Хүүхдийн хүйсийг төлөвлөж болох уу?
Эрт дээр үед, нэн ялангуяа амьжиргааны түвшин доогуур гэр бүлүүдэд хүүхдийн хүйс чухалд тооцогддог байсан. Удам залгах хүү хүлээж байсан айлд охин төрөхөд хооллохгүй орхих, эмчилгээ хийхгүй зөнд нь хаяах зэрэг сэтгэл сэртхийлгэм жишээ түүхийн хуудаснаа мэр сэр дурдагдаад өнгөрдөг. Харин ХХ зуунд хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмнө тодорхойлох боломжтой анагаах ухааны аргууд хөгжсөнөөр энэ харгислалыг “арай зөөлөн” арга орлосон гэхэд хилсдэхгүй. Хэрвээ ингэж харьцуулж хэлж болохоор бол шүү дээ. Энэ бол үр хөндөлт.
БНХАУ болон Энэтхэг улсуудад хүн амын огцом өсөлтөөс хамааран үр хөндөлт хийлгэх тохиолдол олширсон байдаг. Энэ нь эргээнд хүйсийн асар том зөрүү үүсгэж, нийгэмд хор уршгаа үзүүлээд буй. Дэлхийн нийт улсуудад төрөлтийн харьцаа дунджаар 102-106 хөвгүүн 100 охинд ногддог. Харин БНХАУ болон Энэтхэг улсад 2005 оны байдлаар энэхүү харьцаа нь 120 ба 113,6 хөвгүүд 100 охинд ногдоно. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас 5 дахин илүү хүйсийн тэнцвэргүй байдалтай байсан гэсэн үг юм.
АРДЫН АРГУУД
Цаг хугацаа өнгөрч, анагаах ухаан хөгжсөн ч иргэдийн дунд ардын “дом” гэх олон зууны туршид уламжлагдан ирсэн аргууд бий. ХХ зууны эхээр хүүхдийн хүйс эхийн авиртай нягт холбоотой гэж үздэг байсан. Тодруулбал, хэрвээ ээж нь түрэмгий, эршүүд авиртай бол хүү олох магадлал өндөртэй гэж үздэг байжээ.
БНХАУ болон Япон улсуудад хуанлийн арга өргөн дэлгэрсэн байдаг. Хятад хуанли нь эхийн нас болон хүүхэд олсон огноо хүйсийг тодорхойлох хүчин зүйл болдог аж. Уг хуанлийн тооцооллын дагуу үзэхэд хэрэв та 30 настай бол хоёрдугаар сараас арав дугаар саруудад охин олох магадлал хамгийн өндөр бол, бусад саруудад хүү олох нь өндөр гэж үздэг.
Харин Япон улсад эцэг эхийн төрсөн сар дээр тулгуурлан хүйсийн тооцоолол хийгдэнэ. Жишээлбэл, эцэг эх хоёул есдүгээр сард төрсөн бол охин олоход хамгийн тохиромжтой хугацаа бол таван сар, харин хүү бол арван хоёрдугаар сар юм. Бараг 3 сая гаруй төрөлт дээр энэхүү арга үнэхээр “ажилладаг” эсэхийг тодруулах судалгаа хийгдэхэд энэ нь “зоос шидэхээс” найдваргүй арга хэмээсэн байдаг. Биелэх магадлалыг хувьчилж үзвэл 30-40% аж.
Өөр нэгэн алдартай арга бол цус шинэчлэх онол дээр суурилдаг. Тодруулбал, эрэгтэй хүний цус 4 жил тутамд, харин эмэгтэйчүүдийн цус гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хүүхдийн хүйсийг эцэг эхийн аль нь цус шинэ, залуу байгаагаар тодорхойлно. Уг аргыг дэмжигчдийн хэлж буйгаар аавын насыг 4, ээжийн насыг 3-т хувааж хэнийх нь шинэ, залуу байгааг тодорхойлох аж. Харин эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүний цус тодорхой графикийн дагуу шинэчлэгддэггүй маш олон хүчин зүйлсээс хамаардаг гэжээ. Тухайлбал, амьдралын хэв маяг, эрүүл мэнд, стрессийн түвшин, биеийн идэвх, дааврын хэмжээ зэргээс шалтгаалдаг байна. Ингээд энэ магадлал ч бас анагаах ухааны үүднээс төдийлөн найдвартай биш болох аж.
АНАГААХ УХААНД
Хүйсийн тэнцвэртэй бус байдал нь зарим талаараа үр хөндөлттэй холбоотой байх магадлалтай гэж үздэг ч эрдэмтэд үүнд нөлөөлж буй бусад хүчин зүйлсийг одоог хүртэл судалсаар байна. Олон тооны хийгдэж буй судалгаануудын хамгийн сонирхолтой үр дүнгүүдээс дурдвал:
- Эрэгтэй хүүхэд төрөх магадлал эцэг эхийн нас нэмэгдэх тусам багасдаг байна. Их Британийн Хүүхэд хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд идэр залуу насны эцэг эхчүүдэд хүү төрөх магадлал 53% байсан байна. Харин 40 болон түүнээс дээш насны эцэг эхчүүдэд уг магадлал нь 35%-тай тэнцэж байжээ. Жил ирэх тусам ууган хүүхэд хүү төрөх магадлал 1%-иар буурдаг аж. Энэхүү үр дүнг хүү төрүүлэхэд илүү их энерги зарцуулдагтай холбон тайлбарлаж болох юм.
- Копенгагены их сургуулиас уг асуудал дээр хийгдсэн судалгааг ахалж ажиллаж байсан Биргитт Холлегардын хэлж буйгаар хүү тээж буй ээжүүдийн калорийн хэрэглээ илүү өндөр байсан аж. Өдөрт дунджаар 2413ккал хэрэглэдэг эмэгтэйд хүү төрүүлэх магадлал 56% байсан бол 2283 ккал хэрэглэж буй эмэгтэйчүүдэд энэ магадлал 45%-тай тэнцэж байжээ. Түүнчлэн өглөө илчлэг өндөртэй хоол сонгон хэрэглэдэг эмэгтэйчүүд бараг 2 дахин их хүү төрүүлдэг аж.
- 2021 онд АНУ болон Швеци улсад 160 сая гаруй төрөлт дээр хийгдсэн судалгааны үр дүнг нийтэлсэн. Судлаачдын ажигласнаар хүйсийн харьцаа гаднын хүчин зүйлсээс хамааралтай байжээ. Тухайлбал, цацраг идэвхит бодисын нөлөө, химийн бодисын бохирдол, цаг уур, ган гачиг болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлс гэх мэт. Тэдний гаргасан үр дүнгээс үзвэл эрэгтэй хүүхэд илүү тайван, таатай орчин, нөхцөлд төрөх магадлал өндөртэй байдаг ажээ.
- Сонирхолтой баримт: Хэдийгээр зүй тогтлыг нь нарийвчлан тогтоогоогүй ч эрдэмтдийн ажигласан бас нэгэн зүй тогтол бий. Цусан дахь сахарын хэмжээ мөн хүүхдийн хүйс тодорхойлолтод тодорхой нөлөө үзүүлдэг байх магадлалтай аж. Учир нь чихрийн шижинтэй эмэгтэйчүүд илүүтэйгээр охин хүүхэд төрүүлдэг байна.
Одоо хамгийн анхны асуулт руугаа буцацгаая.
Хүүхдийн хүйсийг төлөвлөж жирэмсэлж болох уу?
Хүйс нь Х болон Y бэлгийн хромосомын нэгдэл юм.
Эмэгтэйчүүд хоёр Х хромосомтой байдаг ба тэдгээр нь эмэгтэй хүний биеийн хөгжлийг хангадаг. Эмэгтэй хүний өндөг боловсорч гүйцсэний дараа бэлгийн хромосом гадагшилдаг буюу өндгөвчинд зөвхөн нэг Х хромосом үлддэг гэж ойлгож болох юм. Ингээд охин эсвэл хүү төрүүлэхэд ашиглагдах Х хромосом үлдсэнээр хүүхдийн хүйс цэвэр эцгээс шалтгаалдаг болохыг ойлгож болно.
Эрчүүдэд Х болон Ү хромосом байдаг. Ү хромосомд эрэгтэй хүний биеийн хөгжлийг хангадаг ген агуулагдана. Үрийн шингэн боловсроход эсүүд мөн ижил тэнцүү хуваагддаг. Тодруулбал, нийт боловсорч буй эсийн 50% нь Х харин 50 нь Ү хромосомтой байдаг гэсэн үг юм.
Хүүхэд бүрэлдэхэд эхээс зөвхөн Х хромосом авах бол эцгээс Х эсвэл Ү хромосомын аль нэгийг нь авна. Иймд, эрэгтэй болон эмэгтэй хүүхэд төрөх магадлал цэвэр 50, 50 гэж ойлгоно. Ямар ч хүчин зүйлс боловсорч буй эр бэлгийн эсийн амьдрах чадвар эсвэл аль нэг хромосомын давуу ялгаралтад нөлөөлөхгүй.
Эр бэлгийн эс өндгөвчид орж, үр тогтох хүртэл маш их замыг туулна. Энэ явцад тэдний тал нь үхэж, үлдсэн эсийн талыг нь үтрээ гаднын биет гэж устгах зэрэг бартаа саад олонтой. Олон ч хүчин зүйлс нөлөөлнө.
Ингээд бодоход хүүхэд заяасан бол хүйсийг голно гэдэг нь утгагүй. Хамгийн чухал нь хүүхэд хайр дунд бий болж, эрүүл амьдарч, аюулгүй орчинд өсөж торних нь л чухал шүү дээ.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: