Жирэмсэн үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл
Бодит ээжүүдийн бодит шийдлүүд
Жирэмсэн болсон гэдэг баярт мэдээг сонссоноос хойш нэг их удалгүй жирэмслэлттэй холбоотой асуудлууд нэг нэгээрээ таныг дагаж эхэлдэг. Ээжүүдийн бодит туршлага дээр суурилсан жирэмсэн үед тулгардаг 15 түгээмэл асуудал болон тэдгээрийг шийдэх шалгарсан аргуудаас хүргэж байна.
Жич: Эдгээр ээжүүдийн аль нь ч эмч биш, тиймээс зөвлөгөөг нь дагахаар шийдсэн бол харьяа эмчээсээ асуугаарай.
1. Дотор муухайрах
Дааврын түвшний өөрчлөлтөөс үүдэлтэй үнэрлэх мэдрэмж нэмэгдэх нь дотор муухайрах, бөөлжих мэдрэмжийг төрүүлдэг.
Бодит ээжийн зөвлөмж:
“Дотор муухайрах мэдрэмж төрөх төдийд л шууд юм идэж, цусан дахь чихрийн хэмжээгээ нэмэгдүүлэх нь чухал. Хатуу чихэр идэх их тусалдаг байсан.” – Женнифер
“Цагаан гаатай чихэр болон гааны навчтай цай аль аль нь тус болдог байсан.” – Ариана
2. Цээж хорсох
Жирэмсний үед прогестерон буюу жирэмсний гормон гэгддэг дааврын нөлөөгөөр улаан хоолойн булчингийн ерөнхий байдал буюу тонус нь суларсан байдаг. Жирэмсний 25 дахь долоо хоногийн үед умай томорсноор хэвлийн дотоод даралт нэмэгддэг зэрэг нь улаан хоолойн хуниасыг нягт хаагдахад саад болж байдаг. Эдгээрийн нөлөөгөөр ходоодны хүчил улаан хоолой руу шахагдан орж ирдэг.
Бодит ээжийн зөвлөмж:
“Цээж хорсолтыг багасгахын тулд би алимны цуутай цай хийж уудаг байсан. Нэг аяга халуун усанд 1-2 халбага органик алимны цуу, 1 халбага зөгийн бал, бага зэрэг нимбэг хийж, хоол идэхийн өмнө болон дараа уухад цээж хорсолт багасдаг.” – Тиффани
“Гааны навчтай цай болон бохь үнэхээр тус болсон” – Женни
3. Ядрах
Ялангуяа эхний гурван сард жирэмсэн эмэгтэйчүүд маш их ядардаг – хэвлийдээ бүхэл бүтэн хүн бий болгож байгаа юм чинь, аргагүй шүү дээ!
Бодит ээжийн зөвлөмж:
“Би ногоон смути хийж уудаг. Кофеноос илүү их эрч хүч өгдөг шүү. Амттай ногоон смути хийх жорууд интернетэд маш их байдаг” – Энжел
4. Гар хөл хавагнаж хөөх
Дааврын нөлөөтэй биед шингэн хуримтлагдсанаас хөл, гар хавагнаж хөөдөг. Тиймээс хуримын бөгжөө зүүхдээ анхааралтай байгаарай.
Бодит ээжийн зөвлөмж:
“Спиннингээр хичээллэх! Дасгал хөдөлгөөн хийх нь хавагнахаас урьдчилан сэргийлэхэд маш их тус болсон. Би зүрхний цохилт хэмжигч хэрэглэж, зүрхээ хэт ачаалахаас сэргийлж байсан.” – Маанда
“Гэртээ арвайн цай хийж уудаг байсан. Хятадын эртний нууц. Надад лав маш сайн тохирсон” – Рэйчэл
5. Гэдэс дүүрэх
Жирэмсний хугацаанд хоол боловсруулалт удааширдаг учраас гэдэс дүүрэх, хэхрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Олон нийтийн газар ч хэцүү шүү.
Бодит ээжийн зөвлөмж:
“Бага багаар хооллож, хоол идсэний дараа алхах нь гэдэс дүүрэлтийг бууруулдаг. Хийжүүлсэн ундаанаас бүр мөсөн татгалзах шаардлагатай болсон шүү.”- Эми
6. Өтгөн хаталт
Хоол боловсруулалт удаашрах, шулуун гэдэс шахагдах, төмрийн бэлдмэл хэрэглэх зэрэг нь жирэмсний үеийн өтгөн хаталтанд нөлөөлж байдаг.
Бодит ээжийн зөвлөмж:
“Манай сувилагч надаа энэ зөвлөгөөг өгч байсан юм. Хөлөн доороо жижиг сандал тавьж, гадаа бие засаж байгаа мэт биеийн жингээ хөлдөө төвлөрүүлэн суугаад, доошоо тонгойж байгаад хярзан дээрээ чанга дарж өгөх хэрэгтэй. Шалтгааныг нь сайн ойлгоогүй ч, гайхалтай үр дүнтэй шүү.” – Линдсэй
7. Хөл өвдөх
Хөлийн эрээн булчин янгинаж өвдөх нь жирэмслэлтийн үед түгээмэл тохиолддог бөгөөд огцом жин нэмэлт болон судасны даралт нэмэгдсэнтэй холбоотой байдаг.
Бодит ээжийн зөвлөмж:
“Унтахаасаа өмнө гадил жимс идэхээр хөл өвдөггүй байсан.” – Нори
“Дэр. Маш их дэр! Би бараг өөрийн жижиг үүрэнд унтдаг байсан.” – Энжел
“Судас өргөсөхөөс сэргийлэх эрүүл мэндийн оймс өмсөх. Бага зэрэг үнэтэй хэдий ч үр нөлөөтэй.” – Мэри
8. Язралт
Жин нэмэх, хэвлий томрох зэрэг нь арьсны уян хатан байдалд нөлөөлж язралт үүсгэдэг.
Бодит ээжийн зөвлөмж:
“The Body Shop-ийн биеийн тос язралт үүсэхээс хамгаалсан гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Язралт нь тухайн хүний удмын сангаас шууд хамааралтай гэж үргэлж ярьдаг ч, манай гэр бүлийнхнээс би л ганцаараа язралтгүй төрсөн. Жирэмсний хугацаандаа тогтмол биеэ бүхэлд нь тосолдог байсан.” – Стефани
“Е амин дэмийн капсулыг задалж байгаад язралт үүсдэг хэсгүүддээ түрхдэг байсан.” – Ариана
9. Давсаг султай болох
Ураг давсган дээр даралт үүсгэснээс болж байн байн шээс хүрэх, инээх, найтаалгах төдийд шээс дусагнадаг болдог.
Бодит ээжийн зөвлөмж:
“Кегелийн дасгалаа сайн хий. Үтрээний булчингаа цахилгаан шат гэж төсөөлөөд дээшлэх, доошлох байдлаар булчингаа чангалж, хэсэг хугацаанд барих хэрэгтэй.” – Женни
10. Нуруу ууцаар өвдөх
Жин нэмэх, хэвлий томрох, булчин сулрах зэргээс үүдэн нуруу ууц чилж өвддөг.
Бодит ээжийн зөвлөмж:
“Дасгалын бөөрөнхий зөөлөвч ашиглан нурууны дасгал хийх нь нурууны булчинг суллаж, чилж өвдөхөөс сэргийлдэг байсан.” – Мари
“Эпсом давс буюу магнисульфаттай усанд орохоор нурууны өвчин намддаг.” – Эбрилл
11. Батгашилт
Шилжилтийн насны дааврын өөрчлөлтөөс болж нүүрээр юм гардаг байсныг санаж байна уу? Жирэмсэн үед энэ давтагдах боломжтой.
Бодит ээжийн зөвлөмж:
“Жирэмсний батгашилтанд цөөн найрлагатай гар аргаар хийсэн органик саван /лаванда цэцэг, цайны модны хандтай гэх мэт/, органик нүүрний тос, нүүрний сойз ашиглах нь батгашилтыг аль болох бага байлгахад тусалсан.”-Эрин
12. Хамар битүүрэх
Эстроген дааврын нөлөөгөөр хамрын салст бүрхүүл хавдаж, битүүрдэг байна.
Бодит ээжийн зөвлөмж:
“Жирэмсний бүхий л хугацаанд давсны уусмалтай хамрын цацлагыг өдөрт 3-4 удаа хэрэглэдэг байсан. Тэгэхгүй л бол байнга амаараа амьсгалах шаардлагатай болдог байлаа.” – Келли
“Би эфирийн тосон дуртай. Хамран даа гааны навчны тос, цээжиндээ эвкалипын тос түрхэж, зөгийн бал, нимбэгийн тостой халуун цай уудаг байсан. Мөн өдөр тутамдаа давс, содатай бүлээн усаар хамраа угаадаг байсан. Маш амархан.” – Кэрри
13. Нойргүйдэл
Жирэмсний үеийн хамгийн зөрчилдөөнтэй хэсэг нь та хичнээн ядарсан байсан ч байн байн ариун цэврийн өрөө орох, хөл өвдөх, санаа зовох, тухтай байж чадаагүйгээсээ болоод сайн унтаж амарч чадахгүй байх явдал.
Бодит ээжийн зөвлөмж:
“Би өөрийн жирэмсний үеийн унтуулах шидэт шингэнийг олсон: Ердөө шанцай /parsley/ болон зөгийн балтай халуун сүү!” – Анжела
“Нойргүйдлийн үед өглөө эрт босож дасгал хөдөлгөөн хийдэг. Кардио дасгал хийх, йога хийх зэрэг нь надад бөх унтаж амрахад тусалдаг. Мөн жирэмсний дэр тухтай унтахад тусалдаг, гэхдээ шөнө босож ариун цэврийн өрөө орох асуудлыг одоохондоо шийдэж чадаагүй л байна.” – Эрин
14. Ам хуурай оргих
Жирэмсэн байхад шингэний дутагдалд орох нь түгээмэл байдаг.
Бодит ээжийн зөвлөмж:
“Хажуугаараа харж унтах, мөн унтахын өмнө өрөөний чийгшүүлэгч асааж унтдаг болсон. Үүний тусламжтай өглөө ямар ч байсан “амаараа дүүрэн хөвөнтэй” юм шиг мэдрэмжтэй сэрэхээ больсон.” – Линда
15. Шамбарам
Эхлээд өтгөн хатна, энэ нь шулуун гэдсэнд ачаалал үзүүлнэ, тэгээд “Вуаля!” – шамбарам буюу шулуун гэдэсний хураагуур судас хошного орчимд зангилаатан өргөсөх өвчинтэй болно.
Бодит ээжийн зөвлөмж:
“Шулмын шүүр /Witch Hazel/ ургамлын тосыг хөвөнд шингээж өвчилсөн хэсэгт тавих. Маш сайн тайвшруулах үйлчилгээтэй.”- Анжела
“Би өдөр бүр эсвэл хэрэг болсон үедээ халбаганы 1/4-1/2 хэмжээтэй нунтаг магни уудаг байсан. Энэ нь өтгөн асуудалгүй гадагшлахад тусалж, шамбарам үүсэхээс сэргийлдэг.” – Тиффани