Бөөрний өгсөх замын халдвар
Бөөрний өгсөх замын халдвар гэдэг нь халдварлуулагч нян шээсний суваг эсвэл давсагнаас дээш бөөр лүү дамжиж бөөрийг үрэвсүүлдэг шээсний замын халдвар юм. Бөөрний өгсөх замын халдварыг эмчийн хяналтад сайн эмчлэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бөөрийг хүнд гэмтээж, цусны урсгалаар бактери тархах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсдэг.
Бөөрний халдварыг антибиотикоор эмчлэх бөгөөд ихэвчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.
Шалтгаан
Ихэнх тохиолдолд шээсний сувгаар бактери орж, шээсний сувгаар дамжин бөөрөнд халдвар үүснэ. Ховор тохиолдолд бөөрний хагалгааны дараа бөөрний халдвар авах бий.
- Давсгаа бүрэн суллахгүй байх – бөөрний чулуу зэрэг янз бүрийн өвчний улмаас давсгаа бүрэн суллаж чадахгүй байх нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлнэ
- Дархлаа сулрах – чихрийн шижин, ДОХ зэрэг дархлаа сулруулдаг өвчин туссан бол халдвар авах магадлал өндөр болно
- Давсагны ойролцоох шөрмөс гэмтэх – нугас гэмтсэн эсвэл давсагны ойролцоох шөрмөс гэмтсэн бол халдвар авах магадлалтай
- Шээсний катетер буюу гуурс хэрэглэх үед
- Эмэгтэй хүний шээсний суваг нь эрэгтэй хүний шээсний сувгаас богино байдаг учир бөөрний халдварт түлхүү өртдөг байна.
- Жирэмсэн эмэгтэйчүүд уг өвчнөөр өвчлөх магадлал өндөр
- Шээс буцаж дээшлэх өвчтэй байх зэрэг тохиолдолд бөөрний өгсөх замын халдвар авдаг гэж үзнэ.
Шинж тэмдэг
- Халуурах
- Нуруу өвдөх
- Хэвлийгээр өвдөх
- Ойр ойрхон бие засах
- Огцом бие засмаар санагдах
- Шээхэд өвдөх
- Цустай шээх
- Шээсэнд цагаан тунадас ажиглагдах
- Хурц үнэртэй бие засах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.
Хэрэв дээрх шинж тэмдгээс санаа зовоосон бусад шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандах шаардлагатай. Мөн эмчилгээ хийлгэж байгаа боловч дээрдэхгүй байвал дахин эмчдээ биеийн байдлаа үнэн зөв мэдүүлэх ёстой. Бөөрний халдвар нь амь насанд халтай өвчин тул цустай шээх, толгой эргэх, бөөлжих шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандана.
Оношилгоо
- Шээсний ерөнхий болон шээсний ариун чанарыг шинжлэх
- Шээсэнд нян ургуулах шинжилгээ хийлгэх
- Шаардлагатай тохиолдолд бөөрний үйл ажиллагааг цуснаас дэлгэрэнгүй шинжилгээ өгч мэдэх
- Давсаг дурандах
- Хэвлийн хэт авиан шинжилгээг хийнэ.
Эмчилгээ
Бөөрний өгсөх замын халдварыг эмчлэхэд антибиотик нэн чухал эмчилгээ болно. Шээсэнд нян ургуулах шинжилгээ хийснээр ямар төрлийн антибиотик уух нь гэдэг нь тодорхой болно. Эмчилгээ эхэлснээс хэд хоногийн дараа шинж тэмдгүүд арилж эхлэх бөгөөд дахин халдвар авахгүйн тулд эмчийн зааврын дагуу антибиотикийг бүрэн ууж дуусгах шаардлагатай.
Бөөрний үрэвсэл хүндэрсэн үед эмнэлэгт хэвтэх шаардлагатай ба эмнэлэгт антибиотикийг дуслаар хийдэг бөгөөд хэр хүндэрснээс шалтгаалан хэвтэх хугацаа янз бүр байна. Эмчилгээ дутуу хийгдсэнээс, антибиотикийг заасан хугацаанд уугаагүйгээс дахин халдварлах тохиолдол бий. Бусад шалтгааны улмаар үүдэн дахин халдвар авсан бол суурь шалтгааныг эмчлэх шаардлагатай.
Бөөрний өгсөх замын халдварын эмчилгээ хийлгэж байх үед өвчин намдаах зорилгоор дараах арга хэмжээг авна.
- Хэвлий, нуруу хэсгээр халуун жин тавьж өвдөлтийг намдаана.
- Эмчийн заавраар бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй өвчин намдаагч уух
- Шээсний сувгаас бактерийг зайлуулахын тулд ойр ойрхон ус уух хэрэгтэй
- Бактери бүрэн устахаас өмнө кофе, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
Хүндрэл
- Бөөрний архаг өвчтэй болох
- Бөөр нь цусыг цэвэршүүлэх үүргээ алдаж цус хордох
- Бөөрний халдвар авсан жирэмсэн эмэгтэй жин багатай хүүхэд төрүүлэх магадлал өндөр
Урьдчилан сэргийлэх
Ихэвчлэн эмэгтэйчүүд халдвар авах хандлагатай байдаг. Дараах байдлаар бөөрний халдвар авахаас сэргийлэх боломжтой. Үүнд:
- Өдөрт 6-8 аяга шингэн уух
- Бие засахыг хүссэн үедээ бие засч байх
- Шээсээ барихгүй байх
- Бэлгийн хавьтлын өмнө болон дараагаар бие засч хэвших
- Бие зассаны дараа урдаас хойш чиглэлээр бэлэг эрхтнээ арчиж хэвших
- Бэлэг эрхтний ойролцоо элдэв гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхгүй байх