Ходоодны шархлаа өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Ходоод нь хоол боловсруулах үндсэн үүрэгтэй бөгөөд хоногт 1.5 литр орчим хүчиллэг шүүрэл ялгаруулдаг. Таны хэрэглэсэн хүнс 3-10 цаг орчим ходоодонд агуулагдсаны дараагаар хоол тэжээлийн эхэн үеийн боловсруулалт явагдаж эхэлдэг байна.
Энэ удаад бид манай улсын эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг болох ходоодны шархлааг онцолж байна. Салст бүрхэвч буюу ходоодны дотор давхарга шархлан, үе үе хурцдан, даамжрах хандлагатай архаг эмгэгийг ходоодны шархлаа өвчин гэдэг.
Ходоодны шархлаа өвчний тархалтын тухайд
Дэлхий дахинд үлэмж дэлгэрсэн байдаг. Өндөр хөгжилтэй улс орны хүн амын 10-15% нь энэ өвчнөөр өвдсөн байдаг бол манай оронд сүүлийн 20 жилийн туршид хүн амын дунд амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдсөнтэй холбоотой ихэссээр байгаа юм. Өвчлөгсдийн 70-80% нь 25-40 насны хүмүүс бөгөөд эрчүүд эмэгтэйчүүдээс 3-4 дахин илүү өвчилдөг. Ихэвчлэн хүүхэд залуу наснаас эхлэн өвчилдөг аж.
Ходоодны шархлаа үүсэх үндсэн шалтгаан
Өвчин үүсэхэд нөлөөлөх олон шалтгаан байдаг хэдий ч нэгтгэн дараах байдлаар томьёолж болно. Ходоодонд хоол тэжээлийн бодисыг хайлуулж боловсруулах үйлчлэл бүхий хүчил болон салст бүрхэвчийн өөрийгөө хамгаалах чадварын хоорондын тэнцвэр алдагдаж ходоодны хүчил өөрийгөө гэмтээсний улмаас дээрх өвчлөл үүснэ.
Хеликобактерийн халдвар
Дэлхийн нийт хүн амын 50 орчим хувьд тархсан байдаг тус нян нь ходоодны салст бүрхэвчид шигдэн байрладаг ба ходоодны хүчиллэг орчин нь өсөж үржих таатай нөхцөл болж өгдөг байна. Ингэснээр ходоодны салст бүрхэвчид үрэвсэл үүсгэн шүүрлийн тогтолцоог алдагдуулж улайлт, шарх цаашлаад ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Үрэвслийн эсрэг дааврын бус эм бэлдмэл
Эмийн замбараагүй хэрэглээ буюу гол төлөв өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмүүдийг (ибупрофен, диклоденк, аспирин гэх мэт) ард иргэд дур мэдэн эмчийн зааваргүйгээр тогтмол хэрэглэснээс үүдэн ходоодны салст бүрхэвчийн өөрийгөө хамгаалах бүтцийг алдагдуулснаар ходоодны өөрийн хүчил өөрийгөө гэмтээж эхэлснээр шархлаа үүсгэх үндэс суурийг тавьдаг байна.
Ходоодны шархлаа үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
- Удамшил
- Архи, согтууруулах ундаа
- Тамхи
- Хоолны буруу дэглэм
- Стресс
- Элэг, цөсний замын өвчнүүд
Ходоодны шархлаа өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Зарим хүмүүст шинж тэмдгүүд маш бүдэг илэрнэ. Доорх үндсэн шинж тэмдгүүд тус өвчний үед илрэх бөгөөд эдгээрээс ажиглагдвал та заавал эмчид хандаарай.
- Аюулхай орчим халуун оргиж төөнөж өвдөх, эвгүй оргих, өлсөж байгаа мэт мэдрэгдэх
- Хоол идэх үед амархан цадах
- Хоол идсэний дараа хэхрүүлэх эсвэл цанхайх
- Цээж хорсох
- Дотор муухай оргих
- Бөөлжих, хүнд үед цустай бөөлжих
- Өтгөний өнгө өөрчлөгдөх (хар бараан өнгөтэй ажиглагдах)
- Жин хасагдах
Ходоодны шархыг цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс ямар хүндрэлүүд үүсэж болох вэ ?
Ихэнх ходоодны шархлаа эмчилгээнд бүрэн эдгэдэг ч шархны хэмжээ, байрлал эсвэл тухайн хүний өөртөө хандах хандлага, нас, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зарим үед хүндрэх тохиолдол байдаг.
Ходоодны цус алдалт
Шархны хажуу хана эсвэл дотор нь байсан судасны хана шархлаад идэгдэн цоорч улмаар цус алдана. Цус алдаж байгаа судаснаас хамааран цус алдалт гэнэт их хэмжээгээр эсвэл аажим нууц цус алдалтын хэлбэрээр явагддаг. Ингэснээр цусаар бөөлжих, цустай зүйлээр суулгах, аюулхай орчим өвдөх, цус багадалтын шинж тэмдгүүд илэрч амь тэнсэх байдалд хүрч болох учир яаралтай эмнэлэгт хандан цус тогтоох, цус сэлбэх эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Ходоод цоорох
Шарх гадагш цоорсноор хэвлийн хөндий рүү ходоодны агууламж түргэн хугацаанд тарж хэвлийн хөндий бохирдон аюулхай орчим маш хүчтэй, тэсвэрлэшгүй өвдөж маш түргэн хугацаанд биеийн байдал мууддаг. Цаг алдалгүй яаралтай хагалгаанд ороогүй тохиолдолд амь насанд эрсдэл учирна.
Ходоодны гарах хэсгийн нарийсал
Шарх эдгэрэх явцдаа сорвижиж нарийсдаг байна. Ингэснээр идсэн хоол унд цааш дамжихдаа саадтай болж аюулхай дээр цанхайх, буцааж бөөлжих шинж тэмдгүүд илэрдэг ба ийм тохиолдолд мэс заслын аргаар эмчилнэ.
Ходоодны хорт хавдар үүсэх
Ходоодны хорт хавдар үүсэхэд дараах 3 хүчин зүйлс нөлөөлнө:
- Хеликобактериас үүдэлтэй шархлаа
- 50-60 насны хүмүүс ходоодны шархлаагаар өвчилсөн тохиолдолд
- 2-2,5 см буюу том хэмжээний шархлаа
Жирэмсэн эмэгтэй ходоодны шархтай байх нь урагт ямар нөлөөтэй вэ?
Ходоодны шархлаа өвчний эмчилгээнд олон төрлийн эмийг хослуулан хэрэглэдэг тул эхийн болон ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Дээр дурдагдсан хүндрэлүүд мөн гарч болзошгүй тул жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бүтэн биеийн оношилгоонд хамрагдаж өөрийн болон ургийн эрүүл өсөлт хөгжилтөд онцгой анхаарах шаардлагатай юм. Жирэмсний хяналтын үедээ оношлогдсон бол дотрын болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө авах хэрэгтэй.
Ходоодны шархлаатай хүн ямар хоолны дэглэм баримталбал зохистой вэ?
Тогтмол цагт хооллох нь чухал. Ялангуяа өглөөний цайг заавал ууж хэвших, нэг дор хэт их идэхээс татгалзах, хоолыг сайн зажилж тайван идэх, хэрэглэдэг хүнсний ногооныхоо төрөл зүйлийг нэмэх хэрэгтэй. Мөн чанасан, жигнэсэн хоолыг түлхүү сонгох нь зөв юм. Дараах хоол, хүнсний бүтээгдэхүүн нь ходоодны хүчлийг ихэсгэдэг тул зайлсхийх шаардлагатай:
- Шарсан болон хуурсан
- Амтлагч ихтэй хоол
- Согтууруулах ундаа
- Кофе
- Хийжүүлсэн ундаа
- Чихэрлэг бүтээгдэхүүн
- Сүү
Ходоодны шархлааны эмчилгээ ямар байдаг вэ? Гэрийн нөхцөлд эмчлэх арга байдаг уу?
Эмчилгээ нь тухайн хүний шархлаа үүссэн шалтгаан, нас, биеийн онцлог, өвчин эмгэгийн байдал зэргээс шалтгаалан олон төрлийн эмийн хослолоор эмчилдэг тул заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж оношлуулан эмчилгээг хийлгэж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчийн заавраар гэрийн нөхцөлд эмчлэгдэх боломжтой ч энэ өвчин нь хувь хүнээс амьдралын буруу хэв маягаа солих, хорт зуршлаасаа татгалзах зэрэг хүчин чармайлт нэлээн шаардлагатай байдаг.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube