Бөөрний өгсөх замын халдвар
Бөөрний өгсөх замын халдвар гэдэг нь шээсний суваг эсвэл давсагнаас дээш бөөр лүү дамждаг шээсний замын халдвар юм.
Бөөрний өгсөх замын халдварыг эмчийн хяналтад сайн эмчлэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бөөрийг хүнд гэмтээж, цусны урсгалаар бактери тархах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсдэг.
Бөөрний халдварыг антибиотикоор эмчлэх бөгөөд ихэвчлэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог.
Шалтгаан
Ихэнх тохиолдолд шээсний сувгаар бактери орж, шээлэйгээр дамжин бөөр халдвар үүснэ. Ховор тохиолдолд бөөрний хагалгааны дараа бөөрний халдвар үүсдэг.
- Давсгаа бүрэн суллахгүй байх – Бөөрний чулуу зэрэг янз бүрийн өвчний улмаас давсгаа бүрэн суллаж чадахгүй байх нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг.
- Дархлаа сулрах – Чихрийн шижин, ДОХ зэрэг дархлаа сулруулдаг өвчин туссан бол халдвар авах магадлалтай.
- Давсагны ойролцоох шөрмөс гэмтэх – Нугас гэмтсэн эсвэл давсагны ойролцоох шөрмөс гэмтсэн бол халдвар авах магадлал өндөр байна.
- Шээсний катетер буюу гуурс – Янз бүрийн шалтгааны улмаас катетераар шээсийг гадагшлуулдаг бол халдвар авах магадлалтай.
- Шээс буцаж дээшлэх өвчтэй байх зэрэг орно.
- Эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох – Эмэгтэй хүний шээсний суваг нь эрэгтэй хүнийшээсний сувгаас богино байдаг учраас бөөрний халдвар илүү авдаг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд уг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна.
Шинж тэмдэг
- Халуурах
- Нуруу өвдөх
- Хэвлийгээр өвдөх
- Ойр ойрхон бие засах
- Огцом бие засмаар санагдах
- Шээхэд өвдөх
- Цустай шээх
- Шээсэнд цагаан тунадас ажиглагдах
- Хурц үнэртэй бие засах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв дээрх шинж тэмдгээс санаа зовоосон шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандах шаардлагатай. Мөн эмчилгээ хийлгэж байгаа боловч дээрдэхгүй байвал дахин эмчид хандаарай. Бөөрний халдвар нь амь насанд халтай өвчин тул цустай шээх, толгой эргэх, бөөлжих шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандана уу.
Хүндрэлүүд
- Бөөрийг янз бүрийн шалтгааны улмаас хүнд гэмтээх (улмаар бөөрний архаг өвчтэй болох)
- Цус хордох – Бөөр нь цусыг цэвэршүүлэх үүргээ алдаж цус хордох
- Жирэмсний үеийн хүндрэлүүд – Бөөрний халдвар авсан жирэмсэн эмэгтэй жин багатай хүүхэд төрүүлэх магадлал өндөртэй байдаг.
Урьдчилан сэргийлэлт
Ихэвчлэн эмэгтэйчүүд халдвар авах хандлагатай байдаг тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Дараах байдлаар бөөрний халдвар авахаас сэргийлэх боломжтой:
- Их хэмжээний шингэн уух (Өдөрт 6-8 аяга шингэн уух)
- Бие засахыг хүссэн үедээ бие засч байх (Шээсээ барихгүй байх)
- Бэлгийн хавьтлын өмнө болон дараагаар бие засас
- Бие зассаны дараа урдаас хойш чиглэлээр бэлэг эрхтнээ арчиж байх
- Бэлэг эрхтний ойролцоо элдэв гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхгүй байх арга хэмжээг авна.
Зөвлөгөө
Бөөрний өгсөх замын халдварын эмчилгээ хийлгэж байгаа үед өвчин намдаах зорилгоор дараах арга хэмжээг авдаг.
- Халуун жин тавих – Хэвлий, нуруу хэсгээр халуун жин тавьж өвдөлтийг намдаана.
- Өвчин намдаах эм уух – Эмчийн заавраар бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй өвчин намдаагч ууж болно.
- Ус уух – Шээсний сувгаас бактерийг зайлуулахын тулд ойр ойрхон ус уух хэрэгтэй. Бактери бүрэн устахаас өмнө кофе, алкоголь хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
- Тарвас
- Нэрс
- Гүзээлзгэнэ
- Хад
- Алим
- Сармис
- Сонгино
- Тэхийн шээг
- Оливын тос зэргийг хүнсэнд тогтмол хэрэглэх нь бөөрний халдварыг хурдан эдгээхэд тус болно.
Эмчилгээ
Бөөрний өгсөх замын халдварыг эмчлэхэд антибиотик нэн чухал. Шээсний шинжилгээгээр ямар төрлийн бактери илэрснээс шалтгаалан өөр өөр эм хэрэглэдэг. Эмчилгээ эхэлснээс хэд хоногийн дараа шинж тэмдгүүд арилж эхлэх бөгөөд дахин халдвар авахгүйн тулд эмчийн зааврын дагуу антибиотикийг бүрэн ууж дуусгах хэрэгтэй.
Бөөрний үрэвсэл хүндэрсэн үед эмнэлэгт хэвтэх шаардлагатай Эмнэлэгт хэвтэх хугацаанд антибиотикийг дусал хэлбэрээр залгадаг бөгөөд хэр хүндэрснээс шалтгаалан хэвтэх хугацаа янз бүр байдаг. Эмчилгээ дутуу хийгдсэнээс, антибиотикийг заасан хугацаанд уугаагүй бол дахин халдварлах тохиолдол бий. Бусад шалтгааны улмаар үүдэн дахин халдвар авсан бол суурь шалтгааныг эмчлэх шаардлагатай.