ямар гарснаас хамаараад антибиотик уух хугацаа 7,20,30 хоногийн хооронд хэлбэлзэнэ. Харин антибиотикийн хувьд мэдрэг чанараас хамаараад үнийн хувьд харилцан адилгүй байна. Худалдаанд 3 000 төгрөгийн антибиотик байхад, 300 000 төгрөгийн антибиотик ч байдаг.
Давтан үзлэг уг нь хүнд дарамт багатай байдаг. Тухайлбал, үзлэг болон эхо нь үнэ төлбөргүй. Зөвхөн өөрчлөлтөө шинжлүүлэх шинжилгээнд хамрагдана. Мөн хоёр дахь үзлэгийн дараах эмчилгээнд антибиотикоо хач болдог. Тэгэхээр хоёр дахь үзлэг нь санхүүгийн хувьд харьцангуй дарамт багатай гэсэн үг.
– Ажил мэргэжлийн онцлогоос хамааран эрчүүдийн эрүүл мэндэд ямар асуудал үүсэх эрсдэлтэй байдаг вэ?
– Ажлын нөхцөл гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй. Хуульд заагдсан хортой нөхцөлүүд гэж байгаа. Гэвч хуульд тодотгож заагдаагүй ч эрүүл мэндийн байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болдог ажлын нөхцөл ч гэж байгаа юм.
Жишээлбэл, рентген туяанд ажилладаг эрэгтэй хүнийг авч үзье. Хэрвээ тухайн хүн хамгаалалтын хэрэгсэл буюу cover sheet-г хэрэглэхгүй ажилладаг тохиолдолд төмсөгний үйл ажиллагааг дарангуйлах эрсдэлтэй. Төмсөгний үйл ажиллагаа дарангуйлагдахад үргүйдлийн асуудал яригдаж эхэлнэ.
Дараачаар нь шөнийн ээлжийн ажил. Хүний шөнийн нойр гэдэг нь дахиж нөхөгдөшгүй. Хоёрдугаарт, шөнө унтаж байх үед эрэгтэй талаасаа бидний өнчин тархи гипоталамус гэдэг зүйлээс даавар ялгарч байдаг. Энэ нь төмсгөөс ялгарах эр бэлгийн дааврар буюу тестостероны ялгаралтыг дэмждэг. Харин шөнийн ээлжид ажилладаг хүмүүсийн хувьд тестостерон даавар нь багасаад ирдэг сул талтай.
Энэ дааврын гол үйлдэл нь хүний эрэгтэйлэг чанарыг бүрдүүлдэг. Тодруулбал, эрчүүдийн бэлгийн дур хүсэл, хөвчрөл, хөвчрөлийн дараах дахин сэргэх хугацаа, өглөөний бэлэг эрхтний хөвчрөл мөн дээрээс нь цусан дахь өтгөн, шингэний байдал, булчин болон өөхний харьцаа, эрэгтэй хүний эрэгтэйлэг зан чанар, сахал үсний ургалт, элэгний үйл ажиллагаа гээд маш олон зүйлд оролцож байдаг. Тестостерон даавар маань ээлжийн ажлын үр дагаварт механикаар багасаад ирэх юм бол наснаас хамаараад эрүүл мэндэд тодорхой асуудал үүсэхэд нөлөөлнө. 45+ насны хүмүүст даавар багасалтаас болж түрүү булчирхайн томрол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн залуу хүмүүст өөрт мэдэгдэхгүй ч биеийн их ядралт, түүнээс үүдсэн стресс үүсэж болно гэсэн үг юм.
Өөх булчингийн харьцаа алдагдаад ирэхээр илүү ядрамтгай болох, түүнээс үүдэж мөн л уур уцаартай болох гэдэг ч юм уу асуудлууд үүсэх эрсдэлтэй байгаа юм. Тэгэхээр аль болон ээлжийн нормоо хэтрүүлэлгүй, хоног сунгалгүй ажиллавал зохимжтой.
– Ярилцлагын төгсгөлд та эдгээр асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж өгнө үү.
– Дээр дурдагдсан ажлын нөхцөлөөс гадна байнгын босоо ажилладаг хүмүүс мөн эрсдэлтэйд тооцогддог. Жишээлбэл, цагдаа хүчнийхэн, бодибилдингийн тамирчид, тогооч нар гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд бие дандаа босоо хэлбэртэй байгаа учир төмсөг дахь цусны зогсонгшил үүсэж байдаг. Тэгэхээр төмсөгний үйл ажиллагааг дарангуйлах асуудлууд үүснэ гэсэн үг юм. Энэ тохиолдолд дунд нь сууж цусаа эргэлдүүлж байх шаардлагатай.
Хэрэв та нэрлэгдсэн ажлын орчинд хөдөлмөр эрхэлдэг бол тодорхой асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй. Харин хортой нөхцөлд ажилладаг бол биеэс хорыг гадагшлуулах арга хэмжээг давхар авч байгаарай. Түүнчлэн ажлын цагийг хэтрүүлэхгүй байх нь чухал. Хуульд заагдсан нормативаар ажиллаж, шөнөдөө чанартай нойр авч, сайн амарч байхыг зөвлөж байна.
– Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа!
– Баярлалаа. Дараагийн ярилцлагаараа уншигчидтайгаа эргэн уулзья.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: