Таргалалт ба эрүүл мэнд
Таргалалт нь арьсан доорх эд ба биеийн бусад эд эсэд илүүдэл өөх, тос хуримтлагдах явдал юм. Илүүдэл жингийн төвшинг үнэлэхийн тулд одоо байгаа биеийн жин (кг) болон өндрийн (м²) харьцаагаар тодорхойлно. Гарсан нэгжийг БЖИ буюу биеийн жингийн индекс гэж нэрлэх бөгөөд тогтмол тоо эрэгтэйд – 22, эмэгтэйд – 21 байна.
БЖИ-ийн нэгжийн ангилал:
Ангилал | БЖИ(кг/ м²) |
Бага жинтэй | <18,5 нэгж |
Хэвийн жинтэй | 18,5-24,9 нэгж |
Илүүдэл жинтэй | 25-29,9 нэгж |
1-р зэргийн таргалалт | 30-34,9 нэгж |
2-р зэргийн таргалалт | 35-39,9 нэгж |
3-р зэргийн таргалалт | 40 болон түүнээс дээш нэгж. |
Эрэгтэй хүмүүсийн хувьд таргалалт “алиман” хэлбэртэй гэж тодорхойлдог. Учир нь өөх тос ихэвчлэн бүсэлхийн бүсэд тохиолддог ба хүзүү, мөр, гар зэрэгт үл мэдэгдэх, хөл хэсгээр бага зэрэг хуримтлагддаг байна.
Эмэгтэй хүмүүсийн хувьд таргалалт “лийр” гэж нэрлэдэг. Ихэнх өөх тос гуя, өгзөг, хэвлийн доод хэсэг зэрэгт хуримтлагддаг бол хүзүү, гар, хэвлийн дээд хэсэгт бараг ажиглагддаггүй байна.
Бүсэлхийн тойрог ба өвчинд өртөх эрсдэлийн тухайд:
Эрсдэлийн түвшин | Өндөр | Маш өндөр |
Эрэгтэй | >94 см | >102 см |
Эмэгтэй | >80 см | >88 см |
Таргалалт, түүнээс үүдэх эрүүл мэндийн эрсдлүүд:
Таргалалт нь биеийн олон төрлийн эд эрхтнүүдэд гэмтэл учруулж эмгэг үүсгэх эрсдэлтэй байдаг. Тэдгээрээс хамгийн түгээмэл тохиолдох магадлалтайг та бүхэнд хүргэж байна.
- Зүрх судасны тогтолцоо
Таргалалтаас үүдэн хамгийн их хохирол амсдаг эрхтний нэг бол зүрх судасны тогтолцоо. Өөх тос нь зүрхний эргэн тойронд болон судасны хананд наалдан хуримтлагддаг. Зүрхний булчингийн цус шахах үйл явц аажмаар удааширч бидний биеийн хамгийн чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг эрхтэн болох зүрхний өөхлөлт үүсч эхэлдэг байна. Таргалалттай хүмүүсийн артерийн гипертензи ба зүрхний титэм судасны өвчин 2-3 дахин их тохиолддог.
- Амьсгалын замын тогтолцоо
Өөх тос нь эд эсүүдэд нэвчиж амьсгалахад хүндрэл учруулж гүнзгий амьсгал авах бараг боломжгүй байдаг. Энэ нь бронхит болон амьсгалын замын бусад эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй. Тамхи татдаг бол энэ асуудал улам л хүндэрнэ.
Нойрон дунд амьсгал тасалдах нь илүүдэл жин, таргалалттай холбоотой амьсгалын замын хүндрэл юм. Нойрсож байх үедээ хүчтэй хурхирч, амьсгал түр хугацаанд зогсож, тасалдах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Уг эмгэгээр өвчилсөн хүмүүс зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.
Мөн цусан дахь хүчил төрөгчийн хангамж буурч тархи хүчил төрөгчийн дутагдалд орч, нойрмоглох эмгэг (Пиквикийн синдром) үүсдэг.
- Хоол боловсруулах эрхтний, ходоод гэдэсний замын гэмтэл
Хэвлийн урд хананы суналтаас үүдэн хэвлийн хөндийн бүх эрхтнүүд, тэр дундаа ходоод доошоо сунадаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширснаас үүдэн гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг хүндрэлүүд учирч болзошгүй.
Мөн элэг, цөс зэрэг эрхтнүүд гэмтэх, цөсний чулуу үүсэх эрсдэл бий болдог. Энэ нь амь насанд аюултай юм.
- Ялгаруулах тогтолцоо
Ус болон давсны солилцоо алдагдаж улмаар энэ нь бөөрөнд таагүй нөлөө үзүүлдэг байна. Усны хуримтлал үүсч, шээсний болон оксалик хүчил ихээр ялгарч бөөрний чулуу болон бусад эмгэгүүд үүсэх эрсдэлтэй юм.
- Яс-булчингийн тогтолцоо
Жингийн нэмэгдэлтэй үед яс, булчин зэрэг нь хоёр дахин их ачаалал хүлээн авдаг. Яс, мөгөөрсний тэжээлийн дутагдалтай холбоотой остеохондроз, артрит зэрэг өвчин үүсдэг. Мөн арьс сунаж, арьсан доорх эд эсийн хэмжээ ихэссэнээс болж хялгасан судсанд зогсонги байдал бий болдог байна. Тунгалгийн гадагшлах урсгал сулрах, доод мөчийн арьсан доорх вен өргөсөх хүндрэлүүд үүснэ.
- Дотоод шүүрлийн тогтолцоо
Дотоод шүүрлийн эрхтнүүдээс хамгийн эхэнд нойр булчирхай өртдөг. Мөн бодисын солилцооны эмгэгийн улмаас цусан дахь сахарын хэмжээнд өөрчлөлт орох эрсдэлүүд үүсдэг байна. Үүнээс гадна илүүдэл жингийн улмаас биеийн дааврын тэнцвэрт байдал алдагдаж бамбай булчирхай, төмсөг ба өндгөвчид эмгэг бий болдог.
Таргалалтыг хэрхэн зогсоох вэ?
Таргалалттай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол идэвхтэй хөдөлгөөн ба зөв хооллолт гэдгийг бид мэднэ. Гэвч таргалалт нь олон төрлийн шалтгаантай байх боломжтой тул эмчийн хяналт доор дэглэм, хөдөлгөөний ачаалал зэргийг тодорхойлох нь зүйтэй. Илүүдэл жингээ хасах нь эмч, хамгийн гол нь хувь хүний тэвчээр, хүсэл тэмүүлэлээс шууд хамааралтай. Урт замыг туулах шаардлага бий болж болох ч эрүүл мэндээ хадгалж, олон төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалах нь хамгийн зөв сонголт болох юм шүү.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа тохиолдолд та мэргэжлийн эмчид хандана уу.