Батгашилтын талаарх таны мэдэх ёстой зүйлс
Тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, хэт их тос ялгарснаар үсний сүв бөглөрч арьсанд бактери үржих нөхцөл бүрдсэнээс үүдэж бий болох арьсны үрэвсэлт өвчнийг батгашилт гэнэ. Батгашилт үүсэх гол шалтгаан нь дотоод эд эрхтний үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд ямарваа нэг эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай юм.
Батгашилт үүсэх нийтлэг шалтгаан:
- Дааврын тэнцвэрт байдал алдагдах
- Хоол боловсруулах эрхтний эмгэг
- Дархлаа тогтолцооны үйл ажиллагаа алдагдах
- Стресс
- Зарим эм болон хүнсний нэмэлт тэжээлийн хэрэглээ
Түгээмэл тохиолдох батгашилтын шалтгааныг дэлгэрүүлбэл:
Дааврын шалтгаант батгашилт
Шилжилтийн үед охид, хөвгүүдэд тестостерон дааврын (эр даавар) ялгаралт нэмэгддэг тул дааврын тэнцвэрт байдал алдагддаг. Ингэснээр, тосны булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжиж батгашилт үүсэх шалтгаан болдог байна.
Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн өмнө, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн хэрэглээг зогсоосны дараагаар, жирэмслэлтийн үед, цэвэршилтийн өмнө үед дааврын өөрчлөлт бий болдог тул батгашилт үүсэх магадлалтай байна.
Эрчүүдийн хувьд дааврын өөрчлөлтөөс үүдэх батгашилт харьцангуй бага хувийг эзэлдэг. Гэвч удамшлын батгашилт байх магадлалтай. Хэрэв таны гэр бүлд гиперандроген буюу дааврын хэт идэвхтэй ялгаралттай хүн байгаа тохиолдолд энэ нь хүүхдэд мөн өвлөгдөх магадлалтай байдаг аж.
Стрессийн шалтгаант батгашилт
Стресс нь батгашилт үүсгэх бие даасан шалтгаан биш ч асуудлыг хүндрүүлэх хүчин зүйл болдог байна. Энэ нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж, тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн стресс нь дархлаанд сөргөөр нөлөөлж биеийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах магадлалтай юм.
Өдөрт 8-аас доошгүй цаг унтах, кофеины хэрэглээг багасгах, хорт зуршлаас татгалзах, бясалгал, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь стрессийг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ.
Хоол боловсруулах эрхтний эмгэгийн шалтгаант батгашилт
Арьсны эрүүл мэнд хооллолттой холбоотой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Арьс нь зөвхөн хамгаалалтын бус биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй биеийн хамгийн том эрхтэн юм. Хэрэв нүүрс ус ихтэй, амин хүчил багатай хоол хүнс тогтмол хэрэглэдэг бол энэ нь тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Буруу хооллолтын үед элэгний хэвийн үйл ажиллагаа мөн алдагдаж, биеэс хорт бодисыг гадагшлуулж чадахгүйд хүрдэг тул мөн батгашилт үүснэ.
Ихэнх тохиолдолд батгашиллтай өвчтөнүүд ходоод гэдэсний замын эмгэгээр өвчилсөн байдаг. Хоол боловсруулах эрхтний эмгэгийн шалтгаант батгашилтын үед үндсэн эмчилгээнээс гадна, хооллолтод анхаарах нь үр дүнд чухал түлхэц үзүүлэх юм.
Хооллолтод анхаарах зүйлс:
Нэгэн судалгаагаар хоол, хүнсэндээ хамгийн бага хэмжээний амьтны гаралтай өөх тос агуулсан ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг бүс нутгуудад батгашилт үүсэх тохиолдол дэлхийн дунджаас доогуур байгааг тогтоосон.
Эмчилгээний явцад цусан дахь сахар, холестерины хэмжээг нэмэгдүүлэх, хөлсний болон тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй юм. Эдгээрт дараах хүнсний бүтээгдэхүүн багтана:
- Чихэрлэг хүнс
- Сүү
- Согтууруулах ундаа
- Түргэн хоол болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн
- Кофе, хийжүүлсэн ундаа
- Халуун ногоотой хоол, хүнс
- Төрөл бүрийн соус
- Утсан болон тослог ихтэй мах, махан бүтээгдэхүүн
- Шарсан төмс
- Гурил болон крахмалтай хүнсний бүтээгдэхүүн
- Кофе
Эдгээр нь тосны булчирхайн хэт идэвхжилд нөлөөлдөг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулах цавуулаг болон бусад бодисын агууламж өндөртэй байдаг тул хэрэглээнээс хасах нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ цусан дах хорт бодисын хэмжээг ихэсгэдэг тул бие үүнийг арьсны сүвээр гадагшлуулж эхэлдэг.
Бидний биеийн эд, эрхтэн бүр хоорондоо нягт холбоотой ажилладаг. Идэж буй хүнс хоол боловсруулах зам, дотоод шүүрлийн эрхтнүүдийн тусламжтайгаар задарч биед шаардлагатай витамин, эрдэс бодисыг өгч байдаг. Гэвч зарим тохиолдолд хүнсний буруу сонголт нь таны эрүүл мэндэд аливаа нэг асуудал үүсэх үндсэн шалтгаан болж байдаг гэдгийг мартаж болохгүй.
Батгашилттай арьсны эмчилгээний үед ямар хүнс зохимжтой вэ?
- Ус. Бодисын солилцоог тэнцвэржүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулахад тустай
- А, В, С, Е витаминуудаар баялаг хүнс. Эдгээр витаминууд нь арьсны уян хатан чанар, нөхөн сэргэлт зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Нэрс, чинжүү, цэцэгт байцаа, самар, бууцай, лууван, хулуу, гүн ногоон өнгийн ногоо зэрэгт тус витаминууд их хэмжээгээр агуулагдана
- Ногоон цай. Судалгаагаар ногоон цайнд агуулагдах антиоксидант нь тосны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд тустай гэдгийг тогтоожээ
- Селен болон цайрын исэл агуулсан хүнс. Эдгээр эрдэс бодис нь эсийн бүтцэд болон шархны эдгэрэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Буурцаг, далайн гаралтай хоол хүнс, хулууны үр, самар зэрэгт уг эрдэс бодисууд агуулагдана
- Загасны тосны хүчил. Омега-3, Омега-6 нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Далайн гаралтай хүнс, маалингын үр зэрэгт агуулагдана. Хүнсний хэрэглээнд Омега-6 болон Омега-3-ийн харьцаа 2:1 байхаар зохицуулахыг зөвлөж байна
PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл өгөх зорилготой. Өөрт илрэх шинэ тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube