Дутуу төрсөн нярайн эрүүл мэндийн асуудал
Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол улсын хэмжээнд жилд 77 мянган төрөлт бүртгэгддэг бөгөөд эдгээрээс 3306 хүүхэд буюу нийт амьд төрсөн хүүхдийн 4.3 нь 2500 граммаас доош жинтэй буюу хүүхдийн жингээр тооцоход дутуу төрсөн. Тоон үзүүлэлтээс харахад энэ статистик нь өсөх хандлагатай харагдаж буй. Чухам юунаас үүдэж дутуу төрөлт явагддаг, эх болон нярайд эрүүл мэндийн ямар асуудлууд тулгарах магадлалтай талаарх мэдээллийг бид танд нэгтгэн хүргэж байна.
Дутуу төрөлт гэж юу вэ?
Дутуу төрөлт гэдэг нь хүүхэд төлөвлөгдсөн хугацаанаас гурав ба түүнээс дээш долоо хоногийн өмнө хорвоод мэндлэх явдал. Өөрөө хэлбэл, дутуу төрөлт нь жирэмсний 37 дахь долоо хоног эхлэхээс өмнө явагдах төрөлт гэсэн үг юм. Дутуу төрөх үеийн эрүүл мэндийн хүндрэлүүд харилцан адилгүй байдаг, эрт төрөх тусам эрсдэл өндөр байдаг. Дутуу төрөлтийг дараах байдлаар ангилна:
- Аяндаа эхэлсэн дутуу төрөлт /ургийн ус бүтэн байхад базлалт эхэлж төрөлт явагдах/. Нийт дутуу төрөлтийн 30-40%-ийг эзэлнэ.
- Аяндаа эхэлсэн дутуу төрөлт /ургийн ус гадагшилж төрөлт явагдах/. Нийт дутуу төрөлтийн 30-40%-ийг эзэлнэ.
- Зайлшгүй жирэмслэлт таслах шаардлага бий болсноос үүдэн төрөлт сэдээсэн дутуу төрөлт. Нийт дутуу төрөлтийн 20%-ийг эзэлнэ.
Дутуу төрөлтөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс ба илрэх шинж тэмдгүүд
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол өөрийн эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал тавьж, цогц бэлтгэл хийх нь зүйтэй. Ураг эрүүл бойжиж хорвоод мэндлэх хүртэл бүхий л явц таны эрүүл мэнд, сэтгэл санааны байдалтай нягт холбоотой байдаг. Дутуу төрөлт явагдахад нөлөөлөх нийгэм эдийн засгийн боломжоос эхлэн амьдралын хэв маяг, эрүүл мэндийн асуудлаар төгсөх олон эрсдэлт хүчин зүйлс бий. Үүнд:
- Амьжиргааны түвшин дундаас доош байх
- Нас. 18-аас доош ба 30-аас дээш насны эхчүүд
- Хорт зуршил
- Урьд нь дутуу төрж байсан бол дутуу төрөх эрсдэлийг 4 дахин, 2-с дээш дутуу төрж байсан бол 6 дахин нэмэгдүүлнэ
- Ургийн дотоод халдвар
- Умайн хүзүүн дутмагшил
- Ихэс цагаасаа өмнө ховхрох
- Умайн хэт тэлэлт /ургийн усны ихсэлт, ихэр ураг, том ураг/
- Умайн гаж хөгжил, байршлын гаралтай эмгэг болон бүтцийн өөрчлөлт
- Шээс ялгаруулах эрхтний тогтолцооны өгсөх замын халдварууд
- Жирэмсний үеийн мэс ажилбар
- Гэмтэл
- Эрхтэн тогтолцооны өвчин / артерийн даралт ихсэлт, цус багадалт болон зүрхний эмгэгүүд/
Дутуу төрөлтийн үед нийтлэг илрэх шинж тэмдгүүд бий. Үүнд, хэвлий хэсгээр тогтмол агшилт мэдрэгдэх, үтрээний ялгадсын өөрчлөлт, аарцаг аль эсвэл гэдэс дотрыг дарах зовуурь, сарын тэмдгийн шинжтэй адил хэвлийн таталт ба нурууны байнгын өвдөлт зэрэг багтана. Жирэмсний 11 долоо хоногийн дотор багтаж эх бүр хяналтдаа орж, жирэмсний бүх төрлийн шинжилгээнд хамрагдаж, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн эхэд учрах ямарваа нэгэн эрсдэлийг багасгадаг байна. Иймд та өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай хянаж хяналтыг хариуцаж буй эмчдээ цаг алдалгүй мэдээлэлж байгаарай.
Дутуу төрсөн нярайн эрүүл мэнд
Дутуу төрсөн бүх хүүхдүүд хүндрэлтэй байдаггүй ч хугацаанаас эрт төрөх нь богино болон урт хугацааны эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байна. Дан ганц төрсөн хугацаа бус нярайн жингийн байдал ч мөн үүнд нөлөөлдөг. Зарим эрүүл мэндийн асуудал нь төрсний дараа илэрхий байж болох бол зарим нь урт хугацааны дараагаар илрэх эрсдэлтэй байдаг.
Богино хугацааны хүндрэлүүд:
- Амьсгалын тогтолцооны хүндрэлүүд. Дутуу төрсөн хүүхэд нь амьсгалын тогтолцоо хангалттай төлөвшиж амжаагүйн улмаас уушги хэвийн хэмжээгээр тэлж, агшиж чадахгүй болж амьсгалахад бэрхшээлтэй байдаг.
- Зүрх судасны тогтолцооны хүндрэлүүд. Уушгины артерийн гол судсыг заагладаг суваг ургийн хөгжлийн явцад хаагдах ёстой боловч хаагдаагүйн улмаас зүрхний гажиг үүсэх эрсдэлтэй байдаг. Эмчлэхгүй удах тохиолдолд зүрхний шуугиан, зүрхний дутагдал бусад хүндрэлд хүргэж болзошгүй.
- Тархины асуудал. Хүүхэд эрт төрөхөд ховдлын дотор цус алдалтын эрсдэл нэмэгддэг. Ихэнх тохиолдолд цус алдалт нь хөнгөн бөгөөд богино хугацааны нөлөө багатай арилдаг. Гэвч зарим нярайн тархины цус алдалт ихэсч, улмаар тархины байнгын гэмтэл авах эрсдэл байдаг байна.
- Биеийн хэм тэнцвэржихгүй байх. Дутуу төрсөн хүүхэд биеийн дулааныг хурдан алддаг. Хугацаандаа төрсөн нярайн биед агуулагдах өөр тосны агууламжтай харьцуулахад харьцангуй бага байдгийн улмаас хангалттай хэмжээний дулаан ялгаруулж чаддаггүй байна. Хэт бага биеийн хэм нь гипотерми буюу амьсгалын асуудалд хүргэж, цусан дахь чихрийн хэмжээг бууруулна. Дутуу төрсөн нярай нь хооллох үед авах шим тэжээлийг биеийн дулаан ялгаруулахад зарцуулдаг байна. Тиймээс дутуу төрсөн нярай хүүхэд хэвийн жинд очиж биеийн хэмийг хадгалах чадвартай болтол инкубатороос нэмэлт дулаанаар хангана.
- Хоол боловсруулах тогтолцоо. Дутуу төрсөн нярайн хоол боловсруулах тогтолцоо дутуу хөгжих магадлалтай байдаг тул үхжил үүсгэдэг энтероколит зэрэг хүндрэлүүд бий болдог. Гэдэсний ханыг бүрхсэн эсүүд гэмтэх магадлалтай энэхүү ноцтой нөхцөл байдал нь нярай хооллож эхэлснээс хойш тохиолдох магадлалтай. Эхийн сүүгээр хооллож буй нярайд эдгээр асуудал үүсэх магадлал бага байдаг байна.
- Цусан хангамжийн асуудал. Дутуу төрсөн нярай цус багадалт, нярайн шарлалт зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй байдаг. Цус багадалт нь бие махбодь улаан эсийн дутагдалд орох нийтлэг эмгэг юм. Амьдралын эхний саруудад бүх шинэ төрсөн нярайд цусны улаан эсийн тоо аажмаар буурах явц ажиглагддаг бол дутуу төрсөн нярайд энэ нь илүү их хэмжээгээр ажиглагдана. Нярайн шарлалт гэдэг нь хүүхдийн цус, элэг, улаан эсээс илүүдсэн шар өнгийн бодис болох билирубин агуулдаг тул нярайн арьс, нүдний өнгө шар өнгөтэй болдог. Шарлалт нь олон хүчин зүйлээс болж үүсэх ч ихэвчлэн дутуу төрсөн нярайд түлхүү ажиглагдана.
- Бодисын солилцооны асуудал. Дутуу төрсөн нярай ихэвчлэн бодисын солилцооны асуудалтай тулгардаг. Зарим тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээ хэвийн хэмжээнээс бага байснаас үүдэн гипогликеми үүсч болзошгүй юм. Энэ нь глюкозын хадгалалт бага байдагтай холбоотой бөгөөд биед буй глюкозоо илүү хэрэгцээтэй, идэвхтэй хэлбэрт шилжүүлэхэд илүү бэрхшээлтэй тулгарах явдал юм.
- Дархлаа тогтолцооны асуудал. Дархлаа сул хөгжсөн байдаг нь халдвар авах өндөр эрсдэлийг дагуулдаг.
Урт хугацааны хүндрэлүүд нь богино хугацааны хүндрэлүүдийг цаг алдалгүй оношилж, эмчилсэн үр дүнгээс шалтгаалан үүсэх эрсдэл нь багасдаг байна. Доор дурдагдах хүндрэлүүд нь хүүхдэд амьдралын явцад ямар нэгэн байдлаар учирч болзошгүй тул анхааруулга байдлаар хүргэж байна. Үүнд: тархины саажилт, сурах чадвар буурах, харааны болон сонсголын асуудал, шүдний эмгэг, зан үйлийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, архаг хууч өвчин үүсэх магадлал зэрэг багтана.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн хүндрэл тохиолдвол та мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: