Шарталт архинд донтох эмгэгийн нэг шинж үү?
Танд согтууруулах ундаа хэрэглэсний маргааш толгой өвдөх, ам хэт цангах, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг үү? Эдгээр нь шарталтын үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд юм. Шарталт нь хүний бие согтууруулах ундаанд агуулагдах этанол спиртийг задалж, гадагшлуулж чадахгүй байгаагаас үүдэж хордлогод орохыг хэлнэ. Гэвч энэ нь хэмжээ хэтрүүлснийх үү, бие согтууруулах ундаа хүлээж авч чадахгүй байгаатай холбоотой юу?
Энэ удаагийн нийтлэлээр бид шарталтын шинж тэмдэг, тэдгээрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зэргийн талаарх мэдээллийг нэгтгэн танд хүргэж байна.
ШАРТАЛТ БА ТҮҮНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД
Шингэн алдах
Согтууруулах ундаа уух үед өнчин тархи васопрессин буюу шээс зохицуулалтын даавар ялгаруулж эхэлдэг. Ингэснээр хүний элэг усыг биед шингээхийн оронд шууд давсаг руу явуулж эхэлдэг байна. Энэ нь хүний биед маш хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд хүн ууж байгаагаасаа 4 дахин их шингэн гадагшлуулдаг.
Үүнээс үүдэж ам цангах, гүйлгэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Толгой өвдөх нь хүний бие алдагдсан шингэнээ тархины эсүүдээс авахыг оролдож байгаагаас үүдэлтэй.
Булчин өвдөх
Ойр ойрхон бие зассанаас болж хүний биеэс булчин болон мэдрэлийн үйл ажиллагаанд шаардлагатай эрдэс бодис, давс зэрэг нь шээстэй хамт гадагшилдаг. Тиймээс ядарч сульдах, толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Дотор муухайрах
Согтууруулах ундаа нь ходоодны салст бүрхэвчийг шууд цочроож, хүчил ялгаралтыг нэмэгдүүлдэг. Энэ нь дотор муухайрах, ходоод гэдэс өвдөхөд хүргэдэг.
Цусан дахь сахарын хэмжээ буурах
Согтууруулах ундаа нь бие махбод дахь глюкозын үйлдвэрлэлтийг хязгаарладаг. Харин цусан дахь сахарын хэмжээ бага байх нь ядрах, толгой эргэх, цочрох болох зэрэг шинж тэмдгүүдийг дагуулна.
ШИНЖ ТЭМДГҮҮД ХЭР УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ВЭ?
Цусан дахь спиртын концентраци тэг рүү буурахад шарталтын шинж тэмдгүүд хамгийн дээд цэгтээ хүрдэг. Шинж тэмдгүүд нь хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээ, таны биеийн онцлог зэргээс хамааран 24 цаг ба түүнээс дээг хугацаанд үргэлжлэх боломжтой.
ШАРТАЛТ АЮУЛТАЙ ЮУ?
Дээр дурдсанчлан согтууруулах ундаанд агуулагдах этанол спиртийг элэг хоргүйжүүлж, биеэс гадагшлуулж чадахгүй байхыг шарталт гэнэ. Үүнээс үүдэж биеийн бусад бүх эд эрхтэн спиртэд хордож байна гэсэн үг юм. Энэ үйл явц олон удаа давтагдах тохиолдолд эрүүл мэндэд ноцтой хүндрэлүүд үүсгэх нэг хүчин зүйл болно.
Нөгөө талаас эмч мэргэжилтнүүд шарталтыг архинд донтох эмгэгийн нэг шинж тэмдэг гэж үздэг. Учир нь бие хоргүйжүүлэх боломжгүй хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх, давтаж хэрэглэх хүсэл, согтууруулах ундаанд дуртай байх зэрэг нь архинд донтсон хүнд ажиглагддаг шинж тэмгүүдийн нэг аж.
ШАРТАЛТААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Одоогийн байдлаар шинжлэх ухаанд шарталтаас урьдчилан сэргийлэх болон “шар тайлах” батлагдсан арга гэж байхгүй. Олон төрлийн онол дэвшүүлсэн байдаг ч тэр бүр хүн болгонд таарахгүй. Мэдээж хамгийн энгийн бөгөөд зөв арга бол хэмжээгээ тохируулан хэрэглэх явдал юм.
Гэвч хэрэв та шарталтын шинж тэмдгээс хурдан ангижрахыг хүсэж байвал дараах энгийн зөвлөмжийг хэрэгжүүлж болох юм.
Өндөг – Өндгөнд агуулагддаг амин хүчил нь шарталт үүсгэдэг хорт бодисуудыг задалдаг.
Ус – ууж байгаа усандаа бага зэрэг давс, элсэн чихэр нэмбэл алдагдсан натри болон гликонелыг нөхнө
Жимсний шүүс– Цэвэр жимсний шүүсэнд агуулагддаг фруктоз нь алдагдсан эрч хүчийг нэмэгдүүлж, хорт бодисыг биеэс хурдан гадагшлахад тусалдаг
Гадил жимс – гадил нь алдагдсан потассиумыг нөхөж, биеийг элетролитээр хангадаг
Өвчин намдаагч – Хэрэв таны шинж тэмдгүүд үнэхээр даамжирсан тохиолдолд кофейн болон ацетаминофенгүй өвчин намдаах эм хэрэглээрэй.
PS: Энэхүү нийтлэл нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой судалгаан дээр суурилагдан бичигдсэн болно. Хэрэв таны биед ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube