Сальмонеллёз
Сальмонеллёз нь энтеробактерийн бүлгийн Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгддэг хоолны хордлого хэлбэрээр илэрдэг, ходоод нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм.
Сальмонеллёзын халдварын эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгч, гэрийн тэжээвэр амьтад, муур, нохой, гахай, шувуу зэрэг болно.
Халдвар халдварлагдсан сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, тахианы махаар дамждаг.
Өвчилсөн хүн халдвар авснаас хойш хэдэн 7 хоног хүртэл халдвар тараах эрсдэлтэй байна. Уг халдварт өвчин зун, намрын улиралд ихэсдэг.
Шалтгаан
Сальмонелла агуулсан өтгөнөөр бохирлогдсон хоол хүнс хэрэглэснээр өвчилдөг. Энэхүү бактери нь хүн амьтан болон шувууны хоол боловсруулах замд амьдран өсч үрждэг байна.
Гол төлөв доорх хүнс халдвартай байдаг. Үүнд:
Түүхий мах, тахиа шувууны мах, далайн хүнс: Мал болон шувууг нядалж бэлтгэх явцад мах бохирдсон байх магадлалтай. Харин бохирдсон устай нуур цөөрөм, далайн загас болон бусад амьтад бүгд халдварлагдсан байх бөгөөд нян тээгч болж байдаг.
Түүхий өндөг: Өндөгний хальс нь өндгийг хамгаалдаг хэдий ч халдвар авсан тахианы өндөг үүсэх явцдаа сальмонелла бактерийг дотроо агуулж бүрэлддэг.
Жимс хүнсний ногоо: Гар дээрээс худалдан авч шууд хэрэглэх нь өвчний халдвар авах эрсдэлтэй.
Эрсдэлт хүчин зүйлс
- Нас. Бага насны хүүхэд болон ахмад настанд дархлаа систем сул байдаг тул илүү өртөмтгий.
- Олон улсын аялал. Ялангуяа хөгжиж буй орнуудад халдварын тархалт илүү их байдаг.
- Ходоод болон гэдэсний үйл ажиллагааны алдагдал. Хүн бие организм бактерийн эсрэг олон аргаар тулалддаг. Жишээ нь, ходоодны хүчил нь амаар залгигдаж орж ирсэн олон тооны нян бактерийг устгах чадвартай. Зарим нэг эмийн бодис /хүчил бууруулдаг эм/ хэрэглэх, архаг өвчин нь ходоодны хүчлийг багасгаж нян цааш дамжих таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны мэс засал
- Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин
- Өргөн хүрээний антибиотик удаан хугацаагаар хэрэглэх
- Дархлалын системийн асуудалтай бол
Шинж тэмдэг
Өвчилсөн үед өндөр халуурах, гэдэс мушгих, үнэр ихтэй усархаг суулгах зэрэг зовиурууд илэрдэг. Өвчний шинж тэмдэг 2-7 хоног эсвэл тэрнээс ч олон хоног, суулгалт нь 10-аас дээш хоног үргэлжилж болно. Зарим хүмүүс ямар нэг эмчилгээгүйгээр эдгэрэх тохиолдол ч бий. Харин усархаг суулгалт нь шингэний дутагдалд оруулах бөгөөд энэ үед заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.
Халдвар авсан хүмүүсийн 1% нь нэг жил хүртэл хугацаагаар нянг өтгөнөөрөө ялгаруулсаар байдаг.
Доор дурдсан шинж тэмдэг нийтлэг илэрдэг. Үүнд:
- Дотор муухай оргих
- Бөөлжих
- Хэвлийгээр мушгиж базалж өвдөх
- Үнэр ихтэй, усархаг суулгах
- Өндөр халуурах
- Жихүүдэс хүрэх
- Толгой өвдөх
- Цустай баах
Эмчилгээ
Уг өвчнөөс үүдсэн хүндрэлийг арилгах нь эмчилгээний гол зарчим юм. Нэн түрүүнд суулгалтаас үүссэн шингэний дутагдлыг нөхөх шаардлагатай. Өндөр настан эсвэл бага насны хүүхдүүд, дархлалын эмгэгтэй хүмүүст өргөн хүрээний өндөр үр дүнтэй антибиотикийг сонгон хэрэглэдэг.
Хүндрэл
Сальмонеллёз нь амь насанд аюулгүй хэдий ч зарим хүмүүст буюу нялхас, ахмад настан, эрхтэн шилжүүлэн суулгасан, жирэмсэн эмэгтэй, дархлаа системийн өөрчлөлттэй хүмүүст хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Дараах хүндрэлүүд үүсч болно. Үүнд:
Шингэний дутагдал: Байнгын ойр ойрхон усархаг суулгах үед хангалттай хэмжээний шингэн уухгүйгээс болж биеийн шингэний алдагдлыг нөхөж чадахгүйд хүрдэг.
Шингэний дутагдалд орсныг илтгэх шинжүүд:
- Шээсний гарц багасах
- Ам болон хэл хуурайших
- Нүд хонхойх
- Нулимсны үүсэлт буурах
Цусан үжил: Хэрвээ сальмонелла бактери цусны урсгал руу нэвтэрч орсон бол биеийн бүх эд эсэд очин халдварлаж өвчлүүлдэг. Жишээлбэл:
- Тархины идээт үрэвсэл
- Зүрхний дотор байрлах хавхлагын үрэвсэл
- Ясны идээт үрэвсэл
- Судасны хананд байрлаж үрэвсүүлэх
- Үений дахилтат идээт үрэвсэл.
Урьдчилан сэргийлэлт
- Хувийн ариун цэврийг чанд сахих
- Гараа тогтмол угааж хэвших
- Түүхий эсвэл дутуу болгосон өндөг идэхгүй байх. Гэрийн эсвэл гар аргаар хийсэн майонез, түүхий өндөг орцонд нь ордог бүх төрлийн бэлэн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах.
- Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
- Түүхий эсвэл ариутгаагүй сүү сүүн бүтээгдэхүүнээс татгалзах
- Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
- Гэрийн тэжээвэр амьтан тэжээхгүй байх, эсвэл ариун цэврийг хангах
- Хэрэв сальмонеллёзоор өвчилсөн бол бусдад хоол хүнс бэлдэх болон урсгал усанд орох зэргийг хориглоорой.
Зөвлөгөө
Халдварын улмаас суулгах үед бие хэрэгтэй чухал элементүүдээ шингэний хамт алддаг. Тиймээс суулгалт бүрийн дараа шингэн сэлбэх давсны уусмал уух хэрэгтэй. Мөн дараах арга хэмжээг аваарай.
- Хуурсан хайрсан хоол хүнс хэрэглэхгүй байх,
- Амин дэмээр баялаг тэжээллэг хоолыг ойр ойрхон бага багаар идэх. Өдөрт дор хаяж 3 удаа хооллох,
- Суулгалт бүрийн дараа хорсол бага багаар шимж уух хэрэгтэй.
Хүүхэд, насанд хүрэгсэд усархаг суулгах, хэвлийгээр базалж өвдөх, хүүхэд байнга тавгүйтэж уйлах, өндөр халуурах, хоолонд дургүй болбол ХӨСҮТ-ийн хүлээн авахад очиж эмчид үзүүлэх шаардлагатай.