#НийНуугүйЯриа: Анхны шөнө цус гарах нь охин биеийн баталгаа юу?
Бэлгийн бойжилт оо?
Энэ нь хүний бие махбод хүүхэд наснаас нас биед хүрэх шилжилтийн үе юм. Бэлгийн бойжилтын анхны шинж тэмдгүүд 10 наснаас эхэлдэг. Энэ үед охид, хөвгүүдэд бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Тухайлбал, хөхний булчирхай томрох, суга, умдаг хэсгийн үс ургах зэрэг өөрчлөлтүүд хүүхдийн биед ажиглагдана. Өсвөр насны дунд үеийг бэлгийн бойжилтын хамгийн оргил үе гэж үздэг. Энэ үед бөөрний дээд булчирхайгаас бөөрний дээд булчирхайн даавар ихээр ялгардаг нь бидний мэдэх өсвөр үед бие махбодод ажиглагдах нийтлэг шинж тэмдгүүдийн шалтгаан болж байдаг аж.
Түүнчлэн энэ үед өсвөр насны хүүхэд өөрийн бие махбодод илрэх өөрчлөлтүүдээс гадна дааврын нөлөөгөөр сэрэл мэдрэмж нэмэгдэх, бэлгийн харилцааны талаарх сонирхол давамгайлах хандлагатай байдаг. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд ичиж, санаа зовох хэрэггүй. Гэвч сэрэл мэдрэмж нэмэгдлээ гээд дотно харилцаанд ороход бэлэн болсон үг биш гэдгийг ойлгох нь чухал юм.
Бэлгийн харилцаанд ороход тохиромжтой нас
ДЭМБ-аас бэлгийн харилцаанд ороход тохиромжтой үе гэсэн тодорхой нас заагаагүй байдаг. Эцэг, эх болоод эмч мэргэжилтнүүдийн зүгээс энэ хугацааг аль болох хойшлуулахыг зорьдог. Учир нь өсвөр насанд хүүхдийн ухамсартайгаар шийдвэр гаргах хэсгийг хариуцах тархины хэсэг хөгжих үе шатандаа байдаг тул бэлгийн харилцаанд орохоос илүүтэйгээр сэтгэл хөдлөлд суурилан шийдвэр гаргах магадлал өндөр байдаг гэж ойлгож болох юм. Анхны дотно харилцаа нь хувь хүний өөрийн хүсэл, ямар нэгэн дарамт шахалт дор бус, ухамсартайгаар, үүний дараа өөрт гарах өөрчлөлтийг ойлгох, хариуцлагатайгаар хандах шаардлагатай үйл явдал.
Иймд, өөрийгөө сонсох, эцэг, эхтэйгээ уг сэдвийн талаар нээлттэй ярилцах нь хамгийн зөв сонголт гэдгийг бүү мартаарай.
Анх удаа бэлгийн харилцаанд орох үед жирэмслэх магадлал өндөр байдаг уу?
Эмэгтэй хүний жирэмслэх магадлал нь анх удаа бэлгийн харьцаанд орох эсэхээс бус өндгөн эсийн боловсрох хугацаатай хамаатай. Хэрэв анхны бэлгийн харилцаа сарын тэмдгийн мөчлөгийн энэ үед таарсан бол жирэмслэх магадлал өндөр гэж ойлгож болох юм.
Бэлгийн харилцаанд орохоос өөр нөхцөлд онгон хальс цоордог гэж үү?
Мэдээж тийм! Онгон хальс нь үтрээний дээд хэсэгт ил харагдах салст бүрхүүл юм. Бэлгийн харилцаанд орсон үед энэ нь гурван хэсэгт хуваагдаж бүрэн бүтэн байдал нь алдагддаг. Гэвч бэлгийн харилцаанд орохоос гадна, гаднын биет орох, механик гэмтэл авах, зарим төрлийн спортоор хичээллэх үед санамсаргүй байдлаар онгон хальс цоорох тохиолдол бий. Бэлгийн харилцаанд ороогүй хэдий ч дээр дурдсан нөхцөлийн улмаас таны онгон хальс цоорч болох ба бэлгийн харьцаанд ороогүй л бол та онгон хэвээрээ гэсэн үг юм шүү.
Анхны бэлгийн харилцааны дараа заавал цус гардаг уу?
Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Эмэгтэй хүний хувьд дээр дурдагдсан бэлгийн харилцаанд орохоос бусад нөхцөлийн улмаас онгон хальсны бүрэн бүтэн байдал санамсаргүй алдагдах, тухайн хүний биеийн онцлог зэргээс цус гарах эсэх шалтгаална. Иймд, цус гарахгүй байлаа гээд онгон биш байна гэж ойлгож болохгүй юм.
Жирэмслэх магадлал хэзээ хамгийн өндөр байдаг вэ?
Жирэмслэх магадлалын талаар ярихаас өмнө сарын тэмдгийн мөчлөгийн талаар ойлгох нь чухал юм. Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь үтрээгээр цус гарсан эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн эхний өдөр хүртэлх хугацааг хэлэх ба дараах 4 үе шаттай байна:
- Сарын тэмдгийн үе (1-5 дахь өдөр). Энэ хугацаанд умайн ханан дахь зөөлөн эд, судас ховхорч үтрээгээр ялгарах бөгөөд 10-80 мл цус гарах нь хэвийнд тооцогдоно.
- Фоликулийн үе (1-13 дахь өдөр). Энэ хугацаанд өнчин тархинаас ялгарах дааврын нөлөөгөөр өндгөвчид өндгөн эс боловсорно.
- Овуляцийн үе (14 дэх өдөр). Мөчлөгийн 14 дөх хоногт өнчин тархины дааврын нөлөөгөөр өндгөвчөөс өндгөн эс гадагшилна.
- Литуал үе (15-28 дахь өдөр). Энэ хугацаанд өндгөчвөөс гарсан өндгөн эс фаллопиевийн гуурсанд (өндгөвч умай хоёрыг холбосон хос, нарийн гуурсан хоолой) 24 цаг байрлах ба энэ үед эр бэлгийн эстэй нийлэхгүй бол задарна.
Жирэмслэх магадлалтай хамгийн өндөртэй үе нь овуляцийн буюу мөчлөгийн 14 дөх өдөр тооцогддог. Эр бэлгийн эс нь үтрээнд 72 цаг хүртэлх хугацаанд хадгалагдах магадлалтай байдаг тул овуляцийн өмнө болон дараа (1-3 хоногт) бэлгийн харилцаанд орохдоо зайлшгүй хамгаалалт хэрэглэх шаардлагатай юм.
Сарын тэмдгийн мөчлөгийг тооцох хялбар арга бий юу?
Мэдээж! Доорх аппликейшнийг ашиглан сарын тэмдгийн мөчлөгийг тооцоолж, хянах боломжтой.
“72 цагийн эм” жирэмслэлтээс хамгаалах арга мөн үү?
Энэхүү эм нь дааврын маш өндөр агууламжтай жирэмслэлтээс хамгаалах эм юм. Эмийн үйлчлэл нь эр, эм бэлгийн эсийн үр тогтох явцыг сааруулдаг буюу үр тогтсон бэлгийн эсийг умайд бэхлэгдэх чадварыг буурлдаг гэсэн үг юм. “72 цагийн эм”-ийн хамгаалалтгүй, тохиолдлын бэлгийн харилцааны дараа 24 цагийн дотор хэрэглэбэл 90-98% хүртэл үр дүнтэй. Хэрэв 72 ба түүнээс дээш цагийн дараа хэрэглэбэл жирэмслэлтээс 50 хүртэл хувь хамгаална. Иймд, тухайн хугацааг өнгөрөөсөн бол уухгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тус эмийг хэрэглэсний дараа сарын тэмдгийн мөчлөг алдагдах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө үзүүлэх магадлалтай байна. Гаж нөлөө үзүүлэх нь “хэвийн” гэж ойлгож болохгүй юм. Гаж нөлөө үзүүлж байгаа нь тухайн эм таны биед таарахгүй байгааг илтгэнэ.
Өсвөр үеийнхэн хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсоны дараагаар “72 цагийн эм”-ийг сонгон хэрэглэдэг. Гэвч энэ нь жирэмслэлтээс хамгаалах байнгын арга биш гэдгийг ойлгох нь чухал юм. Түүнчлэн ураг тогтсоны дараагаар зулбуулах зорилготой хэрэглэх ноцтой тохиолдлууд ч багагүй гардаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Харин нь ч эсрэгээрээ ургийн буруу хөгжил үүсгэх эрсдэлтэй.
Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмийг дэвтан хэрэглэх хоорондын зай хамгийн багадаа 20-30 хоног байдаг ба 3 сар дотор дахин хэрэглэвэл цаашид өндгөвчний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Иймд, эмч мэргэжилтнүүдийн зүгээс жилд 2-оос дээш удаа хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг.
Бэлгийн замын халдварт өвчин бүр бүрэн эдгэрдэггүй!
ДЭМБ-ын мэдээлэлж буйгаар өдөр бүр дэлхий дахинд 1 сая гаруй хүн бэлгийн замаар дамжих халдвар авдаг аж. Тэдгээрийн ихэнх нь “дүлий” явцтай буюу тодорхой шинж тэмдэггүй уддаг байна. Бэлгийн замаар нийт 30 гаруй төрлийн вирус, бактери, паразит халдварлах боломжтой байдаг. Эдгээрээс 8 нь тархалт өндөртэй БЗХӨ үүсгэнэ. Эдгээрийн 4 нь тэмбүү, заг хүйтэн, хламид, трихомониаз зэрэг өвчин үүсгэх ба орчин үед бүрэн эдгэрэх боломжтойд тооцогддог. Харин гепатит В, герпес, ХДХВ, папиллома вирус зэргээр үүсгэгдэх өвчин нь бүрэн эдгэрэх боломжгүй юм. Үүний зэрэгцээ хүний амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, цаашлаад хорт хавдар үүсгэх, амьдрах чадвар хурдан алдагдахад хүргэх зэрэг ноцтой аюултай!
Иймд, бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэж хэвших нь зүйтэй юм. Хэрэв таны хамтрагч өмнө бэлгийн харилцаанд орж байсан бол БЗХӨ илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг хүсэх нь хэвийн юм.
Бэлгэвч бүрэн хамгаалах уу?
Бэлгэвч нь латекс, полиуретан гэх материалаар хийгддэг бөгөөд гадаргуудаа любрикант болон спермицид агуулдаг байна. Спермицид нь эр бэлгийн эсийг саармагжуулах үйлчилгээтэй байдаг тул жирэмслэлтээс хамгаалдаг аж. Бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчин болоод жирэмслэлтээс 98 хүртэлх хувь хамгаалдаг гэж үздэг. Гэвч бэлгэвчийг буруу хадгалах, хадгалах хугацаа дуусах болон бэлгийн харилцааны үед бэлгэвч гэмтэх, тайлагдах зэрэг эрсдэл байдаг гэдгийг мартаж болохгүй.
Бэлгэвч хамгаалах ч 100% баталгаа байхгүй гэдгийг тооцож үзэх нь зүйтэй болов уу.
PS: Энэхүү нийтлэл нь нийтлэг илрэх шинж тэмдгүүд дээр тулгуурлан зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube