Бөөрний архаг үрэвсэл
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг. Урт хугацаанд эдгэрээгүй үрэвсэл нь бөөрийг гэмтээх аюултай.
Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл бусад өвчинтэй хавсраагүй бол анхдагч гэх ба чихрийн шижин, чонон яр зэрэг бусад өвчний улмаас үрэвсэхэд хүрсэн бол хоёрдогч үрэвсэл гэж нэрлэдэг.
Шалтгаан
Бөөрний үрэвсэл дараах шалтгааны улмаас үүсдэг
- Хоолой өвдсөнөөс 1-2 долоо хоногийн дараагаар бөөр үрэвсэж болно. Учир нь хоолойн өвчинтэй тэмцэх эсрэг биетүүд ихээр ялгарч бөөрний түүдгэнцэрт шүүгдэн үлддэг. Ингэснээр бөөр үрэвсдэг байна.
- Зарим тохиолдолд судсаар бактери халдварлаж, зүрхний хавхлагуудыг халдварт өртөхөд хүргэдэг. Зүрхний хавхлага халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй холбоотой боловч яг нарийн механизмыг одоог хүртэл тогтоогоогүй байна.
- ДОХ, элэгний В болон С вирус зэрэг вирусийн халдварууд нь бөөрний үрэвслийг өдөөнө.
- Архаг хэлбэрийн дархлааны өвчин болох чонон яр нь зүрх, бөөр, уушги, үе мөч болон арьсанд нөлөөлдөг.
- Хатгалгаатай төстэй шинж тэмдэгтэй дархлаатай холбоотой уушгины өвчин нь дотуур цус алдалт, бөөрний үрэвсэлд хүргэх аюултай.
- Венийн судас томорч, бүдүүрч үрэвсдэг васкулит өвчний шалтгаантай байж болно.
Дараах өвчнүүд нь бөөрний түүдгэнцэрийг сорвижуулдаг.
- Цусны даралт өндөр байх
- Чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчин
Шинж тэмдэг
Зарим тохиолдолд бөөрний үрэвслийг анзааралгүй бөөрний дутагдалд орох тохиолдол ч бий. Тиймээс бие засах давтамж, шээсний өнгө зэргийг ойр ойрхон анхаарч байх нь зүйтэй. Бөөрний үрэвслийн анхдагч шинж тэмдэг бол бие засах давтамж өөрчлөгдөж эхлэх юм.
- Ягаан /кола шиг өнгөтэй шээх/
- Хөөсөрхөг шээх
- Цусны даралт ихсэх
- Гар, нүүр, хөл, хэвлий хэсгээр хавагнаж хөөх
- Маш ихээр ядарч сульдах
- Нуруу өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Хүндрэл
Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл үүссэнээр цусыг шүүх чадвар нь алдагдах, бөөрийг гэмтээх аюултай. Дараах хүндрэлүүд үүсч болно:
- Бөөрний архаг дутагдал – цусыг шүүж, шаардлагагүй бодисыг шээс рүү дамжуулах чадвар алдагдаж биед шаардлагагүй бодис үлдээн улмаар бөөрний дутагдал үүсч болно
- Бөөрний хурц дутагдал – Бөөрний цус шүүх чадвар бүрэн алдагдаж улмаар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй
- Цусны даралт ихсэх – Цусанд шүүгдээгүй илүүдэл бодис их байгаагаас цусны даралт ихсэж болно
- Уураг шээсэнд хэт ихэсэж, цусан дахь уургийн хэмжээ багасан улмаар нүд, хөл, хэвлий хэсгээр хавдахад хүрч болно
Оношилгоо
Бөөрний үрэвслийг оношлоход дараах шинжилгээнүүдийг өгнө:
- Шээсний шинжилгээ
- Цусны шинжилгээ
- Бөөр гэмтсэн эсэхийг шалгахын тулд рентген зураг, компьютер томограф хийлгэх
- Хэвлийн хэт авиан шинжилгээ
- Бөөрнөөс эдийн дээж авах
Эмчилгээ
Эмчилгээний хувьд нийтлэг шинж чанартай. Үүнд:
- Цусны даралт бууруулах эмчилгээ
- Үрэвсэл дарах антибиотик эмчилгээ
- Бөөрний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг
Хэрэв бөөрний дутагдал хүртэл хүндэрсэн бол мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн болон эмэн бус эмчилгээг хийлгэх ёстой ба зохих дэглэм мөрдөх зайлшгүй шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх
Бөөрний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарна уу.
- Хоолойн өвчнийг цаг алдалгүй эдгээх
- ДОХ болон элэгний вирусээр халдварлахаас сэргийлэн бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
- Цусны даралтыг тогтвортой барих
- Давсны хэрэглээг багасгах
- Уураг багатай хүнс хэрэглэх
- Илүүдэл жинтэй бол жингээ хасах
- Чихрийн шижинтэй бол сахарын хэмжээг хянах
- Тамхинаас гарах
- Өдөрт 6-8 аяга тасалгааны температурт байлгасан ус уух