Нүдний ядаргааг тайлах энгийн аргууд
Нүд бол хүний хамгийн чухал бөгөөд эмзэг эрхтэн юм. Тиймдээ ч гаднын нөлөөгөөр амархан ядрах, өвчлөх тал элбэг бий. Удаан хугацаанд машин барих, компьютер болон ухаалаг утасны хэрэглээ, нүдийг хэт ачаалах, хэт хурц болон бүдэг гэрэлтэй орчинд удаан байх зэрэг шалтгаануудаас үүдэн нүд ядарч тодорхой зовуурууд илэрнэ. Тухайлбал, нүд загатнах, хөндүүрлэж өвдөх, хуурайших, нулимс гоожих, бүрэлзэх, давхар харах гэх мэт зовуур илэрнэ.
Хэдийгээр нүдний ядаргаа нь урт хугацааны өвчлөл, гэмтэлд хүргэхгүй ч анхаарал муудах, ядрах зэргээр өдөр тутмын амьдралд бэрхшээл учруулдаг. Иймд та дараах энгийн аргуудыг хэрэглэснээр нүдний ядаргааг багасгаж өөрт тулгарах тавгүй мэдрэмжээс ангижраарай.
Бүлээн алчуураар жин тавих
Нүдэнд бактери орохоос сэргийлж жин тавихаас өмнө та гараа угаах шаардлагатай. Үүний дараагаар жин тавих алчуурыг буцалсан халуун усанд хийж(ингэснээр алчуурыг ариутгах болно), бүлээн болтол хөргөж 5-10 минутын туршид нүдэндээ тавина. Бүлээн жин нь өвдөлт намдаах, цусны эргэлтийг сайжруулж, нүд орчмын булчинг тайвшруулах үйлчилгээтэй юм.
Орчны болон ашиглаж буй цахилгаан төхөөрөмжийн гэрэлтүүлгийг тохируулах
Гадаад орчны гэрэлтүүлэг болон цахилгаан төхөөрөмжийн гэрэл нь нүдэнд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг. Жишээ нь та зурагт үзэж байхдаа өрөөний гэрлийг бүдэг байлгах нь мөн ном уншихад гэрлийг тод байлгаж хуудас чиглэлийн тусгалтай тохируулах нь илүү хялбар бөгөөд нүдэнд ирэх ачааллыг тодорхой хувиар багасгах юм. Харин ухаалаг утас, компьютерын дэлгэцийн гэрэлтүүлгийг эргэн тойрон дахь гэрэлтүүлгийн түвшинд тохируулан тааруулах нь зүйтэй.
Зориулалтын/компьютерын/ нүдний шил хэрэглэх
Та энэхүү шилний тусламжтайгаар 50-66 см-ийн зайд төвөггүй дэлгэцийг төвлөрч харах юм. Өөрөөр хэлбэл нүдэнд ачаалал өгөхгүйгээр тодорхойлогдсон зайнаас дэлгэцтэй ажиллах боломжтой гэсэн үг. Зарим зориулалтын/компьютерын/ нүдний шилний хувьд ойрын, дунд, холын зай хооронд анхаарал хурдан шилжүүлэхэд туслах тусгай линзтэй байдгаараа онцлог. Гэвч зориулалтын/компьютерын/ шил нь цэнхэр гэрлийн хамгаалалттай шил биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Цэнхэр гэрлийн хамгаалалттай шил буюу бидний хэлж заншсанаар компьютерын хамгаалалтын шил нь дэлгэцийн цэнхэр туяанаас тодорхой хувиар хамгаалж, удаан цагаар ажиллахад таатай байдаг ч нүдний ядаргаанаас урьдчилан сэргийлэх хэрэгсэл болж чаддаггүй байна.
Дэлгэцийн зөв тохиргоо ба байрлал
Хэрэв та удаан хугацаагаар дэлгэцтэй ажиллах шаардлагатай байдаг бол юун түрүүнд дэлгэцийг тэнийлгэсэн гарны хэмжээтэй буюу 50-66 см-ийн зайтай байрлуулах нь зөв. Ингэхдээ дэлгэцийн төв хэсэг нүдний түвшнөөс 10-12 см доор байрлах нь илүү тохиромжтой юм. Мөн дэлгэцийн гэрэлтүүлгийг эргэн тойрны гэрэлтүүлгийн түвшинд тохируулж хэт хурц аль эсвэл бүдэг байхаас сэргийлэх, дэлгэц дээр гарах үг үсгийн фонтыг төвөггүй харагдах хэмжээтэйгээр сонгох шаардлагатай.
Цайны уут/шаарыг туршаад үзээрэй
Цайны уут нь нүдийг амраах, тайвшруулах хүйтэн жин хэлбэрээр ашиглаж болох юм. Энгийн цай болон төрөл бүрийн ургамлын хандтай цайг хэрэглэж болно. Хандалсны дараагаар цэвэр хайрцганд хийж хөргөгчид хийж хөргөсний дараа зовхиндоо жин хэлбэрээр тавина. Цайны уутаар жин тавьж байх үед нүдээ нээж огт болохгүй, учир нь санамсаргүйгээр цайны ханд, шаар зэрэг нь нүд рүү орж бохирдуулах эрсдэлтэй тул болгоомжтой байх хэрэгтэй.
Нүдний дасгал хийх
Нүдний ядаргааг тайлах олон төрлийн дасгалууд бий. Тэдний нэгийг та туршаад үзээрэй. Аль нэг хуруугаа нүднээсээ 10-15см-ийн зайтай байрлуулж анхаарлаа төвлөрүүл. Дараагаар хурууг илүү хол зайд байрлуулж мөн хэдэн секунд анхаарлаа хандуулж, буцааж анхны байрлалд авчрах. Хэд хэдэн удаа энэ үйлдлийг давтах. Хоёр дахь энгийн дасгал. Суугаа байрлалд байхдаа нүдээ аниад, аньсан чигээрээ тааз руу, шал руу, баруун, зүүн чиглэлтэй харах. Хэд хэдэн удаагийн давтамжтай хийх. Эдгээр дасгалууд нь нүдний булчинг ачаалж ядаргаа тайлахад тустай байдаг.
Дэлгэцээс завсарлага авах
Дунджаар нэг минутын туршид бид нүдээ 15-20 удаа анивчдаг. Харин дэлгэц ашиглаж байх үед энэ 5-7-оор буурдаг учир энэ хугацаанд нүдээ аль болох хэвийн хэмжээнд аньж байхаа мартуузай. Мэргэжлийн эмч нар дижитал төхөөрөмжтэй ажиллаж байхдаа нүдээ тогтмол амрааж байхыг зөвлөдөг. Үүний зэрэгцээ дэлгэц ашиглахдаа тогтмол завсарлага авах хэрэгтэй гэж зөвлөдөг. Шалгарсан “20-20-20”-ийн дүрэм бий. Энэ нь 20 секундийн туршид 20 фут(6 метр) зайд байрлах зүйл рүү 20 минут тутамд нэг удаа ширтэх дасгал хийж нүдийг амраах юм. Бас нэгэн зөвлөгөө: дэлгэц ашиглах үед 2 цаг тутамд 15 минут нүдээ амрааж хэвшээрэй.
Агаарын чанарыг сайжруулах
Нүд хуурайшиж эхлэхэд нүдний ядаргаа илүү их мэдрэгддэг. Агаар чийгшүүлэгч ашиглаж агаарыг сайжруулснаар нүдний чийгт ч мөн адил эерэг нөлөө үзүүлдэг байна. Хамгийн багадаа агаарын чийгшлийн түвшин 45% байх нь сайн гэж үздэг. Харин та өөрийн эргэн тойрондоо сэнс, агааржуулагч зэрэг хуурай агаараар үлээдэг хэрэгсэл ашигладаг бол аль болох ирэх хуурай агаарын урсгалыг нүднээс хол чиглэлтэй байхаар байрлуулахыг зөвлөж байна.
Хиймэл/жинхэнэ нулимсыг туршиж үзээрэй
Эмчийн зааврын дагуу нүдний ядаргаанд тодорхой нүдний дусаагуурыг хэрэглэж болно. Тодорхой арга хэмжээний дараа нүдний ядаргаа тань арилсан ч, дахиж ядаргааны шинж тэмдгүүд илрэхээс сэргийлэхийн тулд та чийгшлийг хадгалахын тулд хиймэл/жинхэнэ нулимсыг хэрэглэж болно. Энэ нь нүдэнд ямар нэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлгүй тул энгийн үед ч ашиглаж болох юм.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube